Эгийн голын УЦС-ын төслийг "НҮБ дэмжинэ" гэсэн итгэлээр В.Путинтэй уулзана

Эгийн голын УЦС-ын төслийг "НҮБ дэмжинэ" гэсэн итгэлээр В.Путинтэй уулзана

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ОХУ-ын Владивосток хотод зохиогдож буй “Дорнын эдийн засгийн форум”-ын ээлжит VII чуулганд оролцохоор өнөөдөр өглөө /2022.09.05/ мордлоо. Тэрбээр тус хотод буусан даруйдаа Эгийн голын усан цахилгаан станцын төслийн санхүүжилтийн асуудлаар “Газпром” банкныхантай уулзана гэдгийг албаныхан хэлж байна.

Ерөөс түүний тус чуулганыг зорьж буй гол шалтгаан нь Эгийн голын усан цахилгаан станцын төслийг хөдөлгөх. Бүр тодруулбал, энэ сарын 08-нд ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путинтэй уулзах уулзалтаараа дээрх цахилгаан станцын төслийг хэрэгжүүлэх асуудлаар нэгдсэн саналд хүрэх, “дэмжиж байна” гэх үгийг амнаас нь унагах.

-АНТОНИО ГУТЕРРЕШИЙН "ДЭМЖЛЭГ ҮЗҮҮЛНЭ" ҮГИЙГ В.ПУТИН ХЭРХЭН ХҮЛЭЭН АВСАН БЭ-

Олон жилийн хугацаанд гацсан тус төслийг эхлүүлэх, тохироонд хүрэх эсэхээр манайхан 50 хувийн итгэлтэйгээр ОХУ-д очсон гэх. Гол найдлага нь НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутеррешийн хэлсэн “Хөгжиж буй орнууд эрчим хүчний хараат байдалд байж болохгүй. Тиймээс ЮНЕСКО-гийн Дэлхийн өвийн 46 дугаар чуулганаар судалгааны үр дүнтэй танилцаад, НҮБ Эгийн голын усан цахилгааны төслийн ажлыг эхлүүлэхэд бодлогын дэмжлэг үзүүлнэ” гэж хэлсэн үг юм. Энэ өгүүлбэрийн ард бүтэн геополитик явж, В.Путины анхааралд хүрсэн учраас тэрбээр НҮБ-ын байр, суурийг сөрөх үү, үгүй юу гэдэг нь эндээс харагдах юм. Гэхдээ В.Путин дэмжсэн ч эргүүлээд биднээс байж боломжгүй зүйл хүсвэл "үгүй" гэдгээ хэлээд л гарч ирэх төлөвлөгөөтэй байгаа аж. 

Тиймээс тус төслийг дэмжиж магадгүй гэх итгэл манай Засгийн газарт байгаа аж. Түүнээс гадна ОХУ-ын Гадаад хэргийн сайд С.Лавровын айлчлалаар ч тус асуудлыг ярилцаж түүний түвшинд дэмжүүлсэн. Гэхдээ С.Лавров В.Путинтэй зөвлөлдөнө гэдгээ хэлсэн байдаг. Тэгэхээр Ерөнхий сайдын энэхүү айлчлалын үр дүнг дээрх төсөл бүтэх эсэхээс дүгнэж болох нь.

Эгийн голын усан цахилгаан станцыг барих төслийг 2016 оноос БНХАУ-ын нэг тэрбум ам.долларын хөнгөлөлттэй зээлээр хэрэгжүүлэхээр барилга угсралтын ажил эхэлсэн ч ОХУ ЮНЕСКО-гийн Дэлхийн өвийн хороонд  гомдол гаргаснаар ажил саатсан. Өнгөрсөн хугацаанд хийсэн судалгаагаар энэ төсөл ОХУ-ын Сэлэнгэ мөрөн, Байгаль нуурын усны нөөц горимд сөрөг нөлөө үзүүлэхгүй гэсэн дүгнэлт гарсан. Мөн манай улс олон улсын тендер зарлаж, Франц Улсын компаниар биологийн нөлөөллийн судалгаа хийлгэж байна. Эдгээр судалгааны дүнг ирэх оны ЮНЕСКО-гийн  Дэлхийн өвийн хорооны хурлаар оруулж шийдвэр гарвал Эгийн голын усан цахилгаан станц төсөл үргэлжлэх боломж бүрдэнэ.Тэгэхээр НҮБ дэмжвэл асуудалгүй болно мөн В.Путинтэй ойлголцвол бүр шуударна. 

-БОГДХАН ТӨМӨР ЗАМЫН ХОЛБОЛТЫН ЦЭГИЙГ ЯРИЛЦАНА-

Мөн тус уулзалтын үеэр шатахууны нийлүүлтийн асуудал Богдхан төмөр замын холболтын цэгийг тодорхой болгох асуудлаар хэлцэл хийгдэнэ. Богдхан төмөр замын хувьд өнгөрсөн жил нээлт хийсэн бөгөөд Улаанбаатар төмөр зам ХНН-ийн Оросын талаас “Холболтын цэг өгөхгүй. Манай компаниудыг төмөр зам барих ажилд оролцуул” зэргээр зарим тулгалтыг хийсэн байдаг. Хэрвээ холболтын цэгийг тодорхой болговол хэдхэн сарын хугацаанд тус төмөр замыг барих төлөвлөгөө бий. Харин энэ удаагийн айлчлалаар тус асуудлыг мөн тодорхой болгоно гэх мэдээлэл байна.