Дэлхийн эрүүл мэндийн байгууллага (ДЭМБ) өнөөдөр Бүгд Найрамдах Ардчилсан Конго Улс (БНАКУ) болон Уганда улсад дэгдээд буй Эбола вирусний халдварыг "олон улсын хэмжээнд анхаарал татсан нийгмийн эрүүл мэндийн онцгой байдал" хэмээн зарлалаа.
ДЭМБ-аас мэдэгдсэнээр, Бундибугио вирусээр үүсгэгдсэн уг дэгдэлт нь цар тахлын хэмжээний онцгой байдалд хүрээгүй байна. Бямба гаргийн байдлаар БНАКУ-ын Итури мужийн Буниа, Руампара, Монгбвалу зэрэг гурван бүсэд халдварын 246 сэжигтэй тохиолдол бүртгэгдэж, 80 хүн нас барснаас 8 тохиолдол нь лабораторийн шинжилгээгээр батлагджээ.
Үүнээс өмнө БНАКУ-ын зүүн мужид гарсан шинэ дэгдэлтийн улмаас 80 хүн нас барсан талаар тус улсын Эрүүл мэндийн яам баасан гарагт мэдээлээд байсан юм. Түүнчлэн Уганда улсын нийслэл Кампала хотод БНАКУ-аас зорчиж ирсэн иргэдээс баасан, бямба гарагт лабораториор батлагдсан хоёр тохиолдол илэрсний нэг нь нас барсан байна. Эдгээр тохиолдол хоорондоо хамааралгүй болохыг ДЭМБ-аас мэдээлэв.
Мөн БНАКУ-ын нийслэл Киншаса хотод Итури мужаас буцаж ирсэн нэг иргэнээс халдвар илэрч, лабораторийн шинжилгээгээр батлагдсан байна.