Олон жил үргэлжилсэн цуу яриа, таамаглалын эцэст "Amazon MGM Studios" компани дараагийн Жеймс Бондын дүрийг бүтээх жүжигчний сонгон шалгаруулалтыг албан ёсоор эхлүүлжээ.
Шинэ жүжигчний сонгон шалгаруулалт аль хэдийн эхэлсэн бөгөөд адомогт тагнуулч 007-гийн дүрд Дэниел Крэйгийг залгамжлах жүжигчний нэр тус цувралын шүтэн бишрэгчдэд удахгүй тодорхой болох ажээ.
Д.Крэйгийн Бондын дүрд тоглосон сүүлчийн кино болох "No Time to Die" дэлгэцнээ гарснаас хойш таван жил өнгөрч байна. Энэ хугацаанд уг франчайзыг тойрсон олон цуу яриа гарсан бөгөөд цувралын уран бүтээлийн удирдлага "Amazon MGM Studios"-д шилжсэнээр цувралын ирээдүйг сонирхох үзэгчдийн сонирхол улам бүр нэмэгджээ.
Өмнө нь тус студиэс цувралын шинэ ангийг "Dune", "Blade Runner 2049" зэрэг киногоороо алдаршсан Дени Вильнёв найруулахаар болсныг зарласан юм. Харин кино зохиолыг "Peaky Blinders" цувралыг бүтээгч Стивен Найт бичиж байгаа аж. Шинэ Бондын "эрэлд" Холливүүдын хамгийн алдартай кастинг хариуцсан захирлуудын нэг болох Нина Голд оролцож байгаа бөгөөд тэрбээр "Star Wars", "Jurassic Park", "Paddington", "Mamma Mia!" зэрэг төслүүд дээр ажиллаж байжээ.
Бондын дүрийг бүтээх жүжигчнээр шалгарах хамгийн өндөр магадлалтай жүжигчнээр Каллум Тёрнер нэрлэгдэж байна. Өдгөө 36 настай тэрбээр "Fantastic Beasts", "Masters of the Air" цувралуудаар танигдсан жүжигчин юм. Мөн "Euphoria" цувралын од Жейкоб Элорди, Их Британийн жүжигчин Харрис Дикинсон, Хенри Кавилл, Аарон Тейлор-Жонсон болон Тео Жеймс нар шалгарах магадлалтай байна.
Шинээр сонгогдох жүжигчин нь 64 жилийн түүхтэй тус цувралын албан ёсны долоо дахь Жеймс Бонд болно. Домогт тагнуулчийн тухай өгүүлэх 26 дахь кино дэлгэцнээ гарах хугацаа, үйл явдлын өрнөл, бусад жүжигчдийн бүрэлдэхүүнийг одоогоор нууцалж байна.