АНУ, Франц, Япон зэрэг улсууд Ухань хотоос иргэдээ авч эхэлсэн бол бусад нь хүлээлтийн байдалтай байна

АНУ, Франц, Япон зэрэг улсууд Ухань хотоос иргэдээ авч эхэлсэн бол бусад нь хүлээлтийн байдалтай байна

Коронавирусийн дэгдэлт болоод буй БНХАУ-ын Ухань хотод  хөл хорионд орсон иргэдээ улс орнууд нүүлгэн шилжүүлж эхэлжээ. Одоогоор АНУ, Япон, Франц, Өмнөд Солонгос зэрэг улсууд нь  агаарын замаар иргэдийг нүүлгэн шилжүүлэх нислэгийн хугацааг баталгаажуулаад байна.

Тухайлбал Япон улсын засгийн газраас иргэдээ нүүлгэн шилжүүлэхээр зохион байгуулсан анхны чартерийн нислэг Токио хотын “Ханеда” нисэх онгоцны буудалд 2020 оны нэгдүгээр сарын 29-ний өдөр өглөөний 08:45 цагийн орчимд газардсан байна. Онгоцоор 206 хүн  ирсэн бөгөөд Япон улсын Ерөнхий сайд Шинзо Абэ “ иргэдийг нүүлгэн шилжүүлэх нислэгт хамрагдахаас өмнө эмчийн үзлэгт хамруулж, буцаж ирснээсээ хойш хоёр долоо хоногийн хугацаанд эмнэлэгт хэвтүүлж, тусгаарлах болно” гэж мэдэгджээ. Одоогоор Япон улсын хувьд нүүлгэн шилжүүлэх шаардлагатай 450 гаруй иргэн байгаа ба энэ долоо хоногтоо багтаан Ухань руу нэмэлт нислэг хийхээр тохиролцож байгаа юм байна.

Мөн энэ сарын 29-нд  240 орчим зорчигчтой Америкийн нисэх онгоц Лос-Анжелес хотын зүг хөдөлсөн бол Франц улс ч гэсэн иргэдээ нүүлгэн шилжүүлэх ажиллагааг зохион байгуулав. Франц улсын Эрүүл мэндийн сайд Агнес Бузин ням гарагт хэлэхдээ “Улсын нутаг дэвсгэрт тархахаас зайлсхийхийн тулд буцаж очсон бүх хүмүүсийг эрүүл мэндийн мэргэжилтнүүд хянаж, 14 хоног хорио цээрийн дэглэмд байлгана” гэж мэдэгджээ.

Өмнөд Солонгос улсын хувьд энэ долоо хоногт 700 гаруй иргэнээ дөрөв хуваан Ухань хотоос нүүлгэн шилжүүлэхээр төлөвлөж байна гэж Ерөнхий сайд Чун Сё Кюн мягмар гарагт мэдэгдсэн. Онгоцууд Пүрэв гаригийн эхээр хотод ирэх юм байна.

Австрали улс нүүлгэн шилжүүлсэн иргэдээ эх газраасаа 2000 км-ийн зайд байрлах Зул сарын арал /Christmas Island/ дээр хоёр долоо хоногийн турш байлгана гэж Ерөнхий сайд Скотт Моррисон мэдэгджээ “

Мөн Ухань хотоос иргэдээ нүүлгэн шилжүүлэх хүсэлт гаргасан олон улс орон байна. Жишээлбэл, Шри Ланка, Тайланд, Казакстан, Испани, Их Британи, Канад, Орос, Голланд, Австрали, Герман, Итали, Малайз,Филиппин зэрэг улс орнууд энэ талаар хөөцөлдөж байгаа ч баттай шийдвэр гараагүй юм байна. Манай улсын хувьд ч гэсэн Ухань хотод буй 32 иргэнээ буцааж авчрах асуудлаар БНХАУ-д хандсан ч хэд хоногийн дотор дорвитой шийдвэр гараагүй байгаа юм.