ВИДЕО: "Засгийн эрхийг хууль бусаар авах" хэрэгт яллагдагчаар татагдсан Х.Булгантуяа чуулганы хурлаас "эмнэлгийн чөлөө" авч хоёр сарын турш ажилдаа ирсэнгүй

ВИДЕО: "Засгийн эрхийг хууль бусаар авах" хэрэгт яллагдагчаар татагдсан Х.Булгантуяа чуулганы хурлаас "эмнэлгийн чөлөө" авч хоёр сарын турш ажилдаа ирсэнгүй

УИХ-ын гишүүн Х.Булгантуяа нь аравдугаар сарын 17-ны өдрөөс /2025.10.17/ хойш бүтэн хоёр сарын хугацаанд Төрийн ордонд ирж ажлаа хийсэнгүй. УИХ-ын тамгын газраас гаргадаг "Гишүүдийн ирц"-ийн мэдээллээр тэрбээр энэ хугацаанд 24 удаагийн хурлаас  чөлөө болон эмнэлгийн чөлөө авч оролцоогүй байна. Дундуур нь намынхаа Их хуралд оролцсоныг олон нийт санаж байгаа. 

ВИДЕО: 

-Х.БУЛГАНТУЯА НЬ 24 УДААГИЙН ЧУУЛГАНЫ ХУРЛААС ЧӨЛӨӨ, ЭМНЭЛГИЙН ЧӨЛӨӨ АВЧЭЭ-

Түүний ирцийн мэдээг ЭНД дарж харна уу. Долоо хоног бүрийн даваа гарагт намын бүлэг, мягмар, лхагва гарагт байнгын хороод, пүрэв, баасан гарагт чуулганы хуралдааныг хуралдуулдаг. Эдгээр хуралд УИХ-ын гишүүн нь зайлшгүй оролцох үүрэгтэй. Гэтэл Х.Баттулга, Л.Оюун-Эрдэнэ нарын хэсэг гишүүн хуралдаа ёс юм шиг оролцохгүй болоод удаж байна. Сүүлийн үед тэдэн дээр Д.Амарбаясгалан, Х.Булгантуяа нэмэгдсэн нь энэ. 

Монгол Улсын Үндсэн хуулийн 3.1-т 1.Монгол Улсад засгийн бүх эрх ард түмний мэдэлд байна. Монголын ард түмэн төрийн үйл хэрэгт шууд оролцож, мөн сонгож байгуулсан төрийн эрх барих төлөөлөгчдийн байгууллагаараа уламжлан энэхүү эрхээ эдэлнэ гэж заасан байдаг. Гэтэл Х.Булгантуяа нь хуралдаа ирэхгүй байгаагаас болж 2024 оны УИХ-ын сонгуулиар түүнийг сонгосон Баянзүрх дүүргийн иргэд энэ эрхээ эдэлж чадахгүй байна. УИХ-ын гишүүн нь хууль тогтоох дээд байгууллагад иргэд, сонгогчдыг төлөөлөн ажиллаж, тэдний дуу хоолойг төрд хүргэж ажиллах үүрэгтэй. Гэтэл энэ үүргээ биелүүлэхгүй байгаа олон гишүүн байгаа юм. 

-БАЯНЗҮРХ ДҮҮРГИЙН ИРГЭД ТӨЛӨӨЛЛӨӨРӨӨ ДАМЖУУЛАН ТӨРИЙН ЭРХИЙГ БАРИХ ЭРХЭЭ ЭДЭЛЖ ЧАДАХГҮЙ БАЙНА -

Сануулахад, Г.Занданшатарын Засгийн газрыг огцруулахдаа Үндсэн хууль зөрчиж, буруу "саналын томъёолол"-ыг ашигласан гэсэн дүгнэлтийг Үндсэн хуулийн цэцээс аравдугаар сарын 22-ны өдөр /2025.10.22/ гаргасан. Мөн тус чуулганы хуралдааныг удирдсан УИХ-ын дэд дарга Х.Булгантуяаг Үндсэн хууль зөрчсөн болохыг тогтоосон. Цэцийн энэ шийдвэртэй холбоотойгоор өнгөрсөн сарын 12-ны /2025.11.12/ өдрийн чуулганы хуралдаанаар Х.Булгантуяаг УИХ-ын дэд даргаас чөлөөлөх асуудлыг хэлэлцэж хуралдаанд оролцсон гишүүдийн 66.7 хувийн саналаар дэмжсэн байдаг.

Түүнийг төрийн өндөр албан тушаалгүй болгож, улс төрийн төрийн хариуцлага тооцсон нь энэ. Одоо нэг асуудал үлдсэн нь хуулийн хариуцлага. Тодруулбал, түүнийг УИХ-ын гишүүнээс нь эргүүлэн татах үндэслэл бий бөгөөд энэ асуудлыг УИХ-аар хэрхэн шийдвэрлэх нь одоог хүртэл тодорхойгүй байна.  Үндсэн хууль зөрчсөн гэдгийг Үндсэн хуулийн цэцийн их суудлын хуралдаанаас тогтоосон. УИХ-ын тухай хуулийн 9.1.4.-т Монгол Улсын Үндсэн хуулийн цэц Монгол Улсын Үндсэн хуулийн Жаран зургадугаар зүйлийн 2 дахь хэсгийн 4-т зааснаар гишүүнийг эгүүлэн татах үндэслэлтэй гэсэн дүгнэлт гаргасныг Улсын Их Хурал хүлээн зөвшөөрсөн, 9.3.-т Монгол Улсын Үндсэн хуулийн цэц гишүүнийг тангаргаасаа няцаж Монгол Улсын Үндсэн хууль зөрчсөн гэсэн дүгнэлт гаргасныг Улсын Их Хурал хүлээн зөвшөөрсөн бол түүнийг эгүүлэн татах эсэх асуудлыг Улсын Их Хурал хэлэлцэн шийдвэрлэнэ гэсэн байна.

Мөн УИХ-ын гишүүний тангарагт, "Монгол Улсыг Их хурлын гишүүн би ард түмнийхээ элчийн хувьд нийт иргэн улсын ашиг сонирхлыг эрхэмлэн төрт ёс, түүх соёлынхоо уламжлалыг хүндэтгэж, Монгол Улсын Үндсэн хуулийг дээдлэн сахиж, авлига ашиг сонирхлын зөрчлөөс ангид байж гишүүний үүргээ чин шударгаар биелүүлэхээ тангараглаж байна" гэж хэлдэг. Үүнээс үзвэл Х.Булгантуяа нь УИХ-ын гишүүнийг эргүүлэн татахтай холбоотой дээрх хоёр заалтыг хоёуланг нь зөрчсөн байгаа юм.  Энэ дагуу түүнийг УИХ-ын гишүүнээс эргүүлэн татах асуудлыг УИХ-аар заавал хэлэлцэх бөгөөд эргүүлэн татах үндэслэлгүй гэж үзэн авч үлдэж ч болно гэж буй. 

-ТҮҮНИЙГ ТӨРИЙН ЭРХ МЭДЛИЙГ ХУУЛЬ БУСААР АВАХ ГЭСЭН БАЙЖ БОЛЗОШГҮЙ ГЭХ ҮНДЭСЛЭЛЭЭР ТАГНУУЛЫН БАЙГУУЛЛАГААС ЯЛЛАГДАГЧААР ТАТАН ШАЛГАЖ БАЙНА-

Дээрхээс гадна бас нэгэн ноцтой асуудал байгаа нь иргэн О.Отгонтөгсийн гомдлоор түүнийг Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Ц.Сандаг-Очир, УИХ-ын гишүүн П.Сайнзориг нарын хамтаар  Тагнуулын байгууллагаас шалгаж байгаа юм.

Хамгийн сүүлийн үеийн мэдээллээр УИХ-ын гишүүн Х.Булгантуяа, УИХ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Баасандорж нарыг яллагдагчаар татан, мөрдөн шалгах ажиллагааг явуулж байгаа гэж буй.

Дээрх нэр бүхий хүмүүсийг  Эрүүгийн хуулийн 19.2 дугаар зүйл буюу төрийн эрх мэдлийг хууль бусаар авах, саатуулах гэсэн заалтаар яллагдагчаар татсан гэх мэдээлэл байгаа юм. Энэ шалгах явцад тэднийг эргүүлэн татах асуудлыг прокуророос оруулж ирж ч магадгүй нөхцөл байдалтай байгаа. Ямартай ч Үндсэн хууль зөрчсөн гэх асуудалд нэр холбогдсон түүний нөхцөл байдал сонгогчдыг нь ч татаж, УИХ-д төлөөлөх хүнгүй болгожээ.