Ирэх сарын 1-нээс эмч, багш нарын үндсэн цалин 1.4 сая төгрөг, тэтгэвэр дундаж нь 785.6 төгрөг болж нэмэгдэнэ

Ирэх сарын 1-нээс эмч, багш нарын үндсэн цалин 1.4 сая төгрөг, тэтгэвэр дундаж нь 785.6 төгрөг болж нэмэгдэнэ

Засгийн газрын хуралдаанаас ирэх дөрөвдүгээр сарын 1-нээс цалин, тэтгэвэр, тэтгэмжийг нэмэх шийдвэр гаргасантай холбогдуулж, Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд Х.Булгантуяа өнөөдөр /2024.03.29/ мэдээлэл хийлээ.

Тэрбээр " Энэ оны дөрөвдүгээр сарын 1-нээс төрийн албан хаагчийн цалинг дахин 10-20 хувь нэмэгдүүлснээр дундаж цалин 1.4 сая төгрөг болох гэж байна. Аймгийн төв, сум болон Улаанбаатар хотын алслагдсан гурван дүүрэгт ажиллаж байгаа төрийн албан хаагчдад 20 хувь, бусад сумдад ажиллаж байгаа бол 40 хувь орон нутгийн нэмэгдэл олгохоор шийдвэрлэжээ.

Түүнчлэн аймгийн төвөөс бусад сум, тосгон, багт ажиллаж байгаа боловсролын салбарын багш, эрүүл мэндийн салбарын эмч, сувилагч, эрүүл мэндийн ажилтан, соёлын байгууллагын соёлын ажилтанд таван жил тутам (тасралтгүй ажилласан)-д нь нэг удаа мөнгөн урамшуулал олгох эрх зүйн орчин үйлчилж байна.

Жишээлбэл:

  1. Эмч, багшийн үндсэн цалин нь 1,273,000 төгрөг байгаа нь ирэх сараас 1,400,000 төгрөг болж 10 хувиар нэмэгдэнэ. Мөн аймгийн төв болон алслагдсан дүүрэгт ажилладаг бол үндсэн цалин 20 хувиар нэмэгдэж 1,680,000 төгрөг, суманд ажилладаг бол 40 хувиар нэмэгдэж 1,960,000 төгрөг болно. 
  2. Аймаг, сумын нутгийн захиргааны байгууллагын мэргэжилтний үндсэн цалин нь 1,100,000 төгрөг байгаа нь дөрөвдүгээр сарын 1-ний өдрөөс 1,210,000 төгрөг болж 10 хувиар нэмэгдэнэ. Түүнчлэн аймгийн төв болон алслагдсан дүүрэгт ажилладаг бол үндсэн цалин 20 хувиар нэмэгдэж 1,452,000 төгрөг, суманд ажилладаг бол 40 хувиар нэмэгдэж 1,694,000 төгрөг болно. 
  3. Төрийн байгууллагад үйлчлэгчээр ажилладаг албан хаагчийн үндсэн цалин 750,000 төгрөг байгаа нь ирэх сараас 900,000 төгрөг болж 20 хувиар нэмэгдэнэ. Мөн аймгийн төв болон алслагдсан дүүрэгт ажилладаг бол үндсэн цалин 20 хувиар нэмэгдэж 1,080,000 төгрөг, суманд ажилладаг бол 40 хувиар нэмэгдэж 1,260,000 төгрөг болно.

 

Энэ оны байдлаар улсын хэмжээнд 226 мянган төрийн албан хаагч ажиллаж байна.Нийгмийн хамгааллын байгууллагын 84 нийгмийн ажилтан, сэтгэл зүйч, арга зүйч, багш, бүлгийн багш нийт 7,311 албан хаагчийг ирэх сараас (2024.04.01) ажлын онцлог, нөхцөлөөс хамааруулан төрийн мэргэжлийн үйлчилгээний албан тушаалд шилжүүлнэ" хэмээн мэдээллээ.   Ирэх дөрөвдүгээр сарын 1-нээс эмч, багш нарын үндсэн цалин 1.4 сая төгрөг болж нэмэгдэх бол ахмад настны тэтгэвэр дундаж нь 785.6 мянган төгрөг болно. Хувь тэнцүүлсэн тэтгэврийн доод хэмжээ 540 мянга болж нэмэгдэнэ.

Мөн 16 хүртэлх насны байнгын асаргаа шаардлагатай хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд амьжиргааг дэмжих мөнгөн тэтгэмж авдаг. Нийт 12,8 мянган иргэнд энэ тэтгэмжийг.олгодог. 2020 онд мөнгөн тэтгэмж 188 мянган төгрөг байсныг 100 мянган төгрөгөөр нэмэгдүүлж байсан бол 2023 онд 12.8 хувиар нэмэгдүүлсэн. Ирэх дөрөвдүгээр сарын 1-нээс 50 мянган төгрөгөөр нэмэгдүүлснээр 375 мянган төгрөг болж байгаа юм.