МАН-ын Их хурал энэ сарын 15, 16-ны өдөр Нисэхийн Буян-Ухаа цогцолборт болно. Уг хурлаар намын даргаа сонгож, дүрмийн шинэчлэлээ батлах юм. Энэ сарын 11-ны өдөр /2025.11.11/ МАН-ын Бодлогын зөвлөл хуралдаж намын даргад Эдийн засаг, хөгжлийн сайд Н.Учралыг нэр дэвшүүлэхээр тохирсон. Түүнтэй хамт Хотын дарга Х.Нямбаатарыг нэрээ дэвшүүлж магадгүй байгаа тухай мэдээлэл байсан. Гэвч Хотын дарга Х.Нямбаатар өчигдөр /2025.11.13/ Төрийн ордонд Ерөнхийлөгчтэй уулзаж гарч ирснийхээ дараа "Би намын даргад өрсөлдөхгүй ээ. Нийслэлийн ажлаа үргэлжлүүлэн хийнэ" хэмээн ярьсан.
Үүнээс харахад тэрээр Ерөнхийлөгчтэй намын даргад өрсөлдөхгүй, нийслэлийн Засаг даргаараа үргэлжлүүлэн ажиллах тохироо хийсэн бололтой. Энэ тохиолдолд намын Бодлогын зөвлөлөөс нэр дэвшүүлсэн Эдийн засаг, хөгжлийн сайд Н.Учралыг намынхан нь дэмжээд явах бөгөөд тэрээр өрсөлдөгчгүй намын дарга болох бололтой. Үүний дараа түүнийг УИХ-ын даргад нэр дэвшүүлнэ гэх мэдээлэл бий юм.
Сануулахад, Ерөнхий сайд Г.Занданшатар, УИХ-ын дарга асан Д.Амарбаясгалан нар МАН-ын даргад нэрээ дэвшүүлэхгүй гэдгээ албан ёсоор зарласан билээ.