Т.Доржханд: Монголд криптовалют, хиймэл оюун ухааны дата төв байгуулах боломж бүрдэнэ

Т.Доржханд: Монголд криптовалют, хиймэл оюун ухааны дата төв байгуулах боломж бүрдэнэ

Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэртэй холбогдуулан Шадар сайд Т.Доржханд мэдээлэл өглөө.

Тэрбээр “Засгийн газрын хуралдаанаар ногоон шилжилтийн асуудлаар тодорхой шийдвэр гаргалаа. Тухайлбал, ногоон дата төв буюу өгөгдлийн төвтэй болох хууль эрх зүйн асуудлыг шийдвэрлэж, УИХ-д өргөн барихаар боллоо. Манай улс ногоон эрчим хүчний маш их нөөцтэй. Газрын доорх нүүрсний нөөцөөрөө тэргүүлдэг. Тэгвэл эдгээр нөөцөө ашиглаж, ногоон дата төвөөр дамжуулан хөрөнгө оруулалт татаж, эрчим хүчээ зарж, орлого олно гэсэн үг юм. COP-17 хуралдаан энэ цаг үед манай улсад болж байна. Энэ үеэр ногоон эдийн засагт хөрөнгө оруулалт татах, олон улсын санхүүгийн байгууллагуудыг татаж, манай улс ямар бодлого баримталж байгаагаа танилцуулна. Иймд өнөөдрийн шийдвэрийг үндэслэж, Өгөгдлийн тухай хуулийг эцэслэн хэлэлцэж, шийдвэрлэлээ. Дата төвийн зардлын 80 орчим хувийг эрчим хүч эзэлдэг. Монголчууд бид газрын доорх нүүрсийг хэрхэн ашиглах вэ гэдэг дээр шийдэл олох ёстой. Нүүрсийг шингэрүүлье гэхээр маш их хугацаа шаарддаг. Тэгэхээр эрчим хүчний нүүрсийг ашиглахын тулд газрын дор станц бариад, дата төвөөр дамжуулан өгөгдлийг олон улсад зарна гэдэг санаа байгаа юм билээ. Монгол Улс яагаад хөрөнгө оруулагчдын анхаарлыг татаад байгаа вэ гэхээр нарны эрчим хүч боловсруулах өртөг нь бага. Хятадад гэхэд өндөр өртөгтэй. Монголд нар, салхины эрчим хүчний зардал, өртөг нь 4-6 цент. Сэргээгдэх эрчим хүч, газрын доорх нүүрсний эрчим хүчийг холбосноор 24 цагаар хангах эрчим хүчний нөөц, боломж байгаа. Манай улс ардчилсан улс учраас гаднын улсын хувьд сайн дохио гэсэн үг. Монгол руу дата төвийн асар их хэмжээний хөрөнгө оруулалт чиглэж байгаа. Ирэх долоо хоногт сайн мэдээ дуулгана гэж итгэж байна. Манай улсад крипто дата төв байгуулах боломжтой. Үүнд сэргээгдэх эрчим хүч шаардлагагүй. Нүүрсний эрчим хүч байхад л хангалттай. Ирээдүйд бид эдийн засгийг солонгоруулах ёстой гэж ярьдаг. Тиймээс ирээдүйд дата төвүүдийг барих боломж бүрдүүлэх нөхцөлийг бүрдүүлнэ. Дата төвүүдийн хамгийн хэцүү нь хөргөх систем байдаг бол манай улс хүйтэн, сэрүүн бүстэй, дөрвөн улиралтай улс учраас том давуу тал болно. Уйгагүй хөөцөлдөж, зүтгэсний эцэст ажил хэрэг болгохоор болсон. Ирэх долоо хоногт 130 орчим улсын НҮБ-ын удирдлагууд болон бизнесийн томоохон төлөөллүүд ирнэ. Монгол Улс дан ганц байгаль орчны асуудлыг бус, гаднын хөрөнгө оруулалт татах нөхцөлийг бүрдүүлэх юм” гэв.