Цэцийн дарга Д.Одбаяр БНСУ-ын иргэнд бэлгийн дарамт үзүүлсэн хэрэгт холбогдож, тус улсын хуулиар торгуулж шийтгүүлсэн. Түүний энэ асуудал Монгол улсын гадаад нэр хүнд, төдийгүй БНСУ-д оршин суугаа манай улсын иргэдийн хувьд ч нэр хүндийг нь унагасан үйлдэл болсон юм.
-ЦЭЦИЙН ДАРГЫГ СОНГОХ ХУРАЛДААНД Д.ОДБАЯР ОРОЛЦОХ НЬ ЗӨВ ҮҮ-
Харин Д.Одбаяр Үндсэн хуулийн цэцийн даргын албан тушаалаас огцрох өргөдлөө өгсөн байдаг. Тэрээр цэцийн даргын албан тушаалаасаа буусан ч цэцийн гишүүн хэвээр үлдэж байгаа юм. Учир нь түүнийг цэцийн гишүүнээс нь огцруулах санал УИХ-аас өдийг хүртэл гараагүй байна. Өнөөдөр Үндсэн хуулийн цэцийн даргыг сонгох хурал, санал хураалт Цэцийн есөн гишүүний дунд явагдана. Тэгвэл тус хуралдаан болоод “Цэцийн даргыг сонгох санал хураалтад Д.Одбаяр оролцох ёс зүй байгаа юу?” гэсэн асуулт нийгэмд үүсээд байна. Учир нь түүнийг цэцийн дарга төдийгүй цэцийн гишүүнээс огцрох нь зөв гэсэн байр суурь нийгэмд давамгайлж байгаа юм.
-ХУУЛЬ ЗҮЙН ЯАМНЫ ФРАКЦ “ҮНДСЭН ХУУЛИЙН ЦЭЦ”-ЭЭР ТОГЛОЖ БАЙНА УУ-
Ямартай ч Үндсэн хуулийн цэцийн дарга огцорсон тул дараагийн дарга сонгогдох хүртэл цэцийн хамгийн ахмад гишүүн цэцийн хуралдааныг даргалах хуультай. Хууль ёсоор цэцийн хамгийн ахмад гишүүн Ш.Цогтоо хуралдааныг удирдах ёстой ч Н.Чинбат хуралдааныг удирдаж байгаа ажээ. Энэ нь Д.Одбаяр нарын зүгээс Н.Чинбатыг дараагийн цэцийн даргад зүтгүүлж байгаатай холбоотой ажээ. Учир нь тэд Д.Одбаярыг Хууль зүйн сайд байх үед тус яаманд хамт ажиллаж байжээ. Харин Ерөнхийлөгч Х.Баттулгын зүгээс цэцийн эмэгтэй гишүүд дунд цэцийн даргыг томилох нь зөв гэсэн байр суурийг илэрхийлсэн байдаг.