Л.Отгонцэцэг: Таван жилийн өмнө тоглосон “Тэмээчин охин” киног үргэлжлүүлэхээр болж, Францад ирээч гэсэн урилга ирсэн /ВИДЕО/

Л.Отгонцэцэг: Таван жилийн өмнө тоглосон “Тэмээчин охин” киног үргэлжлүүлэхээр болж, Францад ирээч гэсэн урилга ирсэн /ВИДЕО/

Германы DW documentary суваг Монголд говийн тэмээчин охины тухай баримтат кино бүтээсэн тухай бид өмнө нь мэдээлж байсан. Кинонд жүжигчин болох мөрөөдөлтэй Отгоог аав ээж нь дэмжиж бүжгийн дугуйланд явуулах бөгөөд нүүдэлч, малч удмынхаа онцлог, нандин өв болсон мал маллах арга ухаанаа сурахын хажуугаар авьяас чадвараа хөгжүүлж мөрөөдлөөрөө жигүүрлэн яваа охины тухай өгүүлдэг. Киног ЭНД ДАРЖ үзнэ үү. 

Түүнчлэн уг кино 2018 онд хийгдсэн бөгөөд киноны гол дүр болох Л.Отгонцэрэн охин өдгөө 15 настай. Түүнийг мөрөөдөл жүжгийн бүжигчин болох мэргэжлээр суралцахыг нь гэр бүлийнхэн нь дэмжиж, шалгалт өгснөөр Монгол Улсын Хөгжим бүжгийн коллежид элсэн ороод хоёр жилийн нүүрийг үзэж буй. Мөн Монголын тэмээчин охины талаарх баримтат киног үргэлжлүүлэхээр Германы кино баг түүнийг Францад урьсан аж. Иймд бид дээрх баримтат киноны гол дүр Лувсанцэрэнгийн Отгонцэрэн охиныг онцлон ярилцлаа. Ингээд түүний ярилцлагыг хүлээн авна уу.

ВИДЕО: 

-Сайн байна уу. Юуны түрүүнд манай үзэгчдэд өөрийгөө танилцуулаач?

-Сайн байцгаана уу. Намайг Отгонцэрэн гэдэг. Би 15 настай. Монгол Улсын Консерватори /ХБК/-д сурдаг. Би Өвөрхангай аймгийн Баруунбаян-Улаан суманд төрсөн. Манай аав, ээж малчин. Би аав, ээжтэйгээ амьдардаг.

-Тэмээчин охины тухай баримтат киноны талаар яриагаа эхэлье. Германы кино баг яагаад чамайг сонгох болсон бэ?

-Би дөрөвдүгээр ангид байсан юм. Тэр үед Нямсүрэн багш гээд манай сургалтын менежер хүн байсан. Тэр хүн анги ангиар нь нас зааж манай ангид орж ирээд "9-11 настай тэмээ унадаг эмэгтэй хүүхэд байвал гараа өргө гэсэн . Манай сургуульд ер нь бол тэмээ унадаг хүүхэд би л байсан юм. Тэгээд сонгогдож байсан юм байна лээ.

-Кино баг танайд хэзээ ирж байсан бэ. Зураг авалт хэр удаан үргэлжилж байв?

-Анх 2018 оны нэгдүгээр сард ирж байсан. Миний санаж байгаагаар нэг өдөр хөдөө гэрт хүмүүс ирээд гэрийн гадаа буугаад шууд камераа байрлуулаад бичлэг хийж эхэлж байсан. Киноны зураг авалт 20 гаруй хоног үргэлжилсэн. Тэг үед Монголын сар шинийн баяр мөн тохиож байсан. Кино баг дараа жилийнх нь зун дахин ирж хэдэн зураг нэмж авсан.

-Кинонд тоглохоор болсон гэхэд аав, ээж нь яаж хүлээж авсан бэ?

-Манай аав, ээж хоёр миний төлөө л гэдэг болохоор би аав, ээж хоёртоо "Энэ кинонд ормоор байна" гэсэн чинь аав, ээж хоёр "За тэг дээ тэг. Миний хүүхдийн хүсэл юм даа" гээд сайхан хүлээж авсан.

-Киноны үйл явдал зураг авалтын үеэр хэцүү зүйл гарч байв уу?

-Нэг их хэцүү зүйл байгаагүй ээ. Баримтат кино болохоор миний өдөр тутам хийж буй зүйлс дээр юм нэмэлгүй байгаагаар нь авч байсан. Кинонд ер нь монгол хүний амьдралын талаар малчдын талаар зураг авч байсан.

-Кино хэзээнээс гарч эхэлсэн бэ?

-Зураг авалтаасаа гурван жилийн дараа гарсан.

-Энэ хугацаанд кино багтай холбоотой байв уу?

-Ямар ч холбоогүй байсан.

-Удаан хүлээсэн байна шүү дээ. Тэгэхээр киногоо гарахгүй байхаар гайхаж байсан байх. Тухайн үеийн сэтгэгдлээсээ хуваалцвал?

-Тиймээ. Кино маань гарахгүй байсан. Миний бодлоор кинонууд ер нь хурдан гардаг юм шиг санагдаад "Миний кино яагаад гарахгүй байгаа юм бол ер нь гарахаа больсон юм болов уу. Зураг, бичлэг нь болохоо байсан юм болов уу" гэж бодож байсан. Тэгсэн гэнэт нэг өдөр ээж рүү кино багаас яриад "Кино нь гадаадад гарч байна. Францад том дэлгэцээр гарлаа" гэж хэлж байсан. Тэгэхэд их гоё санагдаж байсан даа.

-Анх киногоо яаж, хаанаас олж үзэв?

-Кино багийн хүмүүс 2021 зун ирсэн. Тэгээд бидэнд хийсэн бичлэг, киногоо үзүүлсэн.

-Ямар санагдсан бэ?

-Гурван жилийн дараа киногоо үзсэн чинь аймар эвгүй байсан. 10 настай хүүхэд үг хэл нь жоохон цэгцгүй байсан. Одоо болдог бол би 10 нас руугаа очоод зарим үгээ засаж хэлмээр л байна. /инээв/

-Кинонд тоглох үед ойр дотно хүмүүс болон ангийнхан нь яаж хүлээж авч байсан бэ?

-Зураг авалтын үеэр бол бүгд маш гоё хүлээн авч дэмжиж байсан. Түүнээс хойш их удаан хүлээсэн учир би кинонд тоглосон тухайгаа ерөөсөө хүнд хэлдэггүй байсан. "Кино маань гарах ч юм уу. Үгүй ч юм уу" гэж бодож байсан юм л даа. Харин өчигдөр киногоо үзээд ангийнхандаа бас үзүүлсэн юм. Тэгээд ангийнхан маань намайг "Ямар жоохон байсан юм" гэсэн. Би шоолох байх гэж бодож байсан юм. Надад бол эвгүй л байна. Тэгсэн манай ангийнхан "Ямар хөөрхөн юм" гээд "Аягүй хөөрхөн байна" гэсэн. Бас сая "iSee.mn ирж байгаа гэнэ" гэсэн чинь манай ангийнхан "Паа боломж шүү. Алдаж болохгүй боломж ярилцлага өг өг" гэсэн юм.

-Кинонд бүжиглэх дуртай гэж гардаг. Зүүдэндээ бүжиглэж байгаагаар дүрсэлсэн байдаг. Харин одоо мөрөөдлөөрөө хүссэн мэргэжил дээ ойртож, бүжгийн спортоор суралцаж буй сэтгэгдлээсээ бидэнд хуваалцвал?

-Мэдээж маш гоё байна. Тэр киноны үед зураг авч байсан монгол зураглаач ах надад энэ сургуулийг санал болгосон. Би ер нь л багаасаа бүжиглэх сонирхолтой байсан. Гэхдээ хөдөө орон нутагт байдаг болохоор сайн багш гэхчлэн ер нь асуудлууд байсан. Тэгээд "Би энэ бүжгийн сургуульд явмаар байна" гэхэд аав, ээж хоёр маань "Чи жоохон байна" гэдэг байсан. Би харин шантралгүй аав, ээж хоёроос гуйсаар байгаад бараг элсэлт авдаг өдөр ирээд шалгалтаа өгсөн чинь тэнцэж, элсэн орсон. Цаашид ч хичээнгүйлэн суралцсаар байх болно.

-Одоо ч тэмээ унаж, малаа хариулсан хэвээр байгаа юу?

-Тэгэлгүй яах вэ. Манай аав өвөө, эмээгээс маань өвлөж тэмээ малласан. Одоо манайх 100 шахам тэмээтэй. Манай аав "Аймгийн аварга тэмээчин" цолтой. Манай аавыг Лувсанцэрэн гэдэг. Би аав, ээж хоёроороо маш их бахархдаг. Тиймээс би бүжиглэх мөрөөдлөө биелүүлсэн ч гэсэн аав, ээжээсээ авч үлдсэн мал маллах арга ухаан, хөдөөгийн соёлоо тээж явна. Тэмээгээ унана. Малаа хариулна. Би хөдөө байхдаа л яг өөрийнхөөрөө гоё байдаг. Тэмээн дээрээс тал нутгийн алс тодрон харагдах юутай ч харьцуулшгүй сайхан санагддаг юм.

-Тэмээчин охины тухай баримтат киног үргэлжлүүлэх үү?

-Тэгнэ. Дараагийн кино яригдаж байгаа. Мөн намайг Францад урьсан. Монголын хөдөө нутгийн тэмээчин охин Францад амьдарч байгаагаар кино үргэлжлэн гэж би ойлгосон. Гэхдээ энэ жил есдүгээр анги улсын шалгалт их хариуцлагатай байх ёстой учир явж амжихгүй байх гэж бодож байна.

-Бидэнтэй ярилцсан танд баярлалаа.

-Та бүхэнд бас баярлалаа.