Ч.Хүрэлбаатар: Цалин, тэтгэврийг инфляцийн түвшинтэй уялдуулж нэмэгдүүлэхээр ярьж байна

Ч.Хүрэлбаатар: Цалин, тэтгэврийг инфляцийн түвшинтэй уялдуулж нэмэгдүүлэхээр ярьж байна

Өнөөдөр /2019.04.24/ сангийн сайд Ч.Хүрэлбаатар цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.

Тэрбээр: “Капитал банкнаас авлагатай Нийгмийн даатгал, Эрүүл мэндийн даатгалын газар улсын төсвийн мөнгө биш шүү дээ. Нэгдсэн төсвийн бүрэлдэхүүн хэсэгтэй, тусдаа үндэсний зөвлөлтэй, төсвөөс тодорхой хэсэг нь гарч, бусад хувийн хэвшлийнхний төлдөг мөнгө тэнд явж байдаг. Энэ сангуудыг Сангийн яаман дээр дуудаж тодорхой удирдамж чиглэл өгч ажиллаж байна.

Нэгэнт тэр мөнгө агаарт ууршчихаагүй учраас гүйцэд авах боломж бий, авахын төлөө ажиллана. Өмнөх банкууд дампуурч байх үеэс ялгаатай нь эдийн засгийн өсөлттэй, идэвхжиж байгаа үед энэ банкны асуудал гарлаа. Ямар нэгэн хөрөнгийг шамшигдуулахгүй байх тал дээр анхаарч ажиллана.

Түүхий эдийн үнийг бид тооцолдохдоо ОВУС-ийн хаврын уулзалтанд Сангийн яам орж дэлхийн эдийн засгийн байдал ямар байх вэ гэдгийг харсан. Ингэхэд 2020 онд дэлхийн эдийн засгийн нөхцөл байдал 2019 оноос сайн байхаар харагдаж байна. Энэ нь манай эдийн засагт эерэг нөлөөгөө үзүүлнэ гэж харж байна.

Мөн тэрбээр, төсвийн тогтвортой байдлын тухай хуулиар төсвийн алдагдлыг хуульчилж өгсөн. 2020 оны төсвийн алдагдлыг ДНБ эзлэх хувь хэмжээгээрээ 5,1 хувь байна гэж тооцсон. Төсвийн бүх зардлыг дотоодын нийт бүтээгдэхүүнд эзлэх хувь хэмжээг бууруулсан. Энэ нь сайн үзүүлэлт бөгөөд цаашид тууштай хэрэгжүүлж явах учиртай гэж үзсэн байна. Төсвийн хүрээг тооцохдоо ДНБ-д эзлэх хувь хэмжээ буурсан байхаар тооцсон.

Төсвийн хүрээний мэдэгдэлд тодорхой хэмжээний зардлуудыг суулгаж өгч байна. Тухайлбал, цалин тэтгэврийг инфляцийн түвшинтэй уялдуулж нэмэгдүүлэхээр ярьж байна. Мөн Засгийн газрын хуралдаанд 2020 он хүртэлх өрийн удирдлага гэсэн баримт бичгийг танилцуулжээ. Засгийн газрын өр ДНБ-ий 78.8 хувь байсан нь 2018 оны төгсгөлд 58.9 хувь болон буурсан. Арилжааны банкууд дээр байршиж байгаа Нийгмийн даатгалын сан, Эрүүл мэндийн даатгалын сангийн хөрөнгийг 2020 оноос эхлэн Төрийн санд төвлөрүүлэх бодлого баримтална.

2022 онд Чингис бондын 1 тэрбум, 2024 онд Хуралдай бондын 600 тэрбум доллар гээд нийт 2.9 тэрбум америк долларын өрийг төлөх ёстой бөгөөд үүнийг эдийн засагт хүндрэл учруулахгүй байхаар төлөх стратегийг баримт бичигтээ тусгалаа” гэв.

Б.ГЭРЭЛ