Наадамд "гологдсон" морьдыг 18 нас хүрсэн хүн унаж уралдаж болох "Бооцоот морин уралдааны тухай" хуулийг П.Сайнзориг нарын гишүүд санаачилжээ

Наадамд "гологдсон" морьдыг 18 нас хүрсэн хүн унаж уралдаж болох "Бооцоот морин уралдааны тухай" хуулийг П.Сайнзориг нарын гишүүд санаачилжээ

УИХ-ын гишүүн П.Сайнзориг, Н.Алтаншагай нар "Бооцоот морин уралдааны тухай", "Бооцоот таавар, хонжворт сугалааны тухай" хуулийг боловсруулж байгаа аж. Эдгээр хуулиудыг ЭНД дарж унших. 

Хууль санаачлагчид эдгээр хуулийг санаачлах болсон шалтгаанаа " 2022 онд 286.0 мянга, 2023 онд 651.0 мянга жуулчин ирсэн байна. Монгол Улсад ирсэн нийт жуулчдын 70 орчим хувь нь II, III дугаар улиралд буюу 4 дүгээр сараас 9 дүгээр сарын хооронд ирсэн байна. Ялангуяа 7 дугаар сард Монгол Улсад зочлох жуулчдын тоо харьцангуй нэмэгддэг буюу ойролцоогоор 100 орчим мянган жуулчин ирдгээс дийлэнх жуулчин Улаанбаатар хотод болон орон нутагт очиж баяр наадам үздэг байна. Мөн жил бүр 10 мянга орчим жуулчин наадмын нээлт үзэхээр захиалга өгдөг байна. Эдгээр тоон мэдээллээс үзэхэд Монгол Улсад ирж буй жуулчдын дийлэнх нь монголын соёлын өв болох монгол наадам үндэсний бөхийн барилдаан, хурдан морины уралдаан, сур харваа үзэхээр Монгол Улсыг зорин ирдэг бөгөөд нөгөөтээгүүр манай орны эрс тэс цаг агаарын байдал болон өвлийн аялал жуулчлал хөгжөөгүй зэрэг нь өвлийн улиралд ирэх жуулчдын тоог бага байхад нөлөөлдөг байна. Мөн хурдан морины сэрвээний өндрийн дээд хэмжээг тогтоож, Үндэсний их баяр наадам, шигшмэл хурдан морьдын “Их Хурд” уралдаан болон хурдан морины бүсийн уралдаан, аймаг, сумдын хурдан морины уралдаан зохион байгуулахад тус стандартыг мөрдөхөөр заасан ч маргаан дагуулсаар байна.

Иймд дээр дурдсан бодлогын баримт бичигт туссан зорилтыг хэрэгжүүлэх, унаач хүүхдийн эрхийг зөрчихгүйгээр өв соёл, түүхэн уламжлалаа тээж үлдэх, соёл, уламжлалаараа жуулчдыг татах шаардлага байгаагаас гадна хурдан морь эзэмшигч, уяачдад аль ч улиралд морио уралдуулах, Үндэсний баяр наадамд уралдуулж чаддаггүй морио уралдуулах бололцоог бий болгох, олон улсын жишигт нийцсэн морин тойруулга байгуулж, бооцоот морин уралдаан зохион байгуулах эрх зүйн орчныг бий болгох зайлшгүй шаардлага үүссэн гэж үзэж байна"гэжээ.

Хуулийн төслийн зорилго, бүтэц, зохицуулах харилцаа, хамрах хүрээ

Бооцоот морин уралдааны эрх зүйн орчныг бий болгох зорилгоор анхдагч хуулийн төсөл боловсруулна. Эдийн засгийн үр өгөөжийг нэмэгдүүлэх, үндэний өв соёлыг түгээн дэлгэрүүлэх, аялал жуулчлалыг хөгжүүлэх хүрээнд Монгол Улсын нутаг дэвсгэрт бооцоот морин уралдааны үйл ажиллагаа эрхлэх этгээдийг байгуулах, түүний чиг үүрэг, зохион байгуулалтын эрх зүйн үндсийг бүрдүүлэх, уралдаан зохион байгуулагчид тавигдах шаардлага, хориглох үйл ажиллагааг тогтоож, түүнд хяналт тавихтай холбогдсон харилцааг зохицуулна.

Мөн бооцоот морин уралдааны харилцаанд оролцох бусад этгээдүүд буюу бооцоо тавьж оролцогч, морин уралдааны унаач, уяачдын эрх зүйн байдлыг тодорхойлно. Тухайлбал унаач нь морь унах, уралдуулах чадвар, дадлыг эзэмшиж, бооцоот морин уралдааны унаачийн эрх авсан, 18 насанд хүрсэн этгээд байх бол уяач нь морин тойруулгын гишүүн байхаар зааж, морин тойруулгын дүрмийн дагуу өөрийн өмчлөлийн морийг уралдаанд оролцуулах зохицуулалтыг тусгана. Түүнчлэн бооцоот морин уралдаан зохион байгуулагчийн төлөх татварын төрөл, хувь хэмжээг тогтоож, төвлөрүүлсэн татварын орлогын зохих хувийг бэлчээрийн зохистой ашиглалт, нөхөн сэргээх ажиллагаа, болон соёлын өвийг хамгаалах, сэргээн засварлахад ажиллагаанд тус тус зарцуулахаар боловсруулна.

Мөрийтэй тоглоомын үйл ажиллагаанд төрийн зүгээс тавих хяналтыг хэрэгжүүлэх, зохицуулах чиг үүрэг бүхий Зөвлөлийн бооцоот уралдааны үйл ажиллагаатай холбоотойгоор хэрэгжүүлэх чиг үүргийг нарийвчлан тусгана.

Хуулийн төсөл батлагдсаны дараа үүсэж болох нийгэм, эдийн засаг, хууль зүйн үр дагавар

Хуулийн төсөл батлагдсанаар дараах эерэг үр дагавар бий болно гэж үзэж байна;

-Улсын төсөвт төвлөрөх татварын орлого нэмэгдэх, мөн татварын орлогын зарим хэсгийг нийгэм, соёлын үйл ажиллагаанд зарцуулах;

-Морины эзэн, уяачид Үндэсний их баяр наадам, бүсийн хурдан морины уралдаанаас гадна бусад улиралд морио уралдуулах, орлого олох, мөн морины уралдааныг олон ангиллаар зохион байгуулах боломжтой болох тул хурдан морины уралдаанд уралдуулж чаддаггүй эрлийз адуугаа бооцоот морин уралдаанд уралдуулах боломжтой болно;

-Бооцоот морин уралдааны унаач нь зөвхөн 18 насанд хүрсэн хүн байх тул хүүхдийн эрхийг зөрчсөн тухай асуудал яригдахгүй бөгөөд моринд гарамгай хүмүүс шинээр ажлын байртай болох боломжтой;

-Бооцоо тавьж оролцогч нь 18 насанд хүрсэн хүн байх буюу Монгол Улсын, эсхүл гадаадын иргэн байх боломжтой. Морин спортыг олон нийтэд сурталчлах, хөгжүүлэх, морь шинжиж мэддэг хүмүүс бооцоо тавих зэргээр чөлөөт цагаа сонирхолтой өнгөрүүлэх боломжтой болно;

-Уралдаан үзэгч нь бүсийн болон улсын хурдан морины уралдаангүй цагт ч морин уралдааныг морин тойруулгад очиж, эсхүл өргөн нэвтрүүлгээр дамжуулан үзэж сонирхох боломжтой болох бөгөөд дотоодын иргэд чөлөөт цагаа өнгөрүүлэх, гадаадын жуулчид зорьж очих газар нэмэгдэх зэрэг ач холбогдолтой байна.

Хуулийн төслийг батлахтай холбогдуулан цаашид шинээр боловсруулах, нэмэлт, өөрчлөлт оруулах хууль тогтоомжийн талаар

Хуулийн төслийг Монгол Улсын Үндсэн хууль, Монгол Улсын нэгдэн орсон олон улсын гэрээ, конвенц болон бусад хууль тогтоомжид нийцүүлэн боловсруулна. Хуулийн төслийг Бооцоот таавар, хонжворт сугалааны тухай хуулийн төсөлтэй уялдуулан боловсруулах бөгөөд Зөрчлийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, Төр, хувийн хэвшлийн түншлэлийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, Бооцоот морин уралдааны тухай хуулийн дагаж мөрдөх журмын тухай хуулийн төслийг дагалдуулан боловсруулна хэмээн танилцуулгадаа бичжээ.