Монгол Улс 70 сая толгой малтай. Зудын улмаас одоогийн байдлаар 2.1 сая толгой мал хорогдоод байна. Иймд төрөөс малчдад дэмжлэг үзүүлэх зорилгоор малчны зээлийн эргэн төлөлтийг нэг жилийн хугацаагаар хойшлуулж, зээлийн хүүгийн 6 хувийг малчид, үлдсэн хувийг төрөөс төлөх шийдвэрийг лхагва гараг буюу хоёрдугаар сарын 28-ны өдөр Засгийн газрын хуралдаанаар гаргасан.
2022 оны эцсийн байдлаар манай улсад 248.2 мянган мал бүхий өрх байгаагийн 76.8% нь буюу 190.7 мянга нь малчин өрх байна. Энэ нь Монгол Улсын нийт хөдөлмөр эрхэлж буй иргэдийн 24.1 орчим хувийг эзэлж байгаа юм. Эдгээр 190 гаруй мянган малчин өрхийн 141 мянга орчим нь Хаан банк болон Төрийн банкнаас нийтдээ 1.2 их наяд төгрөгийн зээлтэй байна. Зээлийн дундаж Хүү нь 21 хувь бөгөөд зээлийн хамгийн дээд хэмжээ нь 30-50 саяын хооронд байгаа аж. Эдгээр зээл авсан малчдын 52.1 хувь буюу 685 тэрбум төгрөгийг Төрийн банкнаас, үлдсэн 48 хувь нь буюу 580 гаруй тэрбум төгрөгийг Хаан банкнаас авчээ.
Мөн Малчны зээл болох 1.2 их наяд төгрөгийн хүү 280 тэрбум орчим болж байгаа бөгөөд үүний 220 тэрбумыг төрөөс төлнө.
- МАЛЧНЫ ЗЭЭЛИЙГ ХҮҮГ УЛСААС ТӨЛНӨ ГЭДЭГ НЬ БАНКИНД ХАМГИЙН ИХ АШИГТАЙ -
Банкны зээлийн хүүг төлнө гэдэг нь нэг ёсондоо малчид зээлээ төлж чадахгүй байж мэдэхээр нөхцөл байдал үүсэн тул тухайн банкыг эрсдэлгүй болгож байгаа хэрэг. Иймд арилжааны банкууудад ч зээлийн хүүг төрөөс төлөх нь ашигтай.
Тэгвэл Төрийн банкны 49.2 хувийг Сангийн яам, 45 хувийг Хадгаламжийн даатгалын корпораци эзэмшдэг. Харин Хаан банкны хувьд бол өөр. “Хаан банк”-ны хувьцааны 42 хувийг Токиогийн хөрөнгийн биржид бүртгэлтэй “Эйч Эс Холдингс” ХК эзэмшдэг бөгөөд 22.7 хувийг “Таван богд Холдингс” буюу Ц.Баатарсайхан эзэмшдэг бол түүний гэргий Д.Хулан 13.2 хувийг дангаараа эзэмшдэг байна. Хаан банкны монгол эзэн Ц.Баатарсайхан нь "Таван богд"-ийн ерөнхийлөгч, "Говь" ХК-ийн гол хувьцаа эзэмшигч зэрэг олон бизнестэйг хэн бүхэн мэдэх бөгөөд өнгөрсөн оны долдугаар сараас "Аялал жуулчлалын мэргэжлийн холбоо"-ны ерөнхийлөгчөөр томилогдон ажиллаж буй.
Тэгэхээр малчдын зээлийн хүүг хойшлуулж буй нь Ц.Баатарсайханы бизнесийг төр эрсдэлгүй болгож буй нэг хэлбэр байх магадлалтай.
- Ц.БААТАРСАЙХАНЫ УЛС ТӨРИЙН ХАМААРАЛ -
Ховд аймгийн Булган сумын уугуул гэдгээрээ Ховдод төрсөн Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржтой бизнесийн болоод хувийн сайн найз явсан. Мөн түүнийг БОАЖ-ын Бат-Эрдэнийн дэмжлэгээр "Аялал жуулчлалын мэргэжлийн холбоо"-ны ерөнхийлөгчөөр томилогдсон гэдгийг эх сурвалжууд хэлж байгаа юм. Мөн түүний эхнэр Д.Хулангийн аав Н.Дашдаваа нь Гадаад харилцааны дэд сайд, дипломатч байсан бөгөөд өмнө нь Сангийн яамны гадаад харилцааны хэлтэст Эдийн засагч, Худалдаа хөгжлийн банкны дэд захирлаар ажиллаж байсан.
Мөн тэрбээр Хөгжлийн банкны хэрэгт ч нэр холбогдоод авсан. Тодруулбал, "Говь" ХХК нь ноолууран бүтээгдэхүүн үйлдвэрлэл, борлуулалтыг нэмэгдүүлэх төслийн хүрээнд 2017-2020 онуудад жил дараалан 149 гаруй тэрбум төгрөгийн зээлийг Хөгжлийн банкнаас гаргуулан авсан байдаг.