Э.Галбадрал: Газ тээвэрлэж явсан жолооч "Зугтаарай" гээд хэлсэн бол хүмүүс амьд үлдэх байсан /ВИДЕО

Э.Галбадрал: Газ тээвэрлэж явсан жолооч "Зугтаарай" гээд хэлсэн бол хүмүүс амьд үлдэх байсан /ВИДЕО

Энэ оны нэгдүгээр сарын 23-наас 24-нд шилжих шөнө Дүнжингарав орчимд газ тээвэрлэж явсан ачааны машин осолдож, газ алдагдсаны улмаас дэлбэрэлт болж олон хүн харамсалтайгаар амь нас, эд хөрөнгө, эрүүл мэндээрээ хохирсон. Тэгвэл уг дэлбэрэлтэд өртөж, Бээжин улсад эмчилгээ хийлгэснээр бие сайжран эх орондоо ирээд байгаа иргэн Э.Галбадралыг “Шугам” нэвтрүүлгийнхээ энэ удаагийн дугаарт урьж ярилцлаа.

ВИДЕО:

-Манай студийн гэрэл бүүдгэр байгаа. Учир нь Э.Галбадралын маань арьс одоохондоо хурц гэрэл шингээж авч хараахан болохгүй. Бээжинд эмчилгээ хийлгээд эх орондоо хэзээ ирэв гэж хамгийн түрүүнд өөрөөс чинь асуумаар байна?

-Хоёрхон сарын өмнө их том осолд орж, 35 хувийн түлэгдэлт авсан. Тухайн үед би дүүтэйгээ хамт явж байсан. Манай дүү 65 хувийн түлэгдэлттэй Бээжингийн түлэнхийн төвд эмчлүүлж байгаа. Миний нүүрний арьс хараахан төлжиж дуусаагүй байгаа. Азаар бие минь эрүүл байсан тул сайн эдгэж байна. Гэхдээ түлэнхий гэдэг өвчин өвдөлт ихтэй, хэцүү байдаг юм байна. Бээжинд эмчилгээ хийлгээд эх орондоо ирээд дөрөв л хонож байна.

-Олон хүн миний энэ асуултыг танаас асуугайсай гэж хүсэж байгаа байх. Газ дэлбэрэлт болж олон хүн эрүүл мэнд, эд хөрөнгөөрөө хохирсон талаар л мэдээлж байсан. Гэтэл одоо тэр хэрэг мартагдаж байх шиг байна л даа. Нэгдүгээр сарын 23-наас 24-нд шилжих шөнө танд болон танай дүүд, Дүнжингарав худалдааны төв орчимд яг юу тохиолдов?

-Нэгдүгээр сарын 23-нд би фитнестэй яваад орой нь найзуудтайгаа хоолонд орчихоод хоёр найзаа гэрт нь хүргэж өгсөн. Хоёр найзаа буулгаад гэр лүүгээ буцаж байхад тэр золгүй явдал болсон. Хоёр найзаа буулгачихаад зүүн эргээд гэрлэн дохионы ойролцоо явж байсан. Тухайн үед том машинаас ус юм уу, цагаан хөөс гарч байгаа юм шиг харагдаж байсан. Гэтэл гэнэт миний машин унтарчихсан. Ингээд тэнд надтай нийлээд дөрөв орчим машин унтарсан байсан. Тэгээд хаалгаа нээгээд үзэхэд гишгүүрний доор манан шиг зүйл ороод ирсэн байсан.

Гэхдээ хүмүүс чинь машинаа унтарчихаар машинаасаа холдоно гэдэг ойлголт огт байдаггүй юм билээ. Бараг машинаа түрчих гээд байсан. Тэнд нэг Land 200 машин шатчихсан байсан гээд байдгийн жолооч нь би байхгүй юу.

Тэнд байсан машинуудын жолооч нар манай машиныг түрье гээд ирж байгаа юм. Ер нь газаас урьдчилан сэргийлэх мэдээлэл манай монголчуудад үнэндээ байхгүй юм билээ. Тэр чинь ерөөсөө нэг хоёрхон минутын дотор л болоод өнгөрсөн зүйл. Миний машин урсгал сөрөөд эсрэг тал руугаа ороод зогсчихсон. Хүмүүс ч манай машиныг түрээд эхлэх гэж байсан. Тэр үед л наадах чинь газ байна шүү дээ гээд гэрлэн дохионы баруун талаас хүмүүс орилсон. Би өөрөө цэргийн сургууль төгссөн тул дүүдээ урьдчилан сэргийлэх зүйл хэлсэн. Курткээ толгой дээрээ нөмрөөрэй гээд хэлсэн. Би өөрөө урт курткатай явсан. Куртаакаараа толгойгоо ороогоод хэвтэхэд маш хүчтэй дэлбэрэлт болсон. Тэр том дэлбэрэлтээс хүн амьд үлдэх ер нь боломжгүй байсан. Хий хүний биед наалдамхай байдаг юм билээ. Бие дээр гарсан гал огт арилахгүй буцаж асаад байсан. Азаар би дотроо ноолууран цамцтай явсан. Ноолууран цамц гал дэмжих нь арай бага юм уу гэж харсан. Миний цээжин биенээс толгой хүртэл сорви багатай.

-Би өөрийн чинь холбоотой зарим хүмүүсээс түлэгдсэний дараах зургийг харж байсан. Танихааргүй байсан. Одоо бол гайгүй болсон байна. Түлэнхийн төвд хүргэгдсэний дараа дөрвөн хүн харамсалтайгаар нас барлаа. Та бүхэнд тухайн цаг үед Эрүүл мэндийн байгууллага хэр үйлчилгээ үзүүлсэн бэ? Магадгүй тэр осолд түлэгдсэн тэр хүмүүст таны бодлоор амьд үлдэх боломж байсан болов уу?

-Манай ГССҮТ-ийн ажилчид маш сайн ажилласан. Гэхдээ бид шиг газын дэлбэрэлтэд олноороо түлэгдсэн тохиолдол бага юм байна лээ. Миний хувьд эмнэлгийн эмч, сувилагч нарт баярлалаа гэдгээ хэлмээр байна. Түлэгдлийн зэрэгтэй 14 хүн байсны маш хүнд түлэгдэлттэй нь 10 хүн байсан. Арван хүний зургаа нь нас барлаа шүү дээ. Манай дүү маш хүндийн зэрэгтэй байсан. Цагаан сараас өмнө олон найзууд маань ярьж явсны эцэст Бээжинд эмлүүлэх боломжтой болсон. Би бодохдоо эмч нар маань маш сайн ажилласан гэж бодож байгаа. Харин эмнэлгийн тоног төхөөрөмж л жаахан базаахгүй юм болов уу гэж бодлоо. Хятадад Цэргийн түлэнхийн салааны эмнэлэгт эмчлүүлсэн. Манай Монголын эмнэлгүүд болж болзошгүй ослоос сэргийлэх үүднээс эдгээр эмнэлгүүдтэй хамтран ажиллаасай гэж бодож байна. Саяны осолд ороод 95 хувийн түлэгдэлттэй хүмүүс ч амьд үлдэх боломж байсан уу гэвэл байсан. Тэр Хятадын эмнэлэгт 95 хувийн түлэгдэлттэй бүтэн жил эмлчүүлж байгаа хүмүүс байсан.

-Монголын тоног төхөөрөмж хэр байсан бэ?

-Манай улсын тоног төхөөрөмж яах вэ байлгүй л яах вэ. Гэхдээ нэмэлт нэлээд олон тоног төхөөрөмж бас шаардлагатай юм билээ.

-Хуулийн байгууллагын шалгах процесс одоо үргэлжилж л байгаа байх. Учир нь хэвлэлийнхэн бидэнд албан ёсны мэдээлэл өгөхгүй байгаа. Энэ ослын дараа ажлын хэсэг гарлаа л гэж мэдээлснээс бус хохирсон иргэдийн нөхөн төлбөрийг хэзээ барагдуулах талаар, гэм буруутай этгээдийг тогтоох талаар ямар нэгэн мэдээлэл байхгүй байна. Ер нь улсаас та болоод таны дүүд хэдэн төгрөгийн тусламж үзүүлсэн бэ? Мөн та болон таны дүү эмчилгээндээ хэдэн төгрөг зарцуулчхаад байгаа вэ?

-Түлэгдсэнээс хойш дөрөв дэх хоног дээр цагдаа орж ирсэн. Би тэр үед мэдүүлэг өгч үнэхээр чадахааргүй байсан. Миний олж авсан мэдээллээр буруутай этгээдийг олж тогтоох ёстой. Ер нь тодорхой л байна шүү дээ. Тэр газ ямар компанийн машин юм бэ. Тэрийг л шалгах хэрэгтэй шүү дээ. Долоо хоногийн өмнө Эрүүл мэндийн яамнаас манай дүү болон надад 10 сая төгрөг шилжүүлсэн гэсэн. Уг дэлбэрэлтэд өртөж хүнд гэмтсэн 10 хүнд 100 сая төгрөг өгөх Засгийн газрын тогтоол гарсан юм байна. 10 хүнд нь арван сая төгрөгийг өгсөн юм байна лээ. Манай дүү бид хоёрын хувьд эмчлүүлэхэд маш их зардал гарсан. Миний хувьд долоон удаа хагалгаанд орсон.

-Та бүхний эрүүл мэнддээ зарцуулчхаад байгаа зардал 10 сая төгрөгөөр хэмжигдэхгүй их үү?

-Хэмжигдэхгүй шүү дээ. Хамаг юм аа тавиад л эмчилгээ хийлгэсэн. Бид Үндсэн хуулиар олгогдсон эрүүл аюулгүй явах эрхтэй шүү дээ. Энэ эрхээ бид эдэлж чадаж байна уу. Бас ард түмэн маань энэ дэлбэрэлтэд олноороо өртөөгүйд л барялаж байна. Өдрийн цагаар энэ дэлбэрэлт болсон бол бүр олон хүн хохирно. Хоёрдугаарт би тэр газны машины жолоочид үнэхээр харамсаж байна. Сүүлд нүд хардаг олоод фэйсбүүк харж байхад машинаасаа зугтаад өөр газар оччихсон байсан. Газ асгараад эхэлэхэд холдоорой  гээд хэлсэн бол 10 алхаад л дэлбэрэлтээс гарчих боломж байсан юм билээ. Хүн ер нь эцсийн эцэст машинаасаа холддоггүй юм билээ. Бид ч газ гэж төсөөлөөгүй. Дашваанжилын жолооч бол харамсамаар санагдсан. Бид нарт хэлчихсэн л бол нас барсан олон иргэн амьд үлдэх байсан. Дүнжингаравын хжууд том зогсоол байсан шүү дээ. Газын дэлбэрэлтээр шархдаад хичнээн амьд гарсан ч цаашид юу тохиолдохыг мэдэхгүй байна. Хууль хяналтын байгууллага буруутныг яаралтай олж тогтоох хэрэгтэй. Хариуцлага хүлээлгэх ёстой. Ер нь газ тээвэрлэлтийн асуудал гэлтгүй шатамхай бодистой холбоотой асуудлыг яримаар болчихсон юм билээ.

-Ярилцсанд баярлалаа.




Өнөөдөр тахиа өдөр

5 цагийн өмнө