"Босоо" гэх УИХ-ын гишүүн С.Ганбаатарт холбогдох хэргийг АТГ-аас шалгаж дуусаад хэргийг шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорт шилжүүлсэн талаар бид өмнө нь мэдээлж байсан билээ.
Тодруулбал, түүнийг Эрүүгийн хуулийн 22.4 дүгээр зүйл буюу Нийтийн албан тушаалтан хахууль авах, 22.10 дугаар зүйл буюу Үндэслэлгүйгээр хөрөнгөжих, 18.6 дугаар зүйл буюу Мөнгө угаах гэсэн зүйл ангиар яллагдагчаар татан мөрдөн шалгаж, улмаар хэргийг прокурорт шилжүүлээд байгаа.
Тэгвэл АТГ-аас өнөөдөр /2025.09.19/ УИХ-ын гишүүн С.Ганбаатарын Төрийн ордонд байрлах өрөөнд очсон гэх мэдээлэл байна. Эх сурвалжийн мэдээлж буйгаар АТГ-ын мөрдөгчид С.Ганбаатарт албан бичиг өгч, уулзахаар өрөөнд нь очсон ч тэрбээр өрөөндөө байгаагүй аж. Улмаар энэ талаарх мэдээллийг УИХ-ын Аюулгүй байдлын байнгын хорооны дарга Ц.Даваасүрэн авч, АТГ-ын мөрдөгчдийн үйл ажиллагааг зогсоосон байна. Угтаа АТГ-ын мөрдөгчид прокурорын зөвшөөрөлтэй бол Төрийн ордонд ч ажиллагаа явуулах боломжтой байдаг юм байна. Бид уг асуудлын талаар эргэн мэдээлэх болно.