Украины Ерөнхийлөгч В.Зеленский Оростой хийх энхийн хэлэлцээний хүрээнд Украины зүүн хэсгээс цэргээ тодорхой хэмжээнд татан гаргаж, оронд нь "цэрэггүй буюу чөлөөт эдийн засгийн бүс" байгуулах саналыг багтаасан шинэчилсэн төлөвлөгөөг танилцуулжээ.
АНУ болон Украины элч нарын тохиролцсон 20 зүйлтэй төлөвлөгөөг В.Зеленский “дайныг зогсоох үндсэн хүрээ” хэмээн тодорхойлж, хэрэв Орос дахин халдвал АНУ, НАТО болон Европын орнуудын оролцоотой аюулгүй байдлын баталгаа хэрэгжинэ гэсэн байна. Түүний хэлснээр, Донбасст байгуулагдах аливаа "цэрэггүй эсвэл эдийн засгийн бүс" нь Украины захиргаа, цагдаагийн бүрэн хяналтад байх ёстой. Мөн Украины болон Оросын тал ижил хэмжээний ухралт хийх зарчмыг баримтлах шаардлагатайг онцолжээ.
Харин ОХУ-ын ерөнхийлөгч В.Путин Донецкийн асуудлаарх ийм буултыг хүлээн зөвшөөрөх магадлал бага байгаа бөгөөд Украины цэргүүд гарахгүй бол зүүн Украиныг бүхэлд нь хяналтдаа авна гэж мэдэгдээд байгаа юм. Гэсэн ч АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп дайныг зогсоох хэлэлцээр байгуулахыг шаардаж байгаа бөгөөд В.Зеленский Орос улс АНУ-ын санал болгож буй төлөвлөгөөг бүрэн няцааж чадахгүй гэж үзэж буйгаа илэрхийлжээ.
Эх сурвалж: BBC