Хотын дарга Х.Нямбаатар "Улаанбаатар хотын авто замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах тухай хуулийн төсөл"-д иргэдийн газрыг хүчээр авч, эсэргүүцвэл өөрсдийнх нь байгуулсан зөвлөл шийдвэрлэдэг байх. Хотын төвөөр нэг удаа зорчихдоо 27,500 төгрөг төлж, хуучин автомашин импортолбол 98 сая хүртэл төгрөгийн татвар авдаг болох хуулийн төслийг боловсруулаад байгаа талаар бид өмнө нь мэдээлсэн.
-ДОРНОГОВЬ АЙМАГТ БАЙДАГ НИЙСЛЭЛИЙН ӨМЧИЙН "ЭРДЭНЭС БАЯНБОГД" НҮҮРСНИЙ ОРДЫГ ХЯТАДУУД УХАЖ, ХАРИУД НЬ БАГАНАН ТУЛГУУРТ ГАЛТ ТЭРГИЙГ БАРЬЖ ӨГНӨ-
Тус хуулийн төслийг УИХ-аар хэлэлцэх эсэхийг энэ долоо хоногт шийднэ. Тэгвэл тус хуулийн төсөлтэй хамт нэлээд олон хуулийн төсөлд нэмэлт өөрчлөлт оруулахаар болжээ. Тухайлбал, Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд "Нийслэл хотын эдийн засгийн бие даасан байдлыг хангах зорилгоор орон нутгийн өмчит хуулийн этгээдээр дамжуулан ашигт малтмал эрэх, хайх, ашиглах асуудлыг шийдвэрлэх" заалтыг нэмж, энэ хуулийг Улаанбаатар хотын замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөхөөр тусгасан байна.
Товчхондоо, энэхүү хуулийн заалтаар Улаанбаатар хотын эзэмшлийн Дорноговь аймагт байдаг "Эрдэнэс Баянбогд" нүүрсний ордыг хятадуудаар "ухуулах” хууль эрх зүйн орчныг бүрдүүлж байна гэсэн үг юм.
Тодруулбал, Дорноговь аймгийн Улаанбадрах сумаас 20 гаруй км-ийн зайд байрлах коксжих нүүрсний ордын 66 хувийг "Улаанбаатар хотын хөгжлийн корпораци" ХК буюу нийслэл эзэмшдэг. Тиймээс ч тус ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах замаар нийслэлийн түгжрэлийг шийднэ гэдгийг өмнөх Хотын дарга Д.Сумъяабазар хэлж байсан юм. Харин хууль эрх зүйн хувьд тус ордыг эргэлтэд оруулахын тулд Засгийн газар, УИХ-аас "зөвшөөрөл" авах зохицуулалттай байсныг Х.Нямбаатар ийнхүү нийслэл бие даан шийдвэр гаргах боломжтой болгохоор хуулийн төсөл оруулсан байна.
Урьдчилсан байдлаар тус ордын таамаг нөөц 3 тэрбум тонн, үйлдвэрлэлийн нөөц 1,1 тэрбум тонн гэсэн тооцоог мэргэжилтнүүд хийсэн байдаг. Тэгвэл хуулийн төсөлд эцэслэн батлагдвал дээрх ордыг Х.Нямбаатарын зөвшөөрлөөр хятадууд "ухаж", улмаар хариуд нь "Баганан тулгуурт галт тэрэг" буюу LRT зэрэг барьж өгөх аж.
-ТҮГЖРЭЛИЙН САЙД Б.ДЭЛГЭРСАЙХАН "ЭРДЭНЭС БАЯНБОГД" НҮҮРСНИЙ ОРДЫГ УХАХЫГ ТУЛД УЛААНБАДРАХЧУУДТАЙ УУЛЗАЛТ ХИЙЖ, ГЭР ТАРААЖЭЭ-
"Ногоон автобус"-ны дуулианаар ажлаа өгсөн Түгжрэлийн сайд Ж.Сүхбаатарын оронд УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайханыг томилсон. Тэрбээр ажлаа авсныхаа дараахан БНХАУ-д болсон "Бүс ба Зам" олон улсын дээд түвшний уулзалтад оролцсон. Энэ үеэрээ тэрбээр "Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах ажлын хүрээнд метроны асуудлыг судалж, хятадуудын холбогдох албаныхантай уулзаад ирсэн. Түгжрэлийг бууруулахын тулд хууль эрх зүйн орчныг сайжруулахаас эхлээд асуудлыг цогцоор нь шийдэхээр ажиллаж байгаа" гэж мэдэгдсэн юм. Тэгвэл энэ бүхнээс үзэхэд Түгжрэлийн сайдаар Дорноговь аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайханыг томилсон нь тус аймагт байдаг "Эрдэнэс Баянбогд" нүүрсний ордыг хятадуудад ашиглуулж, хариуд нь LRT-тай болохыг зорьж байгаатай холбоотой юм байна.
Түүнчлэн, Түгжрэлийн сайд Б.Дэлгэрсайхан эдгээр өдрүүдэд "Эрдэнэс Баянбогд" нүүрсний орд газар байдаг Дорноговь аймгийн Улаанбадрах суманд ажиллаж, дээрх нүүрсний ордыг ашиглах талаар мэдээлэл хийж, иргэдэд гэр бэлэглэж яваа гэх мэдээлэл байна.
Учир нь тус сумын иргэд "Дорноговь аймгийн есөн гайхамшгийн нэгээр баталсан Баянбогд хайрхны хормойд орших "Эрдэнэс Баянбогд" нүүрсний ордыг ашиглах нь байгаль орчинд сөрөг нөлөөтэй" хэмээн эсэргүүцдэг байна. Тиймээс Түгжрэлийн сайд Б.Дэлгэрсайхан дээрх хуулийн төсөл өргөн баригдахтай зэрэгцэн ийнхүү тус суманд ажиллаж, иргэдэд "Эрдэнэс Баянбогд" нүүрсний ордыг эргэлтэд оруулах ажлыг эрчимжүүлэхээр болсон. Засгийн газраас шийдвэр гарсан учир нутгийн иргэд яаж ч эсэргүүцээд нэмэр байхгүй. Тиймээс улсын ажилд саад учруулахгүй байх хэрэгтэй" гэх шаардлагыг тавьжээ.
Б.Дэлгэрсайхан сайд Дорноговийн Улаанбадрах сумын иргэдтэй хийсэн уулзалтын хэсгээс...