Европын Холбоо “Тэрбум мод”, ”Ойн түншлэл”-ийн хүрээнд хамтын ажиллагааг улам эрчимжүүлэхээ нотолжээ

Европын Холбоо “Тэрбум мод”, ”Ойн түншлэл”-ийн хүрээнд хамтын ажиллагааг улам эрчимжүүлэхээ нотолжээ

2022 онд Египетийн Шарм Эль-Шейх хотноо болсон Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаарх дэлхийн удирдагчдын дээд түвшний уулзалтын үеэр  Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Европын Комиссын Ерөнхийлөгч Урсула фон дер Лайен нар “Ойн түншлэлийн тухай Монгол Улс болон Европын Холбоо хоорондын Харилцан ойлголцлын Санамж бичиг”-т гарын үсэг зурсан юм.

Ингэснээр манай улс Европын Холбооны ногоон санаачилгын нэг болох “Ойн түншлэл”-ийн яриа хэлэлцээнд оролцож байгаа Азийн анхдагч орон болж байлаа. “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн, “Ойн түншлэл”-ийн хүрээнд уур амьсгалын өөрчлөлт, цөлжилт, хөрсний доройтол зэргийн эсрэг улам эрчимтэй хамтран ажиллана гэдгээ Европын Холбоо нотоллоо.  

Европын Холбооноос манай улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ина Марчюлёните өчигдөр Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Итгэмжлэх жуух бичгээ өргөн барьсан байна. Энэ үеэр хөгжлийн урт хугацааны бодлого, төлөвлөгөөнд тусгасан нийтлэг зорилтуудын хүрээнд үр дүнтэй хамтрах, харилцааг улам өргөжүүлэх талаар санал солилцжээ.   Ялангуяа уур амьсгалын өөрчлөлт, цөлжилт, хөрсний доройтлын эсрэг “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн, Европын Холбооны “Ойн түншлэл”-ийн хүрээн дэх хамтын ажиллагааг улам эрчимжүүлэхээр ярилцсан байна. 

“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн, “Ойн түншлэл”-ийг уялдуулж ажлын байрыг мянга мянгаар нэмэгдүүлэх, үйлдвэрлэл бий болох, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх, гадаадын хөрөнгө оруулалтыг татах, ойн хамгаалалтын бүсийг нэмэгдүүлэх, цөлжилт, ойн хомсдол, доройтлыг бууруулах, биологийн төрөл, зүйлийг хамгаалах, эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэх, бэлчээрийн даацыг зохистой хэлбэрт оруулах зэрэг эерэг үр дүн гарна гэж талууд тооцоолж байгаа юм.