УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах хуулийн төслийг ХҮН нам агуулгын хувьд дэмжиж байгаагаа илэрхийллээ

УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах хуулийн төслийг ХҮН нам агуулгын хувьд дэмжиж байгаагаа илэрхийллээ

УИХ дахь ХҮН намын зөвлөлийн хурлаар хэлэлцсэн асуудлын талаар мэдээлэл хийлээ.

УИХ-ын гишүүн П.Ганзориг " ХҮН намын зөвлөл хаврын чуулганаар их хурал, засгийн газрын түвшинд, УИХ дахь байнгын хороо, бүтцийн байгууллагуудын түвшинд ямар бодлого чиглэл барьж ажиллах вэ гэдгээ хэлэлцлээ. Мөн УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах хуулийн төсөл, Боловсролын сайд өргөдлөө өгсөн асуудал дээр мэдээлэл солилцсон. 2024 оны сонгуулиар ХҮН намаас 8 гишүүн сонгогдож, хамтарсан засгийн газарт ажиллахдаа тодорхой салбарын асуудлаар намынхаа мөрийн хөтөлбөрийг тусгаж хэрэгжүүлэхээр ажиллаж байна.

Эдийн засаг дахь хувийн хэвшлийн оролцоог нэмэгдүүлэх, татварын ачаа дарамтыг бууруулах чиглэлээр өргөн барьсан хуулийг энэ чуулганаар зайлшгүй хэлэлцэж батлах ёстой гэсэн байр суурьтай байна. Энэ хууль ХХОАТ, ААНОАТТХ, НӨАТ-ийн хувь хэмжээг бууруулж, аж ахуй нэгж ард иргэдэд жил бүр тулгардаг гурван их наяд төгрөгийн ачааллыг бууруулах ач холбогдолтой. Эрүүл мэнд, нийгмийн даатгалын тогтолцоог бүрэн шинэчлэх хуулийн төслийг оруулж ирж хэлэлцэж батлах ёстой. Хаврын чуулганаар хүн рүүгээ чиглэсэн хөрөнгө оруулалтыг нэгт тавьж, идэвх санаачилга гаргаж ажиллахыг шаардах болно.

Эрчим хүчний салбартай холбоотой хууль, эрх зүй, бодлогын асуудалд манлайлан оролцоно. Ерөнхийлөгчийн оруулж ирсэн УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах тухай хуулийн төслийг агуулгын хувьд дэмжиж байгаа. Гэвч өргөн барьсан хуулийн заалтад анхаарах ёстой зүйл байгаа нь 9.1.6-д их хурлын гишүүнийг эгүүлэн татах асуудлыг намын төлөөллийн төв байгууллага хэлэлцэж санал оруулах гэх мэт судлах зүйл байна. Хуулийн төслийг нарийвчлан судалж, санал дүгнэлт гаргах ажлын хэсгийг Г.Уянгахишиг гишүүнээр ахлуулан байгууллаа" гэв.