Монголын фейсбүүк орчинд Оросууд худал мэдээлэл тарааж буйг судалжээ

Монголын фейсбүүк орчинд Оросууд худал мэдээлэл тарааж буйг судалжээ

Германы DW агентлаг болон Nest Center төвийн хамтарсан судлаачид нийгмийн сонсголын аргачлал ашиглан Монгол Улсад тархаж буй Оросын худал мэдээллийн урсгалыг шинжилсэн тухай мэдээллийг энэ сарын 18 /2025.12.18/-ны өдөр нийтэлсэн байна.  Мэдээллийг ЭНД ДАРЖ үзнэ үү. 

Тус мэдээлэлд, хэдийгээр Монгол Улс дэлхийн хамгийн цөөн хүн амтай орнуудын нэг боловч баялаг бөгөөд нарийн төвөгтэй хэвлэл мэдээллийн орчинтой. Олон төрлийн мэдээллийн эх сурвалжууд нь уншигчдад асуудлыг олон талаас нь харах боломж олгодог ч, үүний зэрэгцээ гадаадын худал мэдээлэл түгээгчдэд таатай нөхцөл бүрдүүлж болзошгүй байна. 

Оросын худал мэдээллийн дөрвөн гол тактик

Монгол Улс хүн амын нягтрал багатай ч, интернетийн хэрэглээний түвшнээрээ дэлхийн тэргүүлэгч орнуудын нэг юм. Түүнчлэн далайд гарцгүй, зөвхөн Орос, Хятад гэсэн хоёр хөрштэй. Энэ нөхцөл байдал нь Монголын мэдээллийн орчныг өвөрмөц болгож, Оросын худал мэдээллийн үйл ажиллагаа хэрхэн хэрэгжиж байгааг ажиглах тод жишээ болж байна. DW агентлагийн судлаач Патрик Беннингийн онцолсноор, “уг судалгаа нь дэлхийн бусад бүс нутагт ашиглагдаж ирсэн Оросын стратеги Монголд мөн хэрэгжиж буйг харуулсан ч хоёр хөрш гүрэнтэй харилцах өвөрмөц харилцаанаас шалтгаалан илүү эрчимтэй илэрч байна. Орос улс дор хаяж 2022 оноос хойш Монголын мэдээллийн орчны бүрэн бүтэн байдалд нөлөөлөхүйц хүч чадалтай болсон” гэжээ. 

Судалгаанд Оросын худал мэдээлэл түгээгчдийн ашигладаг дараах дөрвөн үндсэн аргыг тодорхойлжээ.

  1. Бүсийг “үерт автуулах” буюу үнэн худал нь үл хамааран олон тооны өгүүлэмжийг богино хугацаанд, олон сувгаар давтан түгээж эргэлзээ, төөрөгдөл бий болгох.
  2. “Гал түймэрдэх” тактик буюу дээрхтэй төстэй боловч тодорхой бүлэг, зорилтот хэсэгт чиглэсэн хуурамч мэдээлэл тараах.
  3. Хэт ачаалал үүсгэх буюу баримт шалгах байгууллагуудын нөөцийг сарниулах зорилгоор хуурамч хүсэлт, мэдээлэл илгээх.
  4. Дугуй ажиллагаа буюу найдвартай мэт харагдах эх сурвалж, вэбсайт, лого зэргийг хуулбарлан ашиглаж хуурамч мэдээлэл түгээх.

Nest Center судалгаагаа эхлүүлэхдээ Монголын хамгийн өргөн хэрэглэгддэг олон нийтийн сүлжээ, иргэдийн мэдээлэл авах гол эх сурвалж болох Facebook платформд анхаарлаа төвлөрүүлжээ. Учир нь Оросын худал мэдээллийн эх сурвалжууд уг нөхцөл байдлыг сайн ойлгож, нөөцийнхөө дийлэнхийг тус платформд чиглүүлдэг байна. Ахлах судлаач Б.Шинэбаяр DW агентлагт өгсөн ярилцлагадаа, “Орос улс нэг гол зорилготойгоор худал мэдээллийн кампанит ажил явуулж байна. Энэ нь Монгол Улсыг өөрийн нөлөөн дор хадгалах, бусад орнуудын оролцоог хязгаарлах явдал юм” хэмээн дурджээ.

Уран олборлолт ба мэдээллийн манипуляци

Тухайлбал, Монгол, Францын хооронд уран олборлох төслийн хөрөнгө оруулалтын шинэ гэрээнд гарын үсэг зурсан. Гэтэл энэхүү хэлэлцээртэй холбоотойгоор уул уурхайн аюул, байгаль орчны асуудлыг онцолсон хуурамч мэдээлэл эрчимтэй тарааж байжээ. Энэ нь байгаль орчны бодит эрсдэлтэй шууд холбоотой гэхээсээ илүүтэй Монголын Францтай байгуулсан гэрээтэй хамааралтай байж болзошгүй байжээ. Орос улс уг хэлэлцээрийг ураны салбар дахь өөрийн нөлөөллийн хүрээнд заналхийлэл хэмээн үзэж, Монгол Улсыг Оросын тэргүүлж буй Евразийн эдийн засгийн холбоонд элсүүлэх сонирхолтой байна гэжээ. 

Ашигт малтмалын асуудал нь судалгаанд илэрсэн олон сэдвийн зөвхөн нэг хэсэг нь аж. Бусад сэдвүүдэд Оросыг эерэгээр сурталчлах агуулга, Украины дайн, Израиль, Хамас бүлэглэлийн мөргөлдөөн, тэр бүү хэл Хятадын эсрэг чиглэсэн өгүүлэмжүүд ч багтаж байжээ.

Судалгаанд дурдсанаар, худал мэдээлэл нь ихэвчлэн Монголд аль хэдийн оршин тогтнож байсан, Оросыг дэмжсэн хандлагуудыг бэхжүүлэхэд ашиглагддаг. Зарим тохиолдолд зорилго нь Оросын төрд сөргөөр нөлөөлж болзошгүй сэдвүүдээс олон нийтийн анхаарлыг сарниулах явдал ч багтаж байжээ. Судалгааны тайланд Монгол, Оросын харилцааны чухал мөчүүд, тухайлбал 2024 оны есдүгээр сард ОХУ-ын ерөнхийлөгч В.Путины Монголд хийсэн айлчлалын үеэр худал мэдээллийн урсгал мэдэгдэхүйц нэмэгдэж байсныг онцолсон байна.

Хуурамч мэдээллийн эмгэг

Орос улс худал мэдээллээр дамжуулан юунд зорьж байгаа нь олон тохиолдолд тодорхой байдаг ч зарим сэдвийн цаад шалтгаан, зорилго маргаантай хэвээр байна. Nest Center төвийн тэргүүн Б.Дуламхорлоо хуурамч мэдээлэл олон янзын хэлбэрээр илэрч байгааг онцолсон байна. Тэрээр өөрөө ч хуурамч мэдээллийн зохион байгуулалттай кампанит ажлын бай болж, түүнийг Барууны ашиг сонирхолд үйлчилдэг хэмээн гүтгэх оролдлогууд гарч байжээ.

Тодруулбал, түүнийг болон Филиппиний Нобелийн шагналт сэтгүүлч Мария Рессагийн зургийг ашиглан түүнийг гутаан доромжилж, “гадаадын агент” хэмээн нэрлэсэн худал агуулга түгээсэн байна. Б.Дуламхорлоогийн хувьд одоо ч тайлагдаагүй олон асуулт байгаа аж. Үүний нэг нь хуурамч мэдээллийг түгээгчид вакцины эсрэг ташаа мэдээлэл түгээхэд онцгойлон анхаарсан явдал юм. Энэхүү чиглэл нь зөвхөн COVID-19 цар тахлын үед төдийгүй бусад халдварт болон архаг өвчний эсрэг тэмцэх оролдлогуудыг ч ноцтойгоор сааруулсан байна.

Энэ талаар Nest Center төвийн тэргүүн Б.Дуламхорлоо “Яагаад гэдгийг нь бид мэдэхгүй ч хүмүүсийг вакцины эсрэг болгох нь хуурамч мэдээлэл түгээгчдийн нэг зорилго. Үүний сөрөг үр дагавар Монголын нийгмийн эрүүл мэндэд бодитоор нөлөөлсөн. Засгийн газар умайн хүзүүний хорт хавдрын зарим төрлийг урьдчилан сэргийлэх боломжтой вакциныг нэвтрүүлэхийг хоёр удаа буюу 2012 болон 2024 онуудад оролдсон ч аль аль тохиолдолд нь зохион байгуулалттай худал мэдээллийн кампанит ажилтай тулгарсан. Сүүлийн арван жилийн хугацаанд 4000 орчим хүн умайн хүзүүний хорт хавдартай холбоотой шалтгаанаар нас барсан байж болзошгүй гэсэн судалгааны дүгнэлт гарсан. Эдгээр нас баралтыг урьдчилан сэргийлэх бүрэн боломжтой байсан” хэмээн ярьжээ.

Түүний хэлснээр, энэ нь вакцины талаарх бодит эргэлзээг зориуд бий болгох зорилготой юу, эсвэл олон нийтийн анхаарлыг өөр тийш сарниулах ерөнхий стратегийн нэг хэсэг үү гэдэг нь тодорхойгүй хэвээр байгаа аж. 

Хоёр гүрний дунд хавчигдсан бодит байдал

Гэхдээ Орос улс Монголд өөрийн ашиг сонирхлыг хэрэгжүүлж буй цорын ганц гадаад хүчин биш юм. Өмнөд хөрш Хятад улс Монголын импортын дийлэнх хэсгийг хангадаг бөгөөд нөлөөгөө эдийн засаг, дипломат харилцаагаар дамжуулан ашиглах боломжтой. Nest Center төвийн тэргүүн Б.Дуламхорлоо 2016 онд Далай лам Монголд айлчилсны дараа Хятад улс импортоо бүрэн зогсоож байсан жишээг дурдсан байна. “Тэр үед хүүхдийн сүүний тэжээл хүртэл оруулж ирэх боломжгүй болсон” хэмээн тэр ярьжээ.

Судалгаанд дурдсанаар, Хятадын мэдээллийн нөлөөллийн арга барил нь Оросынхоос эрс ялгаатай. Хятад улс илүүтэйгээр өөрийн бодлогыг дэмжих, эерэг дүр төрхийг бүрдүүлэхэд анхаардаг бөгөөд голчлон телевиз болон албан ёсны онлайн сувгаар дамжуулан харилцдаг байна. “Хятад улс эерэг имиж бий болгохыг зорьдог бол Орос улс бусдыг төөрөгдүүлэх, анхаарлыг сарниулах тактик ашигладаг,” хэмээн судлаач Б.Шинэбаяр тайлбарласан байна. 




Өнөөдөр үхэр өдөр

3 цагийн өмнө