"Авто машингүй өдрөөр суррон, мопед, скүүтерийг замын хөдөлгөөнд оролцуулахгүй"

"Авто машингүй өдрөөр суррон, мопед, скүүтерийг замын хөдөлгөөнд оролцуулахгүй"

 “Автомашингүй өдөр-2024″ арга хэмжээг энэ сарын 21-ний бямба гарагт зохион байгуулна. Зам тээврийн ослоос сэргийлэх, иргэдэд автомашинаас татгалзахыг уриалах зорилгоор энэ өдрийг манай улс 12 дахь жилдээ зохион байгуулж байна.

Түүнчлэн энэ өдрийг 46 улсын 2000 гаруй хот тэмдэглэн өнгөрүүлдэг билээ. Тэгвэл өнөөдөр /2024.09.17/ “Авто машингүй өдөр 2024” арга хэмжээг хэрхэн зохион байгуулах талаар мэдээлэл хийлээ. Энэ үеэр Нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга П.Эрхэмбулган, "“Авто машингүй өдөр 2024” арга хэмжээний нээлт ирэх бямба гарагт Сүхбаатарын талбайд болно. Тус арга хэмжээний үеэр урлаг спортын уралдаан тэмцээн болно. Мөн тодорхой тооны асрууд гарч, иргэдэд эрүүл мэндийн үнэ төлбөргүй зөвлөгөө мэдээлэл өгнө" гэлээ. 

Харин Тээврийн цагдаагийн албаны Замын хөдөлгөөний удирдлагын хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Б.Гомбосүрэн, "Ирэх Бямба гарагийн 07:00-18:00 цагийн хооронд СУИС-ийн уулзвар Хүнсний 4 дүгээр дэлгүүрийн уулзвар, Дарь-Эхийн уулзвар, Сансарын тунел, Зүүн дөрвөн зам, Бөхийн өргөө, Шангри Лагийн уулзвар, Монголын хүүхдийн ордны уулзвар, уулзвар, Баруун дөрвөн зам, Бөмбөгөрийн уулзвар, Гэсэр сүмийн уулзвар хүртэлх байршлуудад хөдөлгөөнийг хязгаарлаж, тээврийн хэрэгсэл зорчуулахгүй" гэв.

Энэ удаагийн “Авто машингүй өдөр”-өөр механик болон цахилгаан тээврийн хэрэгсэл явуулахгүй гэдгээрээ онцлогтой. Үүнд суррон, мопед, скүүтер зэргийг онцолж байгаа. Иймд эцэг эхчүүд хүүхдүүддээ хараа хяналт тавьж, скүүтер, мопед, суррон, цахилгаан хэрэгслээр зорчуулахгүй байхыг анхаарууллаа.