Сайжруулсан шахмал түлшийг нийт 450 цэгээр түлш борлуулж эхэллээ

Сайжруулсан шахмал түлшийг нийт 450 цэгээр түлш борлуулж эхэллээ

Нийслэлийн хэмжээнд өнөөдөр /2022.09.15/ сайжруулсан шахмал түлш борлуулах цэгийн үйл ажиллагааг нийт 450 цэгээр түлш борлуулж эхэллээ.

2022-2023 оны халаалтын улиралд нийслэлийн долоон дүүргийн хэмжээнд сайжруулсан шахмал түлшний 650 цэг ажиллуулахаар төлөвлөсөн. Тэдгээрээс 450 цэгийг өнөөдрөөс ажиллуулж, сайжруулсан шахмал түлш борлуулж эхэлжээ. Тээврийн 31 аж ахуй нэгж, байгууллагатай гэрээ байгуулан сайжруулсан шахмал түлшийг борлуулалтын цэгүүд рүү тээвэрлэж байгаа юм байна.

Мөн сайжруулсан шахмал түлшний үнэ өөрчлөгдөөгүй бөгөөд нэг шуудай түлшийг 3750 төгрөгөөр борлуулж байна.

Нийслэлийн Засаг даргын гаргасан 2022-2023 оны өвөлжилтийн бэлтгэл хангах тухай захирамжийн дагуу энэ оны аравдугаар сарын 1-ний өдрийн дотор 200 мянган тонн сайжруулсан шахмал түлшний нөөц бүрдүүлэх учиртай. Өнөөдрийн байдлаар нийслэлийн хэмжээнд 60 агуулах, дундын баазад нийт 110 мянган тонн сайжруулсан шахмал түлшний нөөц бүрдүүлээд байна.