Шахмал түлшний хүхрийг бууруулна хэмээж байсан "Тавантолгой түлш"-ийн нүүрс баяжуулах үйлдвэрийн ажил зогсож, 44.6 тэрбумын тоног төхөөрөмж, объект "хэрэггүй" болоод байгаа талаарх мэдээллийг бид өмнө нь хүргэсэн билээ. Холбоотой мэдээллийг ЭНД ДАРЖ уншина уу.
Тэгвэл энэ удаад “Тавантолгой түлш” компанийн сайжруулсан шахмал түлшний чанарыг сайжруулах зорилгоор баригдах байсан "Хагас коксын үйлдвэр"-ийн ТЭЗҮ боловсруулах ажлын санхүүжилт болох 9.1 тэрбум төгрөг "салхинд хийсээд" байгаа талаарх мэдээллийг хүргэж байна.
Засгийн газрын 2022 оны дөрөвдүгээр сарын 27-ны өдрийн хуралдаанаар “Тавантолгой түлш” компанийн сайжруулсан шахмал түлшний чанарыг сайжруулах, компанийн эдийн засгийн үр өгөөжийг дээшлүүлэх, ашигтай ажиллуулах зорилгоор хагас коксын үйлдвэр барих шийдвэр гарсан байдаг. Харин эхний ээлжийн санхүүжилт болох 220 сая ам.долларыг “Эрдэнэс Тавантолгой” ХК гаргахаар болсон талаарх мэдээллийг албаныхан өгч байв.
Мөн өнгөрсөн намар /2024.10.16/ Агаарын бохирдлыг бууруулах асуудлын дэд хорооны хуралд Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн, "Тавантолгой түлш" компанийн захирал Ц.Даваацэрэн нар хагас кокс нүүрсний талаар мэдээлэл өгч, "Хагас коксын туршилтын үйлдвэрлэлийг “Тавантолгой түлш” ХХК-ийн үйлдвэрийн технологиор түүхий эдийг өөрчлөн туршилтын үйлдвэрлэл явуулсан.
100 хувь хагас коксоор үйлдвэрлэсэн сайжруулсан түлш хамгийн сайн үр дүнтэй гарсан бөгөөд туршилтын түлшний техникийн үзүүлэлтүүд нь БНХАУ, БНСУ, ХБНГУ, ОХУ зэрэг орнуудын стандарттай ижил түвшинд хүрсэн.
Тухайлбал, дэгдэмхий 7-12 хувь, хүхэр 0.5-1.0 хувь байхаар. Олон улсад шахмал түлшний үндсэн түүхий эд нь хагас кокс байдаг. Мөн шахмал түлшийг зөвхөн зориулалтын асаагчаар асаадаг. Мидлинг болон хагас коксоор үйлдвэрлэсэн сайжруулсан түлшний техникийн үзүүлэлтүүдийг харьцуулахад дэгдэмхий 41.4-51.7 хувь, хүхэр 54.6-60.8 хувь, үнслэг 37.0-37.3 хувиар бага байгаа нь хагас коксон сайжруулсан түлшийг хэрэглээнд нэвтрүүлснээр агаарын чанарыг сайжруулахад шууд нөлөө үзүүлэх нь туршилтаар тодорхойлогдсон. Асаагчийн судалгааг цаашид үргэлжлүүлж, нарийвчлан тодорхойлох шаардлагатай" байгааг мэдэгдэж байсан билээ.
Тэгвэл "Тавантолгой түлш" ХХК нь хагас коксын үйлдвэр барих төслийн хүрээнд ТЭЗҮ, зураг төслийг боловсруулах, шинээр лаборатори байгуулах ажлыг хийж хэрэгжүүлэхээр тендер, сонгон шалгаруулалт зарлахгүйгээр THRU LLC, Zheijaing xauding water conservancy engineering Co.,ltd компаниудтай нийт 18.4 тэрбум төгрөгийн гэрээ байгуулсан байна.
Улмаар дээрх компаниуд ажил эхлээгүй байхад нь 9.1 тэрбум төгрөгийн урьдчилгаа шилжүүлжээ. Гэсэн ч үйл ажиллагаанд нь хяналт тавиагүйгээс өнөөдрийг хүртэл хүлээж авсан ажил байхгүй байгаа аж. Өөрөөр хэлбэл "Хагас коксын үйлдвэр" барих төслийн 9.1 тэрбум төгрөг үр ашиггүй, салхинд хийсэж, "Тавантолгой түлш" ХХК "залилуулжээ". Тиймээс дээрх санхүүжүүлсэн мөнгийг буцааж авахаар холбогдох байгууллага нь шүүхэд хандсан гэх мэдээлэл байна.
Ташрамд өгүүлэхэд, "Тавантолгой түлш" нь хагас коксийн үйлдвэрийг байгуулснаар 17 МВт-ын хүчин чадал бүхий хийн цахилгаан станц, 80 МВт-ын хүчин чадалтай цахилгаан станц бий болохоос гадна жилд 700 мянган тонн хагас коксжуулсан нүүрс экспортлох, түүнчлэн жилд 65 мянган тонн дизель түлш үйлдвэрлэх боломжтой. Мөн нарийн мэргэжлийн, өндөр цалинтай ажлын байр олноор бий болно гэж тооцож байжээ.