Улаанбаатар метро төслийн бүтээн байгуулалтын EPC гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах I шатны тендерийг 2024 оны аравдугаар сард зарлаж, 2025 оны дөрөвдүгээр сард нээсэн. Тус тендерт Их Британи, ОХУ, Франц, Энэтхэг, БНХАУ, Монгол, БНСУ-ын 27 оролцогч байгууллага материал ирүүлж, сонирхлоо илэрхийлсэн.
Тэгвэл Улаанбаатар метроны бүтээн байгуулалтын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах II шатны тендерийн баримт бичгийг эцэслэн боловсруулж дууслаа. Өнөөдөр уг тендерийг EPC+F нөхцөлөөр материалаа ирүүлсэн 27 оролцогчийн дунд зарлаж байна. Төслийн II шатны тендерийг хоёр багцтай зарлалаа.
Тодруулбал, “Багц I”-ийн төсөвт өртөг 6.6 их наяд төгрөг байна. Үүнээс гүйцэтгэгч төсөвт өртгийн 85 хувийг санхүүжүүлэх саналыг тендерийн хамт хүргүүлэх бөгөөд 15 хувийг нийслэлийн төсвөөс санхүүжүүлнэ. Төслийн “Багц II”-ын тендерийг 2026 оны IV улиралд зарлана. Улаанбаатар метро төслийн менежментийн зөвлөхөөр БНСУ-ын “Духуа Инженеринг” тэргүүтэй түншлэл 2024 оны долоодугаар сараас ажиллаж, метро төслийн шинэчилсэн техник, эдийн засгийн үндэслэл, концепц, зураг төслийг боловсруулж, холбогдох төрийн байгууллагуудаар үе шаттайгаар хэлэлцүүлж магадлуулж дууссан. Шинэчилсэн ТЭЗҮ-ээр Улаанбаатар метро төсөл нь Энхтайваны өргөн чөлөө дагуу 19.4 км урт, нийтдээ газар доогуур 20-30 метр гүнд явна. 15 өртөөнөөс бүрдэнэ. Оргил ачааллын үед цагт нэг чиглэлд 17 мянган зорчигч тээвэрлэх хүчин чадалтай байна. 2030 он гэхэд Улаанбаатар хотод өдөрт 4.5 сая зорчилт хийгдэхээс метро төслөөр өдөрт 450 мянган зорчилт хийхээр тооцоолжээ.