"Outlaw" хамтлаг "20 жилийн ойн тоглолт"-ын ашгаас хорин сая төгрөгийг зам тээврийн ажилд зориулна

"Outlaw" хамтлаг "20 жилийн ойн тоглолт"-ын ашгаас хорин сая төгрөгийг зам тээврийн ажилд зориулна

"Outlaw" хамтлаг 20 жилийн ойгоо тохиолдуулан “Зүрхэн тэнгэрийн наран” нэртэй тоглолтоо есдүгээр сарын 20-ны /2024.09.20/ өдөр HIT park-д зохион байгуулах гэж байна. Тус тоглолтын талаар өнөөдөр /2024.09.17/ зохион байгуулах комисс болон хамтлагийн гишүүд мэдээлэл хийлээ.

"Outlaw" хамтлагийн ахлагч Э.Ариун-Эрдэнэ, “20 жилийн ойн тоглолтын бэлтгэл ажил өнгөрсөн жил эхэлсэн. Тоглолтод дуулагдах гучин таван уран бүтээлээс гучин гурав нь хэдийнээ сонсогчдын хүртээл болсон, манай хамтлагийн хит уран бүтээлүүд байгаа. Мөн бид Япон улсын амьд хөгжмийн арваад хамтлагтай хамтран ажиллаж, уран бүтээлээ хүргэхээр бэлдээд байна” гэлээ. Тоглолтын ерөнхий найруулагч н.Оргил, “Зүрхэн тэнгэрийн наран” тоглолтод зориулж 200 гаруй спикерийг суурилуулсан бөгөөд бүх үзэгчдэд хүрч сонсогдоно. Мөн тайзанд дээшээ болон хоёр тал руу нь тус тус гурван метр талбай нэмж, үзэгдэх орчныг сайжруулах тал дээр ажилласан" гэв.

Дашрамд дурдахад, "Outlaw" хамтлагийн ойн тоглолтын зохион байгуулалтын хувьд тоглолт гэхээсээ илүү хамтлагийн төрсөн өдрийн цэнгүүн учир үзэгчидтэйгээ халуун дулаан уур амьсгалыг бүрдүүлэх бөгөөд үзэгч сонсогчдоосоо  цагтаа ирэхийг хүслээ. Мөн тус хамтлагийн зүгээс зам тээврийн осолд хүүхдүүд ихээр хохирч байгаа тул хотын захын дүүргүүдэд авто замын тэмдэг тэмдэглэгээ зэрэг асуудлуудад бодит дэмжлэг үзүүлэхийг хүссэн юм. Иймд нийгмийн хариуцлагын хүрээнд тоглолтын ашгаасаа хорин сая төгрөг замын ажилд хандивлах талаараа мэдээллээ.