Дарханы төмөртэйн ордуудыг эзэмшиж 20-30 жилээр олборлолт явуулах хүсэлтийг илэрхийлж байсан БНХАУ-тай хамтран гангийн үйлдвэр барих тохироог ЕС Л.Оюун-Эрдэнэ хийжээ

Дарханы төмөртэйн ордуудыг эзэмшиж 20-30 жилээр олборлолт явуулах хүсэлтийг илэрхийлж байсан БНХАУ-тай хамтран гангийн үйлдвэр барих тохироог ЕС Л.Оюун-Эрдэнэ хийжээ

Үндэсний компани болох “Кью Эс Си” ХХК нь 2010 онд “Дархан төмөрлөгийн үйлдвэр” ТӨХК-тай хөрөнгө оруулалтын гэрээ байгуулж, “Уул уурхай металлургийн цогцолбор байгуулах” төслийг хэрэгжүүлж эхэлсэн байдаг.  

 -ДАРХАНЫ ТӨМӨРТЭЙН ОРДОД ХЯТАДУУДЫГ ОРУУЛАХ ТОХИРООГ ЕРӨНХИЙ САЙД Л.ОЮУН-ЭРДЭНЭ БНХАУ-Д АЙЛЧЛАХ ҮЕЭРЭЭ ШИЙДВЭРЛЭСЭН ҮҮ-

“Кью Эс Си” ХХК нь 13 жилийн хугацаанд энэхүү төсөлд 60 орчим сая долларын хөрөнгөө оруулсан ажилласан ч 2022 оны дөрөвдүгээр сард Засгийн газраас гэнэтийн шийдвэр гаргаж концессын гэрээг нь цуцалсан.

“Кью Эс Си” ХХК нь энэ асуудлаар учраа ололцох зорилгоор Засгийн газрын төлөөлөлтэй уулзах хүсэлтийг хэдэнтээ тавьсан гэдэг. Харин Засгийн газраас тэднийг нэг ч удаа хүлээн авч уулзаагүй атлаа хоёр долоо хоногийн өмнө “Кью Эс Си” компанийг улсад их хэмжээний хохирол учруулсан гэж мэдэгдсэн. Тодруулбал, ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын дарга болон үйлдвэрийн дарга нарынхаа хамтаар сууж байгаад Төрийн ордонд хэвлэлийн бага хурал хийж мөн “Дарханы төмөрлөгийн үйлдвэр”-т ажиллаж "“Кью Эс Си” ХХК нь хууран мэхлэх замаар улсыг 2,8 их наяд төгрөгөөр хохироосон" гэж мэдэгдсэн.

Яг үнэндээ өнгөрсөн нэг жил чив чимээгүй байсан төрийн төлөөлөл маргаан үүсгээд буй хувийн хэвшилтэйгээ уулзахгүй мөртлөө гэв гэнэт хэвлэлээр мэдэгдэл хийсэн нь анхаарал татсан. Тэгвэл Д.Амарбаясгалан гэнэт буюу Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн БНХАУ-д хийх айлчлалын өмнө хэвлэлээр ингэж акц явуулсан нь цаанаа учиртай байж.

Тодруулбал, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНХАУ-д хийсэн айлчлалынхаа үеэр Жөжян мужийн Нинбо хотод зочилж аж үйлдвэрийн сэргэлтийн хүрээнд гангийн үйлдвэр байгуулах чиглэлд хамтран ажиллахаар тохиролцсон. Энэ тохирооны суурийг тавьж, Д.Амарбаясгалан нь бужигнуулж.

“Нинбо гангийн үйлдвэр” нь түүхий эд цуглуулах, төмөр хийц, ган хайлуулах, цутгах, халуун цувих, хүйтэн цувих зэрэг иж бүрэн үйлдвэрлэл явуулдаг. Жилд дөрвөнсая тонн ган төмөр бэлдэц үйлдвэрлэдэг. Нийт хөрөнгө оруулалт нь 17 тэрбум юань. Үйлдвэр нь баруун талаараа дэлхийд алдартай Бейлун гүний усан боомттой залгадаг тул энэхүү боомтод тулгуурлан төмрийн хүдэр болон бусад түүхий эдийг буулгах талбайг байгуулсан нь тээвэр логистик ба газарзүйн давуу байдлыг үүсгэсэн аж.

Ерөнхий сайдын энэхүү уулзалт нь “Дарханы төмөрлөгийн үйлдвэр”-т тус үйлдвэрийг ажиллуулах гэж байна уу гэх ойлголтыг өгч байна. Хөшигний ард ч ийм яриа тохироо хийгдсэн гэх мэдээлэл байна. Тийм ч учраас айлчлалын өмнө тус үйлдвэрт төсөл хэрэгжүүлж байсан аж, ахуй нэгжийг баахан баалж гэж ойлгогдохоор байна.

-13 ЖИЛИЙН ӨМНӨ Ч ХЯТАДУУД ТУС УУРХАЙД АЖИЛЛАХ СОНИРХОЛТОЙ БАЙСАН. ИНГЭХДЭЭ УУРХАЙГ ХЯТАДЫН БАНКНЫ БАРЬЦААНД ТАВИХ ЭСВЭЛ 20-30 ЖИЛЭЭР ЭЗЭМШИНЭ ГЭЖ БАЙСАН НЬ БАРИМТААР ҮЛДЖЭЭ-

Энд нэг түүхийг товчхон дурдвал, “Дарханы төмөрлөгийн үйлдвэр”-т “Уул уурхай металлургийн цогцолбор байгуулах төсөл”-ийн тендерт анх “Кью Эс Си” ХХК-тай хамт БНХАУ-ын “Бао Ган”, Энэтхэгийн “Меско Стийл”, Солонгосын Поско мөн БНХАУ-ын CPMIE корпораци өрсөлдсөн байдаг.

Эдгээрээс үндэсний компани болох “Кью Эс Си” ХХК-г сонгосон шалтгаан нь үйлдвэрээс гадна ил уурхайд хөрөнгө оруулалт хийж, үйлдвэрлэн гаргах бүтээгдэхүүний нэр төрийг олшруулах цаашлаад тус үйлдвэрийн эзэмшлийн төмрийн хүдрийн ордуудаас болон “Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ТӨХК-ийн хувьцаанаас ямар нэг хувьцаа эзэмшихгүй гэсэнтэй холбоотой байсан гэдэг. Энэ талаар 2012 оны Төрийн өмчийн хорооны тогтоолд ч дурдаж байсан.

Харин бусад компанийн тухайд БНХАУ-ын “Бао Ган” л гэхэд Дарханын төмөртэйн ордыг эзэмшиж 20-30 жил олборлолт явуулна гэсэн байна. Мөн БНХАУ-ын CPMIE корпораци “Дарханы төмөрлөгийн үйлдвэр”-т төсөл хэрэгжүүлсэн тохиолдолд төмөртэйн ордыг 6-7 жилийн хугацаатай хятадын банканд барьцаалан зээл авч хөрөнгө оруулна гэж байж.

Харин Энэтхэгийн “Меско Стийл” компани Гангийн үйлдвэрийг өргөжүүлэхийн тулд “Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ТӨХК-ийн нийт хувьцааны 51 хувь буюу удирдлагын багцыг эзэмшиж технологийн үйл ажиллагааг хянахыг санал болгосон бол Солонгосын Поско компани судалгааны тайлангаа ирүүлэлгүй алга болж байжээ. Баримт бол ердөө энэ. 

БНХАУ-ын компани Дарханы төмөртэйн ордуудаас эзэмших сонирхолтой. Энэ сонирхлоо ч 13 жилийн өмнө илэрхийлж байсан байна. Харин Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн тохироо энэ сонирхлыг нь тойруулж чадсан уу эсвэл дайруулахаар болсон уу гэдэг нь анхаарал татаж байгаа юм.Монголчууд гангийн үйлдвэр барихаар ажиллаж байсан. Харин үүнийг үл ойшоож, энэ салбарт эртнээс сонирхолтой байсан хятадуудыг төмөртэйн орд руу оруулахаар бэлтгэж буй Засгийн газрын бодлогыг юу гэж ойлгох вэ. Цаашид ч арматурын хувьд хятадаас хараат байя жилд 300-400 сая долларыг урд хөрш рүү урсгасаар байя гэсэн үг үү.