Унгарт дөрөвдүгээр сарын 12-нд парламентын сонгууль болох гэж байгаа бөгөөд энэ удаагийн санал хураалт нь тус улсын сүүлийн жилүүдийн хамгийн анхаарал татсан улс төрийн үйл явдлын нэг болоод байна. Олон улсын хэвлэлүүдийн мэдээлснээр одоо болох сонгууль нь 16 жил засгийн эрх барьж буй Ерөнхий сайд Виктор Орбаны ирээдүйг шийдэх чухал санал хураалт гэж үзэж байна.
Сонгуулийн өмнө эрх баригч болон сөрөг хүчнийхэн Будапешт хотод томоохон жагсаал зохион байгуулж, дэмжигчдээ дайчлахыг оролдсон байна. Орбаны удирддаг Фидес намын дэмжигчид “Энхийн марш” нэртэй жагсаал хийсэн бол сөрөг хүчний гол өрсөлдөгч болох Петер Мажарын тэргүүлдэг Тисза нам тусдаа цуглаан зохион байгуулжээ. Зарим санал асуулгаар Тисза нам давуу байдалтай гарч байгаа нь Орбаны засаглалд хамгийн том сорилт болж байгаа юм.
Орбан 2010 оноос хойш Унгарыг удирдаж байгаа бөгөөд түүний засаглалын үед тус улс Европын холбоотой зарим асуудлаар зөрчилдөж ирсэн. Ялангуяа гадаад бодлогын хүрээнд ОХУ-тай харьцангуй ойр харилцаатай байдаг нь олон улсын анхаарлыг татсаар ирсэн. Орбан Украин дахь дайны асуудлаар барууны зарим орноос өөр байр суурь баримталж, Украинд зэвсэг илгээхээс татгалздаг бөгөөд Киевийг Европын Холбоонд элсүүлэхийг дэмждэггүй юм.
Сонгуулийн кампанит ажлын үеэр Орбан санал хураалтыг “дайн эсвэл энх тайвны сонголт” гэж тодорхойлж, сөрөг хүчнийг Унгарыг дайнд татан оролцуулж болзошгүй гэж буруутгасан байна. Харин сөрөг хүчин энэ мэдэгдлийг няцааж, Унгарыг Европын Холбоо болон НАТО-той илүү ойр хамтран ажиллах ёстой гэж мэдэгджээ.
Сонирхуулахад, Унгарын парламент нэг танхимтай бөгөөд нийт 199 гишүүнтэй. Парламентын сонгууль дөрвөн жил тутам болдог бөгөөд гишүүдийг холимог тогтолцоогоор сонгодог юм. Үүнээс 106 гишүүнийг тойргоос шууд сонгож, үлдсэн 93 суудлыг намын жагсаалтаар саналын хувьтай уялдуулан хуваарилдаг. Засгийн газар байгуулахын тулд нам эсвэл намуудын эвсэл дор хаяж 100 суудлын дэмжлэг авах шаардлагатай.
Эх сурвалж: Reuters