Нийслэлд 15 чиглэлд 30 гаруй алба хаагч морьт эргүүлийн үүрэг гүйцэтгэж байна

Нийслэлд 15 чиглэлд 30 гаруй алба хаагч морьт эргүүлийн үүрэг гүйцэтгэж байна

Засгийн газраас 2023-2025 оныг “Монголд зочлох жил” болгон зарласантай холбогдуулан, Монголын түүхэн уламжлалд тулгуурлан жуулчдын аюулгүй байдлыг хангах, газарчлах зорилгоор морьт эргүүлийг Улаанбаатар хотын гудамж, талбайд ажиллуулж байна.

Морьт эргүүл нь гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох, илрүүлэх, үер усны аюулаас урьдчилан сэргийлэх зорилготой. Морьт эргүүлийг одоогоор Баянзүрх дүүргийн “Хар усан тохой”-гоос Хан-Уул дүүргийн Био комбинат хүртэл Туулын голын эрэг, ай сав газар, төвийн 6, алслагдсан нэг дүүргийн нутаг дэвсгэрт гудамж талбай, гэр хороолол, аялал зугаалгын бүсэд 15 чиглэлд 30 алба хаагчтай зохион байгуулж байна. Тэд иргэдийн дуудлагын дагуу тээврийн хэрэгслэл болон явган явах боломжгүй гудамж талбай, голын ай сав газарт цаг алдалгүй хүрч ажиллах давуу талтай юм.

Нийслэлд 2010 онд гэмт хэрэг, зөрчилтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх, нийтийн хэв журам хамгаалахад дэмжих, Туул голын эрэг дагуу морьт эргүүл ажиллуулахаар 112 сая төгрөгийн төсвийг НИТХ-аар шийдүүлж, ОХУ-аас “Будейн” үүлдвэрийн 20 адуу худалдан авч, албаны адуун сүргийг бүрдүүлэн, Сонгинохайрхан дүүргийн Мал бордох гэх газар жүчээ байгуулсан билээ. Тухайн үед хариуцсан нэгж байгаагүй учир Нийслэлийн хөдөлгөөнт эргүүлийн газар, ЦЕГ-ын Сургалт дадлагын төв, НЦГ-т хариуцуулан улирлын чанартай үүрэг гүйцэтгүүлж байжээ.