Хуульч Б.Пүрэвсүрэн: Доромжлох заалт ардын туульс, аман зохиол, үлгэр домгуудыг үгүйсгэж байна

Хуульч Б.Пүрэвсүрэн: Доромжлох заалт ардын туульс, аман зохиол, үлгэр домгуудыг үгүйсгэж байна

Өнөөдөр /2022.08.25/ Иргэний чөлөөт орон зайг хумих эрсдэлтэй байгаа хуулийн төслүүдийн талаар “Глоб интернэшнл” ТББ-аас мэдээлэл хийлээ.

Энэ үеэр Глоб интернэшнл төвийн судлаач, хуульч Б.Пүрэвсүрэн, “Хамгийн эхэнд доромжлох заалтыг эрүүгийн хуульд оруулах хэрэгцээ шаардлагын талаарх асуудлаар товч дурдъя. Манай Глоб интэрнэшнл байгууллагаас МУ-ын их хурлын гишүүд, Засгийн газар болоод холбогдох яамдуудад үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө хамгаалах талаар албан захидлыг хүргүүлсэн. Мөн өнгөрсөн зургадугаар сард доромжлох заалтыг эрүүгийн хуульд оруулах зөрчилтэй холбоотой ХЗДХ-ийн сайдад ч мөн хүргүүлсэн. Манай байгууллагын зүгээс бол дээрх заалтыг эрүүгийн хуульд оруулах шаардлагагүй гэж үзэж байгаа. Учир нь энэ нь өөрөө ОУ-ын стандарт буюу үзэл бодлоо илэрхийлэх эрхийг зайлшгүй хязгаарлах зүй ёсны хэрэгцээ шаардлагад болбол тооцогдохгүй байгаа юм. Тодруулбал, ёс суртахуунтай холбоотой асуудал иргэн хоорондын асуудал шүү дээ. Үүнд эрүүгийн хатуу зохицуулалт орж ирэх нь эрсдэлийг бий болгож байна. Одоо шинээр зохицуулж буй хууль нь өөрөө уламжлалт гэмт хэрэг болох гүтгэлэг, доромжлолыг өөртөө багтааж агуулсан ийм ойлголттой байгаа юм. Мөн уран сайхны арга буюу ардын туульс, аман зохиол, үлгэр домгууд бүгд ёгтлол, зүйрлэлээс урган гарсан зүйл. Энэхүү уран сайхны арга, хэлбэрийг хамгаалах үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөг нэг том бүрэлдэхүүн хэсэг гэж үздэг. Мөн НҮБ-аас МУ-ын засгийн газарт өгсөн зөвлөмжүүд байна. Тухайлбал үзэл бодлоо илэрхийлэхтэй холбоотой хэд хэдэн зөвлөмжид 2016-2020 онд ЗГ өөрөө тогтоол гаргаж найман зөвлөмжөө биелүүлэхээ амласан. Харамсалтай нь наймуулаа хэлбэрийн төдий биелээгүй” гэв.