Монгол Улсын иргэн Э.Шинэбаяр нь өөрийгөө Гадаадын иргэн, харьяатын газар болон Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газарт ажиллаж байсан хэмээн худал танилцуулж, гадаадаас ажиллах хүч, мэргэжилтэн авах хүсэлтэй иргэн, аж ахуйн нэгж, байгууллагуудыг залилсан хэрэг илэрчээ.
Тэрбээр “гадаадын иргэнийг Монгол Улсад урьж ирүүлэх, виз болон оршин суух зөвшөөрлийг гаргаж өгнө” хэмээн амлаж, иргэдээс их хэмжээний мөнгө авч санхүүгийн хохирол учруулсан байна. Мөн тухайн иргэн гадаадын иргэдийг хууль бусаар Монгол Улсад оршин суулгах, улмаар албадан гаргах нөхцөл байдалд хүргэх зэрэг хууль бус үйлдлийг удаа дараа гаргасан нь тогтоогдсон тул хэргийг холбогдох хуулийн байгууллагад шалгуулахаар шилжүүлжээ.
Иймд гадаадын иргэнийг Монгол Улсад урих, гадаадаас ажиллах хүч, мэргэжилтэн авах хүсэлтэй иргэн, аж ахуйн нэгж, байгууллагууд албан ёсны мэдээллийг Гадаадын иргэн, харьяатын газраас авч байхыг зөвлөсөн байна. Тус байгууллагын зөвлөгөө, мэдээллийн утас, цахим үйлчилгээ болон биечлэн хандаж шаардлагатай мэдээллийг авах боломжтой юм. Түүнчлэн дээрх байдлаар хохирсон иргэн, аж ахуйн нэгж, байгууллагууд холбогдох мэдээллийг Гадаадын иргэн, харьяатын газарт ирүүлэх, мөн Цагдаагийн байгууллагад хандахыг зөвлөлөө.
