“Ажлаа хийж явахад үйлчлүүлж байгаа хүмүүсийн хандлага л хамгийн гоё, заримдаа бас хамгийн муухай байдаг даа. Зарим хүн орж ирээд “Хөөх, эмэгтэй жолооч байна, ямар гоё юм бэ” гэж урам өгдөг. Харин зарим нь урдуур машин орж ирэхэд, эсвэл явган хүн гэнэт гарч ирээд тоормослоход уурлаж бухимдана. Согтуу хөлчүү хүн орж ирээд бүдүүлэг үг хэлж доромжлох тохиолдол ч гарна. Гэхдээ сайн нь муугаасаа олон байдаг хорвоод урам өгдөг хүн нь илүү байдаг болохоор ажилдаа дуртай, би.”
Их хотын өргөн чөлөөнд сүлжилдэх олон автобусны нэгийг жолоодонгоо ийн ярих бүсгүйг Б.Энхжин гэдэг. Тэрбээр гурван охины ээж, 25 настай залуу бүсгүй юм. Нийслэл хотод өдөрт дунджаар 1200 орчим автобус нийтийн тээврийн үйлчилгээ үзүүлдэг. Эдгээрээс цөөнгүй тооны автобусыг эмэгтэй жолооч жолоодон замын хөдөлгөөнд оролцож байна. Нэгэн үе “эмэгтэй хүн жолоо муу барьдаг” гэсэн ойлголт түгээмэл байсан ч энэ хандлага бага багаар өөрчлөгдөж, бүгд адилхан чадвартай гэдгийг ойлгож эхэлж байгаа нь сайшаалтай.
Б.Энхжингийн нөхрийг н.Баянсан гэдэг, 2021 онд “Зорчигч тээвэр гурав” компанид автобусны жолоочоор ажилд оржээ. Тэр үед нөхрөө өглөө ажилд нь хүргэж өгөөд, орой авахдаа баазын амьдрал сонирхолтой санагддаг байсан тул энэ үеэс автобусны жолооч болох шийдвэр гаргасан байна. Багадаа дуучин болно гэж мөрөөддөг байсан тэрбээр ийнхүү автобусны жолоо атгаад ес дэх сардаа ажиллаж байна.
“Би ажилд орохоосоо өмнө дунд оврын автобус жолоодож байсан болохоор харьцангуй хурдан сурсан. Гэхдээ эхний үед том машинууд хажуугаар өнгөрөхөд яг наалдчих гэж байгаа юм шиг санагдаад зугтаачихмаар болдог байлаа. Анхны зорчигчдоо авахдаа ч үнэхээр би энэ ажлыг хийж чадах уу гэж өөртөө эргэлзэж байсан үе бий. Гэхдээ хүн хариуцлага үүрэхээр айдас, эргэлзээгээ хойш тавьж, энэ олон хүний амь насыг хариуцаж яваа учраас маш болгоомжтой байх ёстой гэдгийг ойлгодог юм билээ. Эхэндээ хүмүүс гомдол хэлж, уурлахад бачуурч, өмнөөс нь хэрэлдэх шахдаг байсан бол одоо илүү хүлээцтэй, тайван болсон” гэж тэр ярив.
ВИДЕО:
- АЖИЛДАА ЯАРЧ ЯВАА ХҮМҮҮСИЙГ ОЧИХ ГАЗАРТ НЬ ХҮРГЭЭД "БАЯРЛАЛАА" ГЭДЭГ ҮГ СОНСОХ ХАМГИЙН САЙХАН-
Тэдний ажил өглөө, оройн хоёр ээлжтэй. Өглөөний ээлжинд гарвал ажилчдын автобусанд сууж, үүрийн дөрвөн цагт гэрээсээ гарна. Ингээд таван цаг гэхэд бааз дээрээ бэлэн болдог. Харин оройн ээлжинд гарсан бол буугаад гэртээ харих гэсээр шөнийн нэг цаг өнгөрөх үе ч бий.
“Миний ажлын хамгийн бахархмаар мөч бол өглөө нар мандахтай зэрэгцэн баазаасаа гарч, чиглэлийн эхлэл дээр очоод хамгийн эхний зорчигчдоо суулгах үе. Ажилдаа яарч яваа хүмүүсийг очих газарт нь хүргээд “баярлалаа” гэсэн үгийг сонсох хамгийн сайхан. Саяхан нэг жаахан охин буухдаа “Ямар мундаг юм бэ, баярлалаа” гээд гартаа бүлээн болтол нь атгасан чихрээ өгсөн. Тэр л хамгийн дурсамжтай санагдаж байна” гэж ярив. Ерөөс амьдралын хамгийн нандин дурсамж бол бяцхан охины бяцартал нь атгасан ганцхан чихэр л байдаг хойно доо.

-АВТОБУСНЫ ЭЦСИЙН БУУДЛУУДАД БИЕ ЗАСАХ ГАЗАР БАЙДАГГҮЙ НЬ ХАМГИЙН ТОМ БЭРХШЭЭЛ-
Автобусны жолооч нарт тулгардаг нэг хүндрэл бол бие засах газрын асуудал. Чиглэлийн хоёр эцэс дээр бие засах газар байхгүй, байсан ч буугаад ирэх хооронд зарим зорчигч хурдан хөдлөхийг шаардан бухимдах нь ч бий. Мөн өдрийн цайны цаг нь ердөө 20 минут байдаг аж. Гэсэн ч сүүлийн үед хүмүүсийн хандлага өөрчлөгдөж, илүү ойлгож хүлээцтэй болсон гэж Б.Энхжин хэлэв.
Тэрбээр автобусны жолоочийн ажлыг сонирхож буй эмэгтэйчүүдэд хандан “Маш их тэсвэр тэвчээр шаарддаг ажил. Өдөржин жолоо барьж яваад орой буухад хоёр хөл чичрэх үе ч гарна. Гэхдээ манай эмэгтэйчүүд салбар бүрт манлайлж байгаа учраас бүгд чадна аа. Манай хэсэгт гэхэд 15 гаруй эмэгтэй ажилладаг. Бүгд олон хүүхэдтэй ч ажлаа сайн хийж, цаг заваа зохицуулж чаддаг” хэмээн урам өгч байлаа. Замын хөдөлгөөнд эмэгтэй гэдгээр нь ялгаварлах тохиолдол гардаг. Гэхдээ эсрэгээрээ хүлээж байгаад зам тавьж өгдөг, дэмждэг хүмүүс ч олон байдаг гэдгийг тэр онцолсон юм.
Цаашдын төлөвлөгөөнийх нь талаар асуухад “Ажилдаа дуртай байгаа болохоор одоохондоо сайн ажиллаж, туршлага хуримтлуулахыг л хүсэж байна. Манай хэсгийн ах, эгч нар “Онц тээвэрчин” зэрэг шагнал хүртэхэд их урам авсан. Одоо би залуу байгаа учраас шагналын хойноос хөөцөлдөхгүй ээ” гэлээ.

-ЗАМД ЯВЖ БАЙХАД ЭВДРЭЛ ГЭМТЭЛ ГАРВАЛ ХАМГИЙН ТҮРҮҮНД НӨХӨР ЛҮҮГЭЭ ЗАЛГАДАГ-
Түүний ажилладаг компанид нэг автобусыг хоёр ээлжийн жолоочид хариуцуулж, засвар үйлчилгээг нь жолооч нар өөрсдөө анхаардаг аж. “Замд явж байхад эвдрэл гарвал хамгийн түрүүнд нөхөр рүүгээ залгадаг. Хэрвээ мэдэхгүй бол инженерүүд рүүгээ холбогдоно. Энэ автобусыг хүлээж авснаасаа хойш яг өөрийн машин шиг хайрлаж, аль болох эвдрэл багатай байлгахыг хичээдэг. Арчиж цэвэрлээд, шаардлагатай бол дор нь засвар үйлчилгээ хийлгэдэг. Сүүлдээ автобусныхаа занг мэддэг болчихсон. Миний одоо барьж байгаа автобусыг өмнө нь нөхөр маань унадаг байгаад, намайг ажилд ороход хүлээлгэж өгсөн юм. Одоо миний хоёр дахь гэр шиг л болсон доо. Өглөө орж ирээд л “Хоёулаа өнөөдөр эвдрэл гэмтэлгүй гоё явна шүү” гээд автобустайгаа мэндэлдэг” гэж тэр инээмсэглэн ярив.
Тэрбээр нөхөртэйгөө нэг хэсэгт ажилладаг бөгөөд хамт ажиллахад олон давуу талтайн дээр сул тал ч мөн байдаг талаар дурссан юм. “Нөхөртэйгөө хамт ажиллахын давуу тал нь өглөө хамтдаа гэрээсээ гарч ажилдаа яваад, орой хамтдаа харьдаг. Өмнө нөхрийнхөө ажлыг ойлгохыг хичээдэг ч өөрөө биеэрээ туулаагүй болохоор сайн мэддэггүй байсан бол цуг ажиллаад ирэхээр бие биенийгээ илүү сайн ойлгодог болдог юм байна. Амралтынхаа өдрөөр ч гэрийнхээ ажлыг хувааж хийгээд, бие биендээ болон гурван охиндоо илүү чанартай цаг гаргахыг эрмэлзэж байгаа. Бас бид өдөр ажлаа хийж байхдаа нэг нэгэндээ хань болж яриад явдаг. Харин хэцүү нь гэвэл утасны цаанаас л ярина уу гэхээс гэртээ таарах нь ховор болсон. Бид хоёр чөлөөт цагаараа хүүхдүүдтэйгээ цагийг өнгөрөөхийг хичээдэг. Аав ээжүүд маань хүүхдүүдийг цэцэрлэгт нь хүргэж өгч аваад ар гэртээ санаа зоволгүйгээр ажлаа хийх боломжоор хангадагт маш их баярлаж явдаг даа. Намайг анх автобусны жолооч болоход ч тэд маань маш их дэмжсэн. Зоригтой байна, гоё байна гээд л. Манай нөхөр бас “Чи чадна аа, хийгээд үз. Чи угаасаа техникийн авьяастай” гэж зоригжуулж байлаа” гэв.
Бидний ярилцлага энэ хүрэх үед автобус эцсийн зогсоол дээрээ ирж таарав. Орбит-Таван шар чиглэлийн автобус зорчигчдоо суулган цааш хөдөлж, бид ч ажлын зүг эргэлээ.