УИХ-ын 126 гишүүнийг хүлээн авахад бэлтгэж Дэгийн хуульд өөрчлөлт оруулж, сандал, ширээ, микрофон нэмж авахаар ажиллаж байна

УИХ-ын 126 гишүүнийг хүлээн авахад бэлтгэж Дэгийн хуульд өөрчлөлт оруулж, сандал, ширээ, микрофон нэмж авахаар ажиллаж байна

2024 оны УИХ-ын сонгуулийн үр дүнд манай парламент 126 гишүүнтэй болно. Энэ 126 гишүүний 78 гишүүнийг олныг төлөөлөх, 48 гишүүнийг хувь тэнцүүлэн төлөөлөх аргаар сонгохоор тохирч, Үндсэн хуульдаа өөрчлөлт оруулсан. Энэ парламент өнгөрсөн хавар ингээд шийдчихсэн.

-УИХ-ЫН ТУХАЙ ХУУЛЬ, ДЭГИЙН ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛЖ, ШИРЭЭ САНДАЛ, МИКРОФОН НЭМЭХ АСУУДЛЫГ СУДАЛЖ БАЙНА- 

Тэгвэл УИХ-ын тамгын газраас 126 гишүүнийг хүлээж авах бэлтгэл ажилдаа оржээ. Тодруулбал, есөн дараа байгуулагдах парламентын 126 гишүүнийг хүлээж авахын тулд УИХ-ын тухай хууль, Дэгийн тухай хууль зэрэг таван хуульд өөрчлөлт оруулах аж. Уг хуулийн өөрчлөлтийг ирэх намрын чуулганаар хэлэлцэнэ. Үргэлжлүүлэн өрөө тасалгаа, ажиллах нөхцлийг бүрдүүлэхэд шаардлагатай зохион байгуулалтын ажлыг хийх бөгөөд үүнд  одооноос эхэлж бэлтгэн хоёр ажлын хэсэг ажлаад байна. Мөн  төсөл боловсруулж, газар, хэлтсийн ажилчдаасаа санал авч эхэлсэн байна. Цаашлаад Төрийн ордны өрөө, чуулган болон байнгын хороодын хуралдааны танхимын багтаамж, ширээ сандал, микрофон нэмэх асуудлыг судлах ажлын хэсгийг УИХ-ын дэд дарга Б.Мөнхбаатар ахалж байгаа бөгөөд тус ажлын хэсэг тооцоо судалгаа хийж, УИХ-д танилцуулах юм байна. ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан " 126 гишүүнтэй болбол нэг өрөөнд хоёр гишүүнийг суулгаж, дунд нь нэг туслах ажиллуулна" гэж мэдэгдэж байсан удаатай. 

-ЗАСГИЙН ГАЗРЫГ НҮҮЛГЭХ ҮҮ-

Эх сурвалжийн мэдээлж буйгаар 2024 оны УИХ-ын сонгуулийн дараа УИХ-ын тамгын газар, Засгийн газрын хэрэг эрхлэх газрыг тус, тусад нь өөр, өөр обьектод байршуулах талаар мөн ярьж эхэлжээ. Учир нь гишүүдийн тоог нэмбэл Төрийн ордонд яагаад ч багтахааргүй байгаа аж. Чухам аль нь Төрийн ордонд үлдэх нь одоогоор тодорхойгүй байгаа юм. УИХ-ын намрын чуулганыг аравдугаар сарын эхний долоо хоногт багтаан нээдэг уламжлалтай билээ.

Дэгийн хуульд

  • Хуулийг 39 гишүүн баталж байгаа бол 64 гишүүн баталдаг болно
  • 64 гишүүний ирцтэйгээр чуулганы нэгдсэн хуралдаан эхэлнэ
  • Гишүүн бүхэн бус бүлэг, байнгын хороо, дэд ажлын хэсгээ төлөөлж үг хэлдэг болно
  • Гишүүд байнгын хороонд давхардаж орохгүй, нэг л байнгын хороонд харьяалагдана
  • Яам, байнгын хороодын тоо нэмэгдэнэ
  • 11 гишүүнтэй бүлэг байгуулах доод босго нэмэгдэнэ гэх өөрчлөлтийг оруулна гэх мэдээлэл бий билээ.