Монголд анх удаа өвлийн улиралд хөлбөмбөгийн тоглолт хүлээн авах боломжтой талбай баригдаж буй талаар бид өмнө нь мэдээлж байсан.
Тодруулбал, Төв аймгийн Зуунмод хотноо Манзушир хийд явах замд буюу Улаанбаатар хотоос 42 км зайд Олон улсын тэмцээн явуулах боломжтой стандартад нийцсэн хөл бөмбөгийн талбай бий. Энэхүү талбайд дулаалга хийж өвлийн улиралд ч тоглолт зохион байгуулах боломжтой битүү хучилт хийжээ. Тус хөл бөмбөгийн талбай нь 2016 онд ашиглалтад орсон бөгөөд Fifa Quality Pro гэрэлтүүлэг, стандарт хиймэл ногоон зүлэгжүүлэлт бүхий талбай, бэлтгэлийн хэрэгсэл, нэгэн зэрэг 70 хүртэлх хүнд үйлчлэх ор, 80 хүртэлх хүнд үйлчлэх рестораны хүчин чадалтай юм. Мөн багийн хурал зөвлөгөөн хийх 30-40 хүний багтаамжтай хурлын өрөө болон 8-10 хүний багтаамжтай уулзалтын өрөөтэй аж.
ВИДЕО:
Иймд бид энэ удаа Монголын хөл бөмбөгийн холбооны бүтээн байгуулж ашиглалтад оруулахаар ажиллаж буй гурав дахь стандартад нийцсэн хөлбөмбөгийн талбайд буюу дээрх битүү хучилттай талбайг сурвалжиллаа. Энэхүү хөлбөмбөгийн талбай нь 12 сар бэлтгэл хийх бүрэн боломжтой, 10-15 хэмийн дулаан гэдгээрээ онцлог Азидаа цорын ганц битүү дээвэртэй талбай юм.
Тус талбайн талаар МХБХ-ны маркетинг хэвлэл мэдээлэл хариуцсан ахлах Э.Амарсайхан "Энэ төсөл маань анх ярилцаж төлөвлөснөөс хойш гурван жилийн дараа амьдрал дээр биеллээ олж байна. Энэ бол Олон улсын хөл бөмбөгийн холбооны "Air doam foweard" төслийн хүрээнд хийгдэж буй Азидаа анхны стандарт талбайн бүтэн хучилт гэсэн үг. Үүнийг хийснээр манай шигшээ багууд 12 сарын хугацаанд бэлтгэлээ базаах бүрэн боломжтой болсон. Өөрөөр хэлбэл манай тамирчдын сул тал нь Монгол орон өвлийн улирал ихтэй учраас хүйтний улиралд стандарт талбайд бэлтгэл хийх байсан бол одоо жилийн дөрвөн улирал бэлтгэл хийх боломжтой болж байна. Тамирчдын амжилт ажлын үр дүнд нөлөөлөх томоохон хүчин зүйл болж, Монголын хөлбөмбөгт маш том хувь нэмэр орууллаа.
-Энэ талбайд тамирчдаас гадна хөлбөмбөг сонирхогчид ирж үйлчлүүлэх боломжтой юу?
-Тэгэлгүй яах вэ. Хувь албан байгууллага гээд хүн бүхэнд нээлттэй хамтран ажиллах боломжтой. Мөн олон улсын шигшээ багууд энд ирж байрлаж бэлтгэл хийх сонирхолтой байгаа. Мэдээж бизнесийн багуудтай хамтран ажиллаж тодорхой цаг гаргаж өгнө. Харин лигийн багууд маань хөндөлттэйгөөр бэлтгэл хийж байгаа.
-Гурван жил яригдсан төсөл гэсэн шүү дээ. Хэн санаачилж, хаанаас дэмжсэн бэ?
-Манай МХБХ анх хүйтний улирал ихтэй учир жилийн дөрвөн улирал хичээллэдэг талбайтай болох төслийг санаачилж Олон улсын хөл бөмбөгийн холбоо, FIFA-д санал тавьснаар маш удаан яригдаж байгаад биеллээ олсон төсөл юм.
-FIFA-гаас анх удаа азийн оронд хийж буй талбай гэж ойлгосон. Тэгвэл олон улсын хэмжээнд ийм талбай хэд байдаг вэ?
-Яг ийм битүү хучилттай стандарт талбай дэлхийд одоогоор хоёр байгаа. Үүний нэг нь Беларуст баригдсан.
-Талбайн хэмжээ болон халаалтын хувьд?
-Энэхүү талбай маань өндрийн хувьд дээшээ 27 метр есөн давхар байшин гэсэн үг. Талбайн урт 100 метр, өргөн нь 70 метр яг стандарт гэсэн үг. Халаалтын хувьд талбайг тойроод 20 гаруй халаалтын пар байгаа. Мөн агааржуулалттай. Өвөлдөө гадаа 40 хүрсэн ч гэсэн энд дунджаа бариад 10 хэмийн халуунд бэлтгэлээ санаа зоволтгүй салхигүй, наргүй хийх боломжтой. Мөн Энэ газар хотоос 42 км зайтай цэвэр агаарт байрладаг.
-Талбайн нээлт хэзээ болох вэ?
-Бид нээлтэй дөрөв, тавдугаар сард төлөвлөж байгаа. Гуравдугаар сард FIFA хүлээн авна. Ингэхээр бусад бүх мэдээллийг дэлгэрэнгүй тавина. Мөн байгууллагуудтай хамтран ажиллах бүрэн боломжтой.
Уг талбайд одоогоор МХБХ-ны шүүгчид байрлаж бэлтгэл хийж байгаа бөгөөд лигийн тамирчид мөн бэлтгэлээ гаргаж буй аж. Иймд бэлтгэл хийж буй шүүгчдийн сэтгэгдлээс хүргэе.
МХБХ-ны "С" ангилалтай шүүгч Г.Энэрэл "Анх зургаас харахдаа ийм том гоё гэж бодоогүй. Орж ирээд дээшээ бөмбөг өшиглөж үзэхэд хүрэхгүй байсан. Мэдээж ийм гоё талбайтай болсондоо маш их баяртай байна. Бас надад хамгийн их таалагдсан зүйл нь хувцас солих өрөө байрлах өрөө зэргийн дүүш, нэг удаагийн цэвэр хэрэглэлүүд нь биед амар тохилог сайхан байдаг. Байрладаг өрөө маань тохижилт сайтай өдрийн гурван хоолтой болохоор ямар ч сатаарах зүйлгүй тухтай бэлтгэлээ хийнэ гэдэг хамгийн сайхан нь байна даа" гэсэн юм.
Түүний хувьд одоо 18 настай МХБХ-ны эмэгтэй шүүгч бөгөөд БХИС-ийн сонсогчоор суралцдаг аж. Шүүгч болсон талаараа ярихдаа эмэгтэй шүүгч гээд зарим нь голох ч юм уу. Тиймэрхүү тохиолдол нэлээд гардаг гэхдээ туслах шүүгчээр ажиллаж байхдаа тамирчин дагаж шүүхдээ өөрөөрөө баярладаг.
ОУХБ холбооны шүүгч МХБХ-ны "А" ангилалтай шүүгч Г.Сүх-Эрдэнэ "Дөрвөн улирал хичээллэх боломжтой зундаа сэрүүн, өвөлдөө дулаан талбайтай болсон нь Монголын хөл бөмбөгт маш том амжилтыг авчирч чадна гэж бодож байна. Мэдээж анх орж ирэхдээ хэлэх үг олдоогүй ээ. Бодсоноос маш том үнэхээр тохилог байсан. Байнга бэлтгэл хийх шаардлагатай байдаг шүүгч нарын минь хувьд ч сайхан бүтээн байгуулалт боллоо" хэмээсэн юм.
ФОТО: