Э.Батшугар: Сансарт хөөргөх үндэсний хиймэл дагуулыг Старлинкийн интернэттэй харьцуулах хэрэггүй. Энэ бол мэдээллийн тусгаар тогтнолыг баталгаажуулсан ажил

Э.Батшугар: Сансарт хөөргөх үндэсний хиймэл дагуулыг Старлинкийн интернэттэй харьцуулах хэрэггүй. Энэ бол мэдээллийн тусгаар тогтнолыг баталгаажуулсан ажил

Засгийн газрын 2012 оны 1237 дугаар тогтоолоор манай улс “Үндэсний хиймэл дагуул” хөтөлбөртэй болж байв.

ВИДЕО: 

Тэгвэл өнгөрсөн оны аравдугаар сард Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Франц Улсад айлчилж, энэ үеэр үндэсний хиймэл дагуулыг үйлдвэрлэж, ашиглах гэрээ боловсруулж, бэлтгэх тухай “Харилцан ойлголцлын санамж бичиг”-т тухайн үед Цахим хөгжил, харилцаа холбооны сайдаар ажиллаж байсан Н.Учрал болон Францын “Талес Алейна Спэйс” компанийн гүйцэтгэх захирал Эрвэ Дэррэй нар гарын үсэг зурсан. Үндэсний хиймэл дагуултай болж, харилцаа холбооны бие даасан байдлаа бататгах үе, үеийнхний хүсэл зорилго бодит ажил болох эхлэл ийнхүү тавигдсан юм.

Энэ бол дэлхийн томоохон үйлдвэрлэгч “Талес Алейна Спэйс” компанид 100 хувь тоон технологид суурилсан “Чингис сат” үндэсний хиймэл дагуул бүтээж Монголд хуваарилагдсан 113.6E тойрог замд хөөргөх ажил юм.

Францын Засгийн газрын 15 жилийн 100 хувийн хөнгөлөлттэй зээлээр хэрэгжүүлэх энэхүү төсөлд шаардлагатай 15 хувийн барьцаа буюу 120 гаруй тэрбум төгрөгийг 2025 оны төсөвт суулгах асуудлыг УИХ-аар хэлэлцэж байна. Энэ төсөл нь 2024-2028 онд хэрэгжих Засгийн газрын мөрийн хөтөлбөрт суугдсан 14 мега төслийн нэг бөгөөд тус хөтөлбөрийг УИХ-ын чуулганаар хэлэлцэж, ажлын хэсэг байгуулан ажиллаж буй нь энэ юм.  Эл асуудалтай холбогдуулан зарим УИХ-ын гишүүд "Хэт үнэтэй байна, 830 тэрбумаар хиймэл дагуул хөөргөхийн оронд цахилгаан станцаа барь" зэргээр шүүмжилж буй. Тухайлбал, УИХ-ын гишүүн Ч.Анар “Үндэсний хиймэл дагуултай болохыг 100 хувь дэмжиж байгаа. Гэхдээ зорилго нь аргаа зөвтгөхгүй. Нэгд, үнэтэй байна. Яг энэ зорилгод бол төсөвт өртөг 120-140 байх боломжтой. Хоёрт, та бүхнийг мэдээллээр буруу хангаад байна. Би мэргэжлийн хүний хувьд санаа зовоод байна. 260 мянган малчныг бэлчээр дээрээсээ ярьдаг болгоно гээд байна. Өртөг өндөртэй.Улсын нууц байхгүй бол мэргэжлийн хүмүүсийг ажлын багтаа оруулаач ээ” гэсэн юм. Харин Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яамнаас

  • Харилцаа холбооны бие даасан системтэй болж, үндэсний аюулгүй байдлаа баталгаажуулна.
  • Монгол орны хаанаас ч интернэтэд холбогдох, мэдээллийн технологийн үйлчилгээ шууд авах боломж нээгдэнэ.
  • 250 мянган малчин өрх E-Mongolia, E-сургууль, E-эмнэлэг гэх мэт үйлчилгээ авах боломжтой болно.
  • ААН байгууллагуудын хэрэгцээ шаардлагыг хангасан үйлчилгээ нэвтрүүлж, бизнес үйл ажиллагааг дэмжинэ.
  • Шилэн кабель шинээр татаж интернэтийн үйлчилгээ үзүүлэх 29 их наяд төгрөг хэмнэнэ.
  • 5G, IoT зэрэг шинэ технологиудын нэвтрэлтийг дэмжиж, аж үйлдвэр хөдөө аж ахуйн салбарт эерэг нөлөө үзүүлнэ.
  • Иргэдээ болзошгүй гамшиг, эрсдэлээс сэргийлэх, авран хамгаалах боломж нэмэгдэх зэрэг олон талын ач холбогдолтой" хэмээн тайлбарлаж байгаа юм. 

-ФРАНЦТАЙ ХАМТРАХ НЬ ХАМГИЙН ЗӨВ-

Тэгвэл бид эл асуудлаар УИХ-ын гишүүн Э.Батшугартай ярилцаа.

-Манай Улс Францтай хамтран сансарт үндэсний хиймэл дагуул хөөргөх ажлыг эхлүүлэх гэж байна. Уг асуудлыг УИХ-аар хэлэлцэх шатанд шүүмжилж буй олон гишүүн байна. Ер нь үндэсний хиймэл дагуул бидэнд хэрэгтэй юу. Та энэ салбарын мэдээлэлтэй хүний хувьд бодит мэдээллийг өгөөч? 

-Мэдээлэл технологийн салбар маш эрчимтэй хөгжиж, хиймэл оюун ухаан, блокчэйн, 5G гэх мэт олон төслүүд яригдаж байна.

Гэхдээ үндэсний хиймэл дагуултай болох нь яалт ч үгүй манай улсын үндэсний аюулгүй байдалтай холбоотой асуудал. Өөрөөр хэлбэл, Монгол Улсын Тусгаар тогтнолыг баталгаажуулах ажил юм. 

Хүмүүс Старлинктэй их андуурч байна. Старлинк бол дэлхийгээс 600 км-ийн цаана эргэлдэж буй хиймэл дагуулууд юм. Байнга дэлхийн тойрогт эргэлдэж буй дагуулууд бөгөөд түүнтэй холбогдож интернэт авч байгаа. Гэхдээ Старлинкийн удирдах станц болон бүх мэдээлэл нь Америкт байна. Харин бидний яриад буй "Чингис сат"-ыг  НҮБ-аас Монгол Улсад өгсөн сансрын зурвас буюу дэлхийгээс 36 мянган км-ийн цаана хөөргөх гэж байгаа юм. Дэлхийг дагаад эргэх том хиймэл дагуул юм. Үндэсний хиймэл дагуултай болсноор манай мэдээлэл технологийн салбарын тусгаар тогтнол баталгаажих юм. Бид хойд талаасаа ОХУ-тай, урд талаасаа БНХАУ-тай шилэн кабелиар холбогдсон. Хэрвээ энэ шилэн кабель тасарвал Монгол Улс шууд харанхуй болно. Ямар ч мэдээлэлгүй, банкны гүйлгээгүй,  интернэртгүй болох юм. Үүнээс хамгаалж бид үндэсний хиймэл дагуултай болох ёстой юм. 

-Одоо бидэнтэй хамтрах гэж буй Францын “Талес Алейна Спэйс” компани нь хиймэл дагуул хөөргөдөг дэлхийн цөөн компаниудын нэг юм билээ. Уг төсөлд Францтай хамтрах нь геополитикийн хувьд ч хамгийн зөв гэж харж байгаа. Та үүнд ямар байр суурийг илэрхийлэх вэ? 

-Мэдээж тийм. Францын “Талес Алейна Спэйс” нь Италитай хамтарсан Европын холбооны том компани. Маш олон хиймэл дагуулыг өндөр технологит суурилж хийсэн туршлагатай. Ер нь хамгийн алдартай компаниудын нэг. Бид Элон Маскийн "Space X" компанийг мэднэ. Гэхдээ үүнээс ч илүү олон жилийн туршлагатай, өмнө нь эрэмбэлэгддэг компани юм. Хиймэл дагуул хийдэг өөр орон цөөхөн. Тухайлбал, Францаас гадна, Америк, Япон, Энэтхэг, Орос, Хятадад хийж байна. Хамгийн найдвартай буюу гуравдахь хөршийн бодлогыг баталгаажуулсан компани нь Францын  “Талес Алейна Спэйс” юм. Өөрөөр хэлбэл, бид хамгийн зөв газартайгаа хамтрах гэж байна. Гол нь Франц улс нь хиймэл дагуулаа удирдах төвийг Монголд барьж өгнө. Мөн хүний нөөцийг нь бэлтгэж, хиймэл дагуулыг нь үйлдвэрлэж бүр сансар хөөргөж өгье гэж байгаа. Бүх ажлыг нь нэг дор хийж өгөхөөрөө онцлогтой.  

-Хиймэл дагуултай болох талаар олон нийт төдийлөн сайн ойлголтгүй байх шиг байгаа юм. Тэд хэрэглээнд нь яаж буух талаар бодож байна. Тэгвэл бид үндэсний хиймэл дагуултай болсноор 1500 км-ийн цаадах малчны хотонд яаж мэдэгдэх юм бэ?

-Хилийн багануудад мэдрэгч тавиад интернэттэй холбоход ямар нэгэн хилийн зөрчил гарахад шууд мэдээлэл өгнө. Тэртээ, тэргүй Монгол Улс өнөөдөр "Korea Sat" зэрэгт жилдээ 9 сая долларын түрээс төлж байна. Энэ төлбөр жилээс жилд өснө. Учир нь бидний хэрэглээ өсөөд байна шүү дээ. Тэгэхээр Үндэсний хиймэл дагуултай болсноор бид аюулгүй байдлаа баталгаажуулахаас гадна долларын урсгалаа Монголдоо үлдээж байна. Мөн энэ хиймэл дагуулаа бусад улс оронд түрээсэлж болно. Жишээлбэл, Индонези улс  бусад улс орноос түрээслэдэг. Хамгийн сүүлд нь хэлэхэд, бид өөрсдөө сансрын салбартай болохын тулд мэргэжилтнүүдийг бэлдэх гэж байна. Хөдөөгийн малчин айлд интернэт өгөөд тухайн айл нь цааш дамжуулж түгээх зарчмаар интернетээр хангагдана. Энэ бол Монгол Улсыг тэр чигт нь интернетээр хангах ажил. Нэг ёсондоо одоо байгаа шилэн кабелийг орлуулна гэж ойлгож болох юм. Шилэн кабель болон хиймэл дагуул хоёроо зэрэг ашигласнаар мэдээлэл технологийн салбарын нөөц нэмэгдэнэ гэсэн үг. Бид бусад улсыг хараад суух биш боломжоо ашиглан энэхүү ажлыг хийхгүй бол ирээдүйд харамсах болно.

-Мэргэжилтнүүдээ мөн Францтай хамтраад бэлтгэх үү?

-Монгол Улсад хиймэл дагуулуудаа удирддаг төв баригдана. Ингэхээр монголчууд Монгол Улсаас хиймэл дагуулаа удирдаж, мэдээллийг нь аваад сууж авдаг бололцоо нээгдэх нь. Энэ нь маш чухал бөгөөд цоо шинэ шинжлэх ухааны салбарыг хөгжүүлж эхлэх гэж байна шүү дээ. "Чингис Сат" хиймэл дагуул нь Монгол Улсыг бүрэн хангах хүчин чадалтайн дээр илүү гарсан нөөцийг нь бусад улсад  түрээслэх боломжтой. Үнийн хувьд үүнээс өөр хаана хямд хийх юм. Хамгийн чухал нь хиймэл дагуулыг хөөргөхөд пуужин хэрэгтэй. Франц энэ пуужинг ч хийгээд өгье гэж байгаа шүү дээ. Ганц хиймэл дагуулаа үйлдвэрлээд зогсох юм биш. 

-Ярилцсанд баярлалаа.