Л.Оюун-Эрдэнэ: Эрдэнэбүрэнгийн УЦС барих ажлыг БНХАУ-ын талтай хамтран ирэх хавраас эхлүүлнэ  /LIVE/

Л.Оюун-Эрдэнэ: Эрдэнэбүрэнгийн УЦС барих ажлыг БНХАУ-ын талтай хамтран ирэх хавраас эхлүүлнэ /LIVE/

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ энэ өдрүүдэд ОХУ-ын Владивосток хотод зохиогдож буй “Дорнын эдийн засгийн форум”-ын ээлжит VII чуулганд оролцож байна. Тэрбээр өнөөдөр /2022.09.07/ чуулганы нэгдсэн хуралдаанд үг хэлэв. Сонирхуулахад, манай улс өмнө нь тус чуулганд Ерөнхийлөгчийн түвшинд оролцож байсан бол энэ жил анх удаа Ерөнхий сайдын түвшинд оролцож байна. 

Түүний хэлсэн үгийг товчлон хүргэе. Тэрбээр "Монгол улсын урт хугацааны хөгжлийн бодлого "Алсын хараа-2050" түүнийг хэрэгжүүлэх эхний үе шат цаашдын 10 жилийн бодлого болох "Шинэ сэргэлтийн бодлого"-ын хүрээнд тусгагдсан бүс нутгийн ач холбогдолтой томоохон төсөл хөтөлбөрүүдийн тухай товч танилцуулъя. 

Монгол улс 3.3 сая хүн амтай. Хүний хөгжлийн индексээр дэлхийн 189 орноос одоогийн байдлаар 99-т эрэмбэлэгдэж байна. Дотоодын нийт бүтээгдэхүүн 13.8 орчим тэрбум ам доллар. Нэг хүнд ногдох дотоодын нийт бүтээгдэхүүн 4656 доллар байна. Манай улс нэг хүнд ногдох газар нутгийн хэмжээгээр дэлхийд нэгд жагсдаг ч нийслэл Улаанбаатар хотод хүн амын талаас илүү хувь нь амьдардаг. Энэ бол бидний шийдэх ёстой асуудлуудын нэг болж байна. 

Монгол улс "Алсын хараа-2050" урт хугацааны хөгжлийн бодлогыг 2020 онд баталсан. Энэ нь Монгол улсын эдийн засгийг 2050 он гэхэд 10 дахин тэлэх, нийгмийн хөгжил, эдийн засгийн өсөлт, иргэдийн амьдралын чанараар бүс нутагтаа тэргүүлэгч улс болох зорилтыг тавьсан хөтөлбөр. Энэ зорилгод хүрэхийн тулд мөн цар тахлын үеийн эдийн засгийг богино хугацаанд сэргээхийн тулд "Шинэ сэргэлтийн бодлого"-ыг УИХ-аар батлуулсан. Энэ бодлогын эхний 10 жилд буюу 2030 он хүртэлх боомтуудын хүчин чадлыг сайжруулах, эрчим хүчний хүчин чадлыг сайжруулах, аж үйлдвэр хот хөдөөгийн тэнцвэрт хөгжил, ногоон хөгжил, төрийн бүтээмж зэрэг зургаан зорилтыг дэвшүүлсэн. 

Энэ бодлогыг боловсруулахдаа ОХУ, БНХАУ-ын хөгжлийн бодлого төлөвлөлт, бүс нутгийн улс орнуудын зорилготой нарийвчилж уялдуулсан. Энэ хөтөлбөр аж, ахуй нэгж хөрөнгө оруулагчдын идэвхтэй оролцоо бүс нутгийн улс орнуудын хамтын ажиллагаанд тулгуурлан харилцан ашигтай ажиллах түншлэлийн цогц хөтөлбөр гэж бидний хувьд үзэж байна. 

Нэгдүгээрт, Монгол улсын хувьд далайд гарцгүй. Тиймээс хилийн боомтууд маш чухал. Монгол улс хуурай замын 42 боомттой. Агаарын замын 4 боомттой. ОХУ-тай 29, БНХАУ-тай 13 боомтоор хиллэдэг. Эдгээр боомтуудыг хөрш орнуудын стандарттай уялдуулж олон улсын жишиг боомт болгон хөгжүүлэх зорилтыг дэвшүүлээд байна. Боомтын хүчин чадал 3 дахин нэмэгдсэнээр Монгол, БНХАУ, ОХУ-ын ачаа тээврийн эргэлт 3 дахин нэмэгдэнэ. Эдийн засгийн форумын үеэр ч бид ярилцсан. Энэ бол зүүн, босоо тэнхлэгийн төмөр замын асуудал. Энэ асуудлаар ОХУ-ын төмөр замын удирдлагуудтай санал зөвлөлдөж байгаа. Энэ бол зүүн босоо тэнхлэгийн төмөр замаар гурван улсын ачаа тээврийн транзит улс болох төсөл. Энэ төсөл амжилттай хэрэгжвэл бид нар баруун босоо тэнхлэгийн төмөр замын төслийг хэрэгжүүлэх боломжтой гэж үзэж байна. Урьдчилсан техник эдийн засгийн үндэслэл гарсан. Боомтын төсөл, агаарын тээврийн шинэчлэл, карго тээврийн чиглэлийн бусад төслүүдийн талаар олон улсын хөрөнгө оруулагч та бүхэнтэй идэвхтэй хамтран ажиллахад бэлэн байна. 

Хоёрдугаарт, бид нар эрчим хүчний салбарт томоохон төслүүдэд харилцан ашигтай хамтран ажиллахад бэлэн байна. Өргөн уудам газар нутагтай Монгол улс эрчим хүчний хэрэгцээгээр дотоодоо хангаад зогсохгүй экспортлогч орон болох бүрэн боломжтой гэж үзэж байна. Сэргээгдэх эрчим хүчний төслүүдийн хувьд Эрдэнэбүрэнгийн УЦС-ыг БНХАУ-ын талтай хамтран хэрэгжүүлэхэд бэлэн болсон. Ирэх хавар төслийн үйл ажиллагаа эхэлнэ. Мөн ОХУ-тай Эгийн голын УЦС болон эрчим хүчний цахилгаан станциудын өргөтгөл шинэчлэлийн багц төслийг хамтарч хэрэгжүүлэх саналтай байгаа бөгөөд судалгааг хийж байна. Түншлэн ажиллах сонирхолтой хөрөнгө оруулагчидтай нээлттэй хамтран ажиллахад бэлэн байна" гэлээ. 

ҮЗЭХ: