МАН-ын бүлгийн ээлжит хуралдаанд өнөөдөр /2026.05.11/ болж, хурлаас гарсан шийдвэрүүдийг танилцууллаа. Хуралдаанаар Засгийн газрын гадаад зээлийн өнөөгийн байдал, Татварын багц хуулийн өөрчлөлт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт оруулах төсөл болон Ойн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцлээ.
МАН-ын бүлгийн дарга Ж.Батжаргалын мэдээлснээр, Гадаад зээллэгийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх төслийг анхны хөрөнгөө өөрийнхөө үндсэн үйл ажиллагаагаар нөхөх чадвартай бизнесүүдийг өрийн удирдлагын тухай хуулийн таазанд багтаагаад, Хөгжлийн банкаараа дамжуулан дэмжих эрх зүйн гаргалгаа хийх асуудлыг Засгийн газарт уламжилсан байна. Мөн Татварын хуулийн өөрчлөлтөөр жижиг, дунд бизнес эрхлэгчдийн татварын ачааллыг бууруулах, бизнесийн орчныг уян хатан болгох зохицуулалтуудыг тусгажээ. Тухайлбал, НӨАТ суутган төлөгчийн босгыг 50 сая төгрөгөөс 400 сая төгрөг болгон нэмэгдүүлэхээр төлөвлөсөн байна. Үүнээс гадна мэдээллийн технологийн чиглэлээр виртуал бүсэд үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжүүдэд татварын хөнгөлөлт үзүүлэх, татвар төлөгчийн дансыг бүрэн хаадаг зохицуулалтыг өөрчлөх, мөн аж ахуйн нэгжийн татварын шаталсан системээр ногдуулах зэрэг санал багтжээ.