ВИДЕО: "Старлинк"-ын сансрын интернэт Монголын улс төр, бизнесийнхний хавчлагыг давж Монголд нэвтэрлээ

ВИДЕО: "Старлинк"-ын сансрын интернэт Монголын улс төр, бизнесийнхний хавчлагыг давж Монголд нэвтэрлээ

Дэлхийн тэрбумтан Элон Маскын Старлинк компани 1000 орчим хиймэл дагуулыг дэлхийн тойрог замд хөөргөж “интернэтийн хувьсгал”-ыг хийсэн. Тэгвэл монголчууд Старлинк компанийн интернэтийг өчигдрөөс /2024.03.01/ албан ёсоор хэрэглэж эхэллээ. 

ВИДЕО:

Энэ нь газар доорх шилэн кабел биш сансрын хиймэл дагуулаас интернэтэд холбогдох үйлчилгээ юм. Ингэснээр манай улсын алслагдмал сум, хилийн заставууд ч өндөр хурдны хязгааргүй интернэттэй болж, иргэд хөдөө орон нутагт зорчихдоо уулын оройд гарч утасны сүлжээ хайхгүй,  малчид өвөлжөө, хаваржаандаа чөлөөтэй мэдээлэл авдаг болох нь. Тэгвэл Старлинк компани Монголын улс төр, бизнеснийхний хавчлагыг хэрхэн давж интернэтээ оруулав гэх мэдээллийг бид хүргэж байна. Бид тийм ч дардан замыг туулж байж тус үйлчилгээг Монголдоо нэвтрүүлээгүй билээ. 

-СТАРЛИНК МАНАЙХААС "ИНТЕРНЭТИЙН УРСГАЛ ТҮРЭЭСЭЛЖ, ЗӨВХӨН ДАМЖУУЛАХ" ТУШААЛЫГ Л.ЭНХ-АМГАЛАН САЙД ГАРГАЖ БАЙВ-

Старлинк компани нь анх 2022 оны зургаадугаар сарын 16-ны өдөр Монгол Улсад үйлчилгээгээ явуулах хүсэлтийг илэрхийлсэн байдаг. Тухайн үед салбар хариуцсан буюу Цахим хөгжил, харилцаа холбооны сайдын үүрэг гүйцэтгэгчээр Л.Энх-Амгалан ажиллаж байсан юм. Тэрбээр Старлинк компани дээрх хүсэлтээ гаргаснаас ердөө 21 хоногийн дараа “Монгол Улсад нам орбитын хиймэл дагуулын сүлжээ ашиглахад баримтлах чиглэл” нэртэй тушаал гаргаж, 3.2-д “Монгол Улсад нам орбитын хиймэл дагуулын сүлжээг зөвхөн дамжуулах сүлжээг зохион байгуулахад ашиглана”, 3.4.2-д “Интернэтийн урсгалыг харилцаа холбооны сүлжээ байгуулах, эзэмших, түүний ашиглалт үйлчилгээ эрхлэх” тусгай зөвшөөрлийг “Мэдээлэл холбооны сүлжээ” төрлөөр, “Үндэсний сүлжээ (улс хооронд)” хамрах хүрээтэйгээр авсан тусгай зөвшөөрөл эзэмшигчээс түрээслэх” гэж тусгаж өгсөн байдаг. Энэ заалтаар Старлинк Монголын хэрэглэгчдэд интернэтийн үйлчилгээ үзүүлэхийн тулд манай дотоодын компаниудаас интернэт авч “зөвхөн дамжуулах” ажлыг хийхээр зохицуулж өгсөн юм. Л.Энх-Амгалан сайдын энэхүү үйлдлийг олон нийт дургүйцэж хүлээж авсан бөгөөд өөрийн Юнител, Юнивишн мөн УИХ-ын гишүүн Ц.Цэрэнпунцаг нарын Жем нэт зэрэг интернэтийн сүлжээ жижиглэн борлуулдаг компанийн эрх ашгийг хамгааллаа хэмээн хардсан.

Учир нь  Ц.Цэрэнпунцагийн Жэмнэт, Мобинет, МТ группийн Р.Ганзоригийн МТ нэтворкс зэрэг цөөн хэдхэн компани шилэн кабел ашиглаж гадаадаас “интернэтийн бөөний урсгал”-ыг Монголд нийлүүлж бусад нь тэднээс “интернэтийн урсгал” худалдан авч иргэдэд жижиглэнгийн худалдаа хийдэг.

Цаашлаад аймаг, сумыг интернэтээр холбоход шилэн кабел татах зэрэг их хэмжээний мөнгө яригддаг. Мөн орон нутагт бага хурдны интернэтийг өндөр үнээр өгдөг гэх шүүмжлэл ч байдаг. Харин Старлинк орж ирснээр дээрх асуудал уг нь орхигдох юм. Нөгөөтэйгүүр манай улсын хуулиар харилцаа холбооны үйлчилгээ эрхлэх болон сансрын холбооны сүлжээ байгуулах, ашиглалт үйлчилгээ эрхлэх гэсэн хоёр тусгай зөвшөөрлийг нэг үйлчилгээ эрхлэгчид олгох боломжгүй зэрэг хуулийн чөдөр тээг ч байсан байдаг.

- ЭЦЭСТ НЬ МОНГОЛ УЛС НЬ “STARLINK” -ИЙН ХИЙМЭЛ ДАГУУЛЫН ИНТЕРНЭТ СҮЛЖЭЭНД ХОЛБОГДСОН АЗИЙН ДӨРӨВ ДЭХ УЛС БОЛЛОО -

Үүний дараа Цахим хөгжил, харилцаа холбооны сайдаар 2022 оны наймдугаар сард Н.Учрал томилогдож, удалгүй Л.Энх-Амгалан сайдын гаргасан дээрх журмыг цуцалж, Харилцааны холбооны тухай хуульд яаралтай өөрчлөлт оруулсан байдаг. Улмаар Элон Масктай холбогдож, Mobile World Congress хурлын үеэр Старлинкийн олон улсын үйлчилгээ нэвтрүүлэх захирал Ryan Goodnight төдийгүй OneWeb компанийн Гүйцэтгэх захирал нартай уулзалт хийж, бодлогын орчны асуудал шийдлийг зөвлөлдсөнөөс гадна саяхан АНУ-д ажилаж Space X компанид очиж тэргүүн дэд ерөнхийлөгчтэй уулзсан. Өөрөөр хэлбэл, холбогдох албаныхан жил гаруйн хугацаанд уулзалт, хэлэлцээг хийсний үр дүнд өнөөдөр тус компани интернэтийн үйлчилгээгээ Монголд нэвтрүүллээ. “SpaceX” компани өнөөдрийн байдлаар дэлхийн 60 гаруй улсад хиймэл дагуулын интернэт үйлчилгээгээ нэвтрүүлээд байгаа бөгөөд Монгол Улс нь “Starlink” -ийн хиймэл дагуулын интернэт сүлжээнд холбогдсон Азийн дөрөв дэх улс боллоо. “Starlink” компанийн сүлжээ Монгол Улсад албан ёсоор нэвтэрснээр шилэн кабель, үүрэн холбооны сүлжээгүй газрууд өндөр хурдын интернэтэд холбогдох боломжтой болж байна.