Н.Учрал: ChinggesSat хэмээх хиймэл дагуулыг сансарт хөөргөж, Монгол орныг бүхэлд нь интернэтээр хангана

Н.Учрал: ChinggesSat хэмээх хиймэл дагуулыг сансарт хөөргөж, Монгол орныг бүхэлд нь интернэтээр хангана

Хамтарсан Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт туссан дэд бүтэц, бүтээн байгуулалтын 14 мега төслийн нэг “Харилцаа холбооны үндэсний хиймэл дагуул” төслийг Засгийн газрын хуралдаанд танилцууллаа. Танилцуулгатай холбогдуулан тус төслийг Үндэсний Аюулгүй байдлын зөвлөлд танилцуулахыг Сансрын бодлогын үндэсний зөвлөлийн дарга, Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Н.Учралд, төслийн бэлтгэл ажлыг хангах, хэрэгжилтийг хариуцан хянаж ажиллах чиг үүрэг бүхий Кибер аюулгүй байдлын үндэсний зөвлөлийн Ажлын албанд хариуцуулах, төслийг хэрэгжүүлэхэд  мэргэжил арга зүйн дэмжлэг үзүүлж ажиллахыг Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Ц.Баатархүүд даалгажээ.

Хиймэл дагуул хөөргөснөөр Монгол Улсын газар нутгийг бүрэн хамарсан, орон зайн ялгаваргүй харилцаа холбооны бие даасан сүлжээ үүсгэж интернэт суурьтай бүх төрлийн харилцаа холбооны үйлчилгээг бүх иргэн, аж ахуйн нэгжид үзүүлэх боломж бүрдэнэ. Түүнчлэн зөвхөн шилэн кабелийн сүлжээнээс хамаарсан интернэтийн гарцын эрсдэлийг бууруулах, онцгой байдлын үед байнгын харилцаа холбоотой байх, гамшиг ослын эрсдэлийг бууруулах, хот хөдөөгийн иргэдийн тоон ялгааг арилгах, хөдөө, орон нутгийн иргэд, малчдын болон хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд цахим сургалтад хамрагдах боломж олгоно үзэж байна.

Улсын хэмжээнд аймаг, сумын төвүүдийг өндөр хурдны шилэн кабелийн сүлжээгээр холбох ажил эрчимтэй хийгдсэн боловч 2023 оны байдлаар хүн амьдрах боломжтой нийт газар нутгийн 23.8 хувь нь газрын болон үүрэн холбооны сүлжээ нэвтэрсэн ба үлдсэн газар нутаг нь ямар нэг сүлжээнд холбогдоогүй байна.

Энэ талаар ЗГХЭГ-ын дарга Н.Учрал " Өнгөрсөн жил 150 баг дээр шилэн кабелын интернэт оруулъя гээд тендер зарлахад компаниуд оролцохгүй байв. Иймд харилцаа холбооны шинэ төрлийн дэд бүтэц эрэлхийлэх нь зайлшгүй тул Үндэсний хиймэл дагуулыг 36,000 километрын өндөрт хөөргөж чадвал бид цаашид улс орныхоо хаанаас ч интернэтэд холбогдох боломж бүрдэнэ. ДДиш, Монсат зэрэг компаниуд гаднын хиймэл дагуулд жилд 9.2 сая ам.долларын төлбөр төлдөг. Энэ тоо жил ирэх тусам өсөж байна. Хэрэв үндэсний хиймэл дагуултай болчихвол гаднын хиймэл дагуулд төлж байгаа төлбөрийг үндэснийхдээ өгнө гэсэн үг.

Өмнө нь хөөргөж байсан Мазаалай, ONDOSAT-ын OWL1, 2 зэрэг хиймэл дагуул нь зөвхөн тандан судалгааных байжээ. 36,000 км-ын өндөрт хөөргөх үндэсний хиймэл дагуул нь ойролцоогоор 3,500 кг орчим жинтэй, 15-18 жил сансарт байрлуулах төлөвлөгдөж буй юм. Мөн газрын дөрвөн станц байгуулж, 16 зооноор Монгол Улсын нутаг дэвсгэрийг интернэтийн сүлжээгээр хангах юм байна. ChinggesSat хэмээх манай улсын үндэсний хиймэл дагуулыг Италийн оролцоотой, Францын төрийн өмчийн "Thales Alenia" компани нь бүтээх бөгөөд өмнө нь 30 гаруй хиймэл дагуул бүтээсэн туршлагатай юм байна.

Thales Alenia ТЭЗҮ-дээ газрын дөрвөн станц байгуулахаар тусгасан. Орбитод байдаг Наран станц төв удирдлага нь байх бөгөөд Дорнод, Баян-Өлгий, Дархан-Уул аймагт байгуулснаар хиймэл дагуулаа өөрсдөө удирдах боломжтой болно.

Хиймэл дагуул хөөргөснөөр

  • Гамшиг ослоос шалтгаалж амиа алдаж хүмүүсийн тоог 30 хувь бууруулна
  • Агаарын бохирдлыг хэмжинэ
  • Цаг агаарын урьдчилан сэргийлэх бүх талын мэдээллийг авна
  • Зудын гамшиг 10 хувь буурна
  • Ой хээрийн түймэр 10 хувь багасна
  • Алслагдсан бүс нутгийн эрүүл мэндийн зардал 10 хувь буурна
  • Боловсролын ялгаа 50 хувиар багасна гэж үзэж байна.

2027 онд хиймэл дагуулаа бүтээж дуусгаад тээвэрлэн сансрын уудам орон зайд гаргахаар төлөвлөсөн. Өнгөрсөн хугацаанд Олон улсын цахилгаан холбооны байгууллагаас сансар дахь байршлыг гурван удаа баталгаажуулсан. Хамгийн сүүлд "Чингис" гэдэг байршлыг авсан" гэв.