Өнөөдөр Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр. Дэлхий нийтээр энэ өдөр эрх нь зөрчигдсөн, зөрчигдөж болзошгүй байгаа олон олон эмэгтэйчүүдийн эрхийн төлөө, гэр бүлийн хүчирхийлэл, эмэгтэйчүүдийн эсрэг үйлдэгдэж буй элдэв дарамт, шахалтын эсрэг дуу хоолойгоо нэгдэх учиртай. Тиймээс бид Монгол Улсад эмэгтэйчүүдийн эрх хаана, хэрхэн зөрчигдөж байна вэ гэдэг асуудлыг энд удаад хөндөж байна.
Хүний эрхийн олон улсын хэм хэмжээнд хүн бүр амьдарч буй орчин, гэр бүлдээ айх аюулгүй, аливаа хүчирхийлэл, дарамтаас ангид байх эрхийг баталгаажуулсан. Гэтэл манай улсад эмэгтэйчүүд гэр бүлийн хүрээнд хүчирхийлэлд өртөж, эрх нь зөрчигдөх явдал давамгайлж байна. Мөн улс төр дэх эмэгтэйчүүдийн жендерийн асуудал хүнд байсаар байгааг баримтаар хүргэж байна.
-ГЭР БҮЛИЙН ХҮЧИРХИЙЛЭЛД ӨРТСӨН ХОХИРОГЧИЙГ ХАМГААЛАХ БАЙРГҮЙН УЛМААС ДАХИН ХҮЧИРХИЙЛЭЛД ӨРТӨЖ, НЭГ НҮДЭЭ УНИАР СОХЛУУЛЖЭЭ-
Хүний эрхийн үндэсний комиссын илтгэлд малчин эмэгтэйчүүд хүчирхийллийн хэлбэрийг дараах байдлаар тодорхойлжээ. Санал асуулгад оролцсон 406 малчин эмэгтэй 14 хувь нь алгадаж, цохих, өшиглөх, гарт таарсан зүйлсээ шийдэх, 13 хувь нь хэл амаар доромжлох, дайрч давшлах, 10 хувь нь айлган сүрдүүлэх, гэрээс хөөх, 8 хувь нь хутга, мэсний зүйлс барьж, айлган сүрдүүлэх, 6.8 хувь нь үснээс зулгаах, хоолой боох зэрэг үйлдэл бүхий хүчирхийллийн хэлбэр нийтлэг гардаг гэжээ.
Тухайлбал, Сүхбаатар аймагт гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн хохирогчийг хамгаалах байр, нэг цэгийн үйлчилгээний төв байхгүй учраас хүчирхийлэлд өртсөн нэгэн малчин эмэгтэй дахин хүчирхийлэлд өртөж, улмаар хараагаа 70 хувь алдсан харамсалтай хэрэг гарчээ. Энэ талаар хохирогч болсон эмэгтэй "Нөхөртэйгөө амьдраад 27 жил болсон, хоёр хүүхэдтэй, гэрлэлтээ батлуулаагүй болохоор гэрлэлтийн гэрчилгээ байхгүй. Нөхөртөө олон удаа зодуулж, ах дүү нарт нь хэлэх хэлэхгүйгээр доромжлуулж, зодуулж, дарамтлуулж байна. Нөхөртөө зодуулаад харааны бэрхшээлтэй болсон. Хараа 70 хувийн алдагдалтай. Миний нүдийг униар хатгаж ийм болгосон. Тухайн үед айсандаа мориноос унаад нүдээ гэмтээчихлээ гэж эмчид худлаа хэлсэн. Энэ хүнийг хэрэг төвөгт оруулаад яахав гээд уучлаад өнгөрөөдөг байсан. Нөхөр бид хоёр хамт амьдарсан цагаасаа 1993-2012 он хүртэл ахынх нь малыг ямар ч хөлсгүй маллаж ирсэн. Ах нь хүртэл намайг зодож, үг хэлээр доромжилдог. Хадам ах нь бидний талаар ярих юм бол гишгэх газаргүй болгоно, чамайг нөхөртэй чинь 27 жил тэжээсэн, чамд юу ч өгөхгүй гэж дарамталж гэрээс минь хөөсөн. Үнэндээ хөлсөлж байгаа байрныхаа түрээсийг ч төлж чадахгүй тийм л нөхцөл байдалтай байна. Группын мөнгөөрөө зээл авчихсан. Надад ах, дүү хамаатан садан гэж байхгүй" хэмээн өгүүлсэн байна.
-БОГТЛОГДОЖ АЙЛЫН БЭР БОЛСОН ЦАГААСАА ХҮЧИРХИЙЛЛИЙН ЗОЛИОС БОЛСОН БАЙНА-
Малчин эмэгтэйчүүд хүчирхийлэлд ихээр өртөж байгаа ч цагдаагийн байгууллагад хандах явдал маш бага байдаг бөгөөд хуулийн байгууллагад хандсан ч асуудлаа шийдэж чаддаггүй аж. Энэ талаар Увс аймгийн нэгэн сумын малчин эмэгтэй ХЭҮК-т хандаж, "Миний бие хөдөө нөхөр, 4 хүүхдийн хамт мал маллаж амьдардаг. Богтлогдож айлын эхнэр болохоос өмнө нөхрөө нэг л удаа харсан. Тэр үед би дээд сургуулиа төгсөөд аймагтаа ирчихсэн, мэргэжлээрээ ажил олоогүй учраас хувийн компанид худалдагчаар ажиллаж байсан. Тэгээд орой ажлаа тараад явж байтал нэг машинтай хүн дэргэд ирж зогсоод хаана хүрэх вэ, гадаа хүйтэн байна, гэрт чинь дөхүүлээд өгье гэж хэлсэн. Би машинд суусан, хэсэг явж байтал ард нь сууж явсан залуу буюу манай нөхөр намайг хүчээр авч явсан. Аймгийн төвөөс 190 гаруй км зайтай нэгэн сумын нутагт нөхрийн аав ээжийн гэрт хүчээр авчирч, аавынхаа болон өөрийнхөө гэрийн галд мөргүүлсэн. Яах ийхийн зуургүй шинэ дээл, хувцас өмсгөж, “Эмэгтэй хүн цагаан зээр хоёр нутаггүй байдаг юм, манай хүүтэй амьдралын замаа холбо, манай хүү муу хүн биш, бид маргааш танай аав ээжид хадаг сүү барьж очно” гэсэн. Хэдийгээр хүсээгүй ч, хэрэв татгалзсан тохиолдолд насаараа жаргал үзэхгүй, ганц бие явдаг гэж урьд нь сонсож байсан учраас уйлан байж эхнэр нь болсон. Шөнө нь манай нөхөр хүчээр бэлгийн харьцаанд орж, удалгүй жирэмсэн болсон. Нэгэнт хүний эхнэр болсон учраас янз бүрийн ааш зан гаргах бүрт тэвчээд амьдарч ирсэн. Гэтэл тэр цагаас хойш байнга зодож, дарамталдаг болсон. Олон удаа цагдаад гомдол гаргаж, эрүүгийн болон зөрчлийн хэргээр арга хэмжээ авахуулж байсан. Нөхөр хоёр ч удаа намайг зодож, хүнд гэмтэл учруулсан учраас аймгийн Цагдаагийн газраас эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татаж, прокуророос яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлсэн ч, шүүхээс хэргийг хэрэгсэхгүй болгосон. Тухайн үед гомдолгүй гэсэн бичиг хийж өгсөн маань буруу байжээ. Би нөхөртэйгээ байнга хэрүүлтэй байж ирсэн. Гэрлэлтээ цуцлуулж 4 хүүхдээ болон мал, гэр зэргээ өөртөө авмаар байна" хэмээн учирлаж байжээ.
-НӨХӨР НЬ БАЙНГА ЗОДОЖ ДАРАМТАЛДАГ УЧИР АМИА ХОРЛОХЫГ ЗАВДЖЭЭ-
Хүчирхийлэлд өртсөн эмэгтэйчүүд гэр бүлийн нэр төрөө бодож хэн нэгэнд мэдэгдэлгүй өнгөрдөг байна. Мөн тэд хүчирхийлэгчийг засрал авна гэж найддаг, дахин зодуулахаас айдаг зэргээс шалтгаалан холбогдох газарт ханддаггүй бөгөөд хүчирхийлэлд өртсөн тухайгаа төрөл садан, найз нөхдөдөө хэлдэг аж.
Хөвсгөл аймгийн нэгэн сумын малчин эмэгтэй "Манай нутгийн бэр болж ирсэн 30 настай эмэгтэй нөхөр, гурван хүүхдийн хамт амьдардаг. Нөхөр нь архи ууж элдвээр харааж, доромжлон зоддог. Өмнө нь тэр бүсгүй нөхөртөө зодуулаад харанхуй шөнө хүүхдүүдээ дагуулаад гүйж ирэхэд нь орон гэртээ оруулж, хоол унд хийж өгч хонуулж байсан. Үүнээс хойш нөхөр нь намайг үзэхээ байсан. Тус эмэгтэйг нөхөр нь байнга зодож дарамталдаг болохоор сүүлдээ амиа хорлохыг завдаж, өөрийгөө хутгалж байсан. Энэ асуудлаар цагдаагийн байгууллагад хандаж байгаагүй. Учир нь хадмууд нь “Чи өөрийгөө хутгалсан, бүх зүйл чамаас болдог биз дээ” гэх мэтээр дарамталдаг болсон" гэжээ.
-УЛСТӨРЧ ЭМЭГТЭЙЧҮҮД НАМЫН КВОТ ТОГТООХ, НЭР ДЭВШҮҮЛЭХ ҮЕ ШАТАНД БЭЛГИЙН ДАРАМТАД ИХЭЭР ӨРТДӨГ БАЙНА-
Улс төр дэх эмэгтэйчүүдийн жендерийн асуудал хүнд байсаар байгаагийн нэг шалтгаан нь улстөрч эмэгтэйчүүдийн бэлгийн дарамтад өртөх явдал байдаг байна. Тодруулбал, улстөрч эмэгтэйчүүд намын квот тогтоох, нэр дэвшүүлэх үе шатанд хамгийн ихээр бэлгийн дарамтад өртдөг байна.
Энэ талаар ХЭҮК-оос "Бэлгийн дарамтад өртөх зөрчил намын квот тогтоох, нэр дэвшүүлэх үе шатанд хамгийн өндөр буюу 66.7 хувь, сонгуулийн сурталчилгаа хийх үе шатанд 22.2 хувь, санал хураалтын эцсийн дүн гарах үе шатанд 11.1 хувь эзэлж байгаа нь улс төрч эмэгтэйчүүд нэр дэвших явцдаа байнга бэлгийн дарамтад өртөж эрх нь ноцтой зөрчигдөж байна" гэж дүгнэсэн байх аж.