СУРВАЛЖИЛГА: Автомашины дугаар олголтыг хориглосноор импорт, түгжрэл буурсангүй. Даатгалын ажилчид хүртэл улсын дугаар дамлан зардаг болжээ

СУРВАЛЖИЛГА: Автомашины дугаар олголтыг хориглосноор импорт, түгжрэл буурсангүй. Даатгалын ажилчид хүртэл улсын дугаар дамлан зардаг болжээ

Жилээс жилд өсөн нэмэгдэж буй нийслэлийн автомашины импорт, түгжрэл, агаарын бохирдлыг бууруулах зорилгоор 2024 оны арваннэгдүгээр сарын 08-ны өдөр НИТХ-ын тогтоолоор нийслэлд тээврийн хэрэгслийн улсын бүртгэлийн дугаарын дээд хязгаарыг 730 мянгаар таслан тогтоосон.

Улмаар импортоор орж ирэх автомашинд хотын дугаар шинээр олгохгүй байхаар хэрэгжиж эхэлсэн. Ингэснээр 20 мянгын үнэтэй хотын дугаар 1,5 сая төгрөгт хүрч, "дугаарын ченж" бий болж, харин агаарын бохирдол, түгжрэлийг бууруулах бус хотын дугаар дамлан борлуулах бизнесийг цэцэглүүлсэн байна. 

ВИДЕО:

Манай сурвалжлах баг “Да хүрээ” захыг зорилоо. Тус захад дугаар хэвлэх үйлчилгээ үзүүлдэг иргэд, автомашины даатгалын ажилчид, хувь хүн гээд автомашины хотын дугаар дамлан борлуулахгүй хүн байсангүй. Үнийн хувьд 800 мянган төгрөгөөс эхлээд 2 сая төгрөгийн хооронд хэлбэлзэж байлаа.

Манай улсын нийт хүн амын тоо 3.5 сая. Үүний 1,5 сая иргэн нь нийслэлдээ төвлөрөн суудаг. Үүнийг дагаад орон нутгийн ах дүү, аав ээж дээрээ очих, өдөр тутам хүүхдээ сургууль, цэцэрлэгт хүргэх гээд автомашин бол хүн бүрийн өдөр тутмын хэрэглээ болсон. Яг л гар утастай ижил. Гэтэл хотын дугаар олгохгүй байлаа гээд иргэд автомашин авахаа болино гэдэг эргэлзээтэй. Ганцхан тоо баримт дурдъя. Суудлын автомашины импорт өнгөрсөн оны эхний найман сарын байдлаар 68.500 байсан бол энэ оны эхний найман сарын байдлаар 69.400 болж, есөн зуугаар нэмэгджээ. Автомашины импорт, агаарын бохирдол, түгжрэлийг бууруулж чадаагүй тус шийдвэр автомашины улсын дугаар дамлан борлуулах бизнесийг цэцэглүүлж, иргэд ачааны хүндийг үүрч үлдлээ.

Энэ асуудлыг худалдаа эрхлэгчид “Зүгээр л тооны цуглуулга нь 1,5 сая төгрөгт хүрсэн. 800 мянган төгрөгийн үнэтэй автомашины хотын дугаар байгаа ч олдоц маш бага. Автомашины тогтсон үнэ дээр нэг сая төгрөг нэмж борлуулж байна гэсэн үг. Иргэдэд л хүнд тусаж байна. Автомашины даатгалын үйлчилгээ үзүүлдэг иргэд, автомашины дугаар хэвлэж өгдөг хүмүүс хүртэл дамлан борлуулдаг болсон. Хүн болгон мэдэж байгаа. Худалдаа эрхлэгчид бид нар хүртэл яарч тэвдсэн үедээ ороод л авч байгаа шүү дээ. Энэ шийдвэр хэрэгжиж эхэлснээр огт байхгүй байсан бизнесийг шинээр гаргаад ирлээ. Эцсийн үр дүнд нь Улаанбаатарын иргэд л хохирч байгаа юм. Ер нь бол автомашин авч байгаа хүмүүс дунд автомашины дугаартай хүн гэж байхгүй байна. Тийм болохоор байнга л дугаарыг нь авч өгч байна. Автомашинаа зарлаа гэхэд хөдөө орон нутгийн иргэдэд л зарж байж дугаараа авч үлдэнэ гэсэн үг. Тэр болгон хөдөө орон нутгийн иргэдэд зарж чадахгүй шүү дээ. Дугаар үнэтэй болчихлоо, дугаар олгохгүй байна гээд иргэд автомашин авна гэж байхгүй” гэлээ.




Намрын чуулганыг өнөөдөр нээнэ

32 минутын өмнө

Шуурхай мэдээ
Өнөөдөр гахай өдөр

2 цагийн өмнө