Хотын дарга Х.Нямбаатар өчигдөр /2024.04.09/ "Зоригийн хөшөөг заржээ" гэсэн мэдэгдлийг өөрийн твиттер хуудастаа нийтэлсэн нь олон хүний анхаарал татсан. Учир нь “Төв шуудан”-ийн урд Зориг агсны хөшөөний хажууд байрлах хоёр давхар, цэнхэр будагтай жижигхэн байшин, газрын хамт зарагдаж, улмаар өндөр шилэн барилга тэр хэсэгт баригдахаар болоход “Зориг агсны хөшөө” гай болсонд л хамаг учир байгаа юм.
Монголд МАН, АН гэсэн хоёр том нам л улс төрийн голлох үйл ажиллагаа явуулдаг ч, АН өнөөдрийг хүртэл өөрийн гэсэн албан ёсны байргүй явсаар өнөөдрийг хүрчээ.
-АН ҮЙЛ АЖИЛЛАГААГАА ЯВУУЛАХ АНХ ГУРВАН БАЙРТАЙ БАЙЖЭЭ-
Тэгвэл анх 1996 онд МАН одоо байгаа “Тусгаар тогтнолын ордон”-ын газар дээр байсан цагаан байраа өөрийг болгож авсан бол, АН-ыг бүрдүүлдэг Монголын Ардчилсан холбоо /МоАХ/ “Ардчиллын ордон” байрыг, Ардчилсан социалист хөдөлгөөн “Соёлын төв өргөө, Дуурь бүжгийн эрдмийн театрын дунд байсан “Хүзүүвч” гэх байр”-ыг, МҮДН Төв шуудангийн урд С.Зоригийн хөшөөний хажуу талын байшинг тус тус авч, өөрийн гэсэн байртай болж байжээ. Гэтэл гурвын гурван байртай байж болох АН өдгөө үйл ажиллагаа явуулах өөрийн эзэмшлийн байргүй болжээ. Товчхондоо, АН-ыг удирдаж байсан зарим хүмүүс тус намын байр болон газрыг нь бусдад зарж, өмчлөлийг нь шилжүүлжээ.
-АН-ЫН ТӨВ БАЙР БУЮУ "ХҮЗҮҮВЧ"-ИЙГ Н.АЛТАНХУЯГ 7 ТЭРБУМ ТӨГРӨГӨӨР ЗАРЖЭЭ-
Тодруулбал, “Соёлын төв өргөө, Дуурь бүжгийн эрдмийн театрын дунд байсан АН-ын төв байр буюу хуучнаар “Хүзүүвч” гэж нэрлэдэг байсан байшин болон газрыг тус намын даргаар Н.Алтанхуяг ажиллаж байхдаа Улаанбаатар банканд 7 тэрбум төгрөгөөр зарсан байдаг. Сонирхуулахад, 2013 оны есдүгээр сарын 27-ны өдөр АН-ын дансанд 7 тэрбум төгрөг “дуудлага худалдааны дэнчингийн төлбөр шилжүүлэв” гэсэн утгатай орж, ирж байжээ. Харин тус мөнгөнөөс нэг жилийн дараа буюу 2014 оны есдүгээр сарын 25 –ны өдөр гэхэд ердөө 45 мянган төгрөг үлдэж байжээ.
Мөн 2009 оноос эхлэн Ардчилсан хувьсгалын 20 жилийн ойд зориулж 20 давхар “Ардчиллын өргөө” гэх байшин барихаар тухай үеийн АН-ын дарга Н.Алтанхуяг тэргүүтэй тус намын удирдлагууд хандивын аяныг орон даяар өрнүүлж байжээ. Ингээд “Ардчиллын өргөө”-нд хандив өргөсөн АН-ын гишүүддээ бэлгэдэл болгон “тоосго” болон дурсгалын зүйлс өгч байж. Харин Н.Алтанхуяг АН-ын даргын ажлаа 2014 оны арван нэгдүгээр сарын 14-ны өдөр өгчээ.
-МоАХ-НЫ БАЙРЫГ Х.БАТТУЛГА ЭЗЭМШИХ БОЛЖЭЭ-
Харин МоАХ-ны үйл ажиллагаа “Ардчиллын ордон” гэх байрандаа одоо ч явагддаг байна. Хачирхалтай нь, МоАХ нь 2015 оны долдугаар сарын 02-ны өдөр Улсын бүртгэлд бүртгэгдэж, тус холбооны хувьцаа эзэмшигч болон Итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий ганц хүнээр Ерөнхийлөгч асан Х.Баттулга бүртгүүлжээ.
Иймд МоАХ-ны байр Х.Баттулгын мэдэлд очсон байж болзошгүй байгаа юм. Сонирхуулахад, Х.Баттулга Ерөнхийлөгчийн албан тушаалаас буудаг өдрөө зарлиг гаргаж Монголын Ардчилсан холбоо ТББ-ыг “Монгол Улсын баатар” цолоор шагнасан билээ. Учир нь Монголын Ардчилсан Холбоо нь 1989 оны ардчилсан хувьсгалыг удирдан зохион байгуулсан улс төрийн хөдөлгөөн гэдэг. Ингэхээр тус холбоо нь 2015 он бус 1989 онд анх үүсгэн байгуулагдсан байгаа юм.
-С.ЗОРИГИЙН ХӨШӨӨНИЙ ХАЖУУД БАЙХ АН-ЫН БАЙРНЫ ГАЗРЫГ ГОЛОМТ БАНКНЫ ЭЗЭН Д.БАЯСГАЛАН ЭЗЭМШИХ БОЛЖЭЭ-
Тэгвэл зарим иргэд Төв шуудангийн урд байх С.Зориг агсны хөшөөний хажуу талын хоёр давхар жижиг байшинг АН-ын төв байр гэж андуурдаг. Учир нь тус байр “Фортуна” Н.Батбаяр, Б.Гарамгайбаатар, Б.Мэдрээ нарын тэргүүлдэг МҮДН-ын эзэмшилд байж. Харин тус байшингийн газрын эрх Голомт банкны эзэн Д.Баясгалангийн эзэмшилд очжээ.
Тодруулбал, тус газрыг эзэмших эрх “Ардчилалын өргөө” ХХК-д байгаа юм. Харин энэхүү “Ардчилалын өргөө” ХХК-ийг Голомт банкны эзэн Данзандоржийн Баясгалан ганцаараа эзэмшиж байгаа юм. Газар ашиглалтын төрлийг Худалдаа, нийтийн үйлчилгээний газар, төв, цогцолбор хэмээжээ.
Зарим эх сурвалжууд, “тус газрыг Д.Баясгалан 480 мянган ам.доллараар МҮДН-ээс худалдаж авсан байж болзошгүй, Улмаар тус газарт томоохон барилга барихаар төлөвлөсөн гэх мэдээлэл байна” гэсэн юм. Ямартай ч, Монголын улс төрийн хоёр гол тулгуурын нэг гэгдэх АН өдгөө гурвын гурван байранд үйл ажиллагаа нь хэвийн үргэлжилж болох байсан ч харамсалтай нь тэгсэнгүй.