Сүүлийн жилүүдэд гадаадад ажиллаж амьдрах монгол иргэдийн тоо нэмэгдсээр байгаа. Тэр дундаа Азийн орнуудад амьдарч буй иргэд ихэнх цагаа ажиллаж, суралцаж өнгөрүүлдэг. Тэгвэл гадаад оронд ч өөрийн хүссэнээрээ эрүүл хооллож, ажлын хажуугаар хувийн бизнес эрхэлж болдог юм шүү гэдгийг харуулж яваа Арлын Японд олон төрлийн хүнсний ногоо болон жимсний мод тарьж буй Монгол эмэгтэй З.Лхагвасүрэнг бид энэ удаагийн "Social ID" буландаа онцоллоо.
ВИДЕО:
-ХҮҮХДҮҮДДЭЭ ЭРҮҮЛ ХҮНС ИДҮҮЛЭХИЙН ТУЛД АНХ ЖИЖИГ ТАЛБАЙД ХҮНСНИЙ НОГОО ТАРИАЛЖ ЭХЭЛСЭН-
-Сайн байна уу. Танд энэ өдрийн мэндийг хүргэе. Юуны түрүүнд та манай үзэгчид болон уншигчдад өөрийгөө танилцуулаач?
-Сайн байцгаана уу. Намайг Зоньдийн Лхагвасүрэн гэдэг. Би Японд ирээд 22 жил болж байгаа. Нөхөр гурван хүүхдийн хамт амьдардаг.
-Ажлынхаа хажуугаар жимс, ногоо тарьдаг эгч гээд Монголчууд мэддэг болсон байна лээ. Таны хувьд анх хэзээнээс энэхүү ажлаа эхлэв. Яагаад ногоо тариалах болсон бэ?
-Манай энд суурьшдаг Монголчууд болон орж гардаг хүмүүс маань фейсбүүкт миний тухай сайхан сэтгэгдлүүд бичсэн байна лээ. Их урам авсан. Миний хувьд ажлын цагийн багахан менежмент хийхэд чөлөөт цаг баггүй гардаг. Тэгээд л анх нөхөртэйгөө ярилцаж байгаад хүүхдүүддээ эрүүл хүнс өгч байя гэж ярилцаад 12 жилийн өмнө гэрийн нөхцөлд жижиг талбайд төмс, лууван, сонгино, саримс гэхчлэн хүнсний ногоо болон нарийн ногоонууд тарьж эхэлсэн.
-Жимсний мод бас тарьдаг гэж сонссон. Жимсний модоо хэзээнээс тарьж эхлэв. Ямар ямар төрлийн жимс тарьж байна?
-Таван жилийн өмнөөс алимын мод, усан үзмийн мод, торны мод, тарьж эхэлсэн. Гурван жилийн дараагаас жимс нь гарч эхлээд, гэр бүл найз нөхдийн хүрээнд тарааж өгөөд иддэг байсан бол энэ жил бүгд сайхан ургаад арвин жимс хураасан. Манайх шар болон улаан өнгийн тарвас, долоон өөр сортын усан үзэм болон тоор, алим тарьж байгаа. Хүнсний ногооны хувьд бас өөр өөр сортын төмс, лууван, сонгино, хүрэн болон шар манжин, нарийн ногоонууд тариалж байна.
-Жимсний мод болон хүнсний ногоонууд тариалдаг гэхээр баггүй талбайтай байх шаардлагатай шүү дээ. Талбай, хөрсний асуудлаа хэрхэн шийдэв?
-Анх цөөхөн хүнсний нөгөө тагтанд тариалж байгаад байртай болж гараад гэрийнхээ орчинд тарьдаг болж байсан. Ногоо тарих гэж байгаа хүмүүст дүүргээс хөлсөлж болох газар олгодог гэж сонсоод, очиж уулзаж талбайтай болж байсан. Нэлээдгүй том талбай оноогдсон учраас нэмж жимсний мод тарьж эхэлсэн байгаа.
-Японы уур амьсгалын хувьд жимс, ногоо тариалахад давуу тал нь юу байдаг вэ?
-Мэдээж олон давуу талтай. Жишээ нь зуны улирал нь урт учраас жимс ургах нөхцөл нь бүрддэг. Дээрээс нь чийгшилтэй учир мод жимсийг ургуулахдаа арчилгаа буюу усалгаа бага ордог. Харин байшин дотор ч юм уу талбайгүй газар ногоо тарьж байгаа бол заавал услах шаардлагатай.
-Ногоо тарьж эхлэхдээ хүүхдүүддээ эрүүл хүнс өгөх гэж тарьсан гэсэн шүү дээ. Японы хүнсний ногоо болон жимсийг хүмүүс ихэвчлэн эко хүнс гэж хэлэх байх. Харин таны хувьд яагаад эрүүл бус гэж үзсэн бэ?
-Энэ асуудал дээр бол нэгдүгээрт газрын бордоог химийн аргаар гаргаж авсан тохиолдол их хөрсөн дээр ургадаггүй гэсэн үг л дээ. Хоёрдугаарт жимс, ногоог хорхойд идүүлэхгүйн тулд шавжийн хор цацдаг. Энэ нь хорт хавдар үүсгэх магадлал өндөр байдаг учраас бид гэртээ ногоогоо тариалж идэх болсон юм. Манай гэр бүлийн хувьд шавжийн хор цацахгүйгээр оргиналаар нь газрын хөрснөөс хорхойтойгоо цуг хуваалцаад иддэг гэх үү дээ. Хорхой идэж байвал бараг энэ сайн ногоо байна гэж үздэг. Мөн өөрсдийнхөөрөө хэмжээнд тариалж буй ногоогоо гялгар уутаар бүтээж, агаар салхийг нь хаанаас нь оруулах талаар судалж байгаад тарьдаг.
-ЖИМС ЯЛАНГУЯА ТАРВАСЫГ НАРАНД ТАВЬЖ ОГТ БОЛДОГГҮЙ УЧРААС ЖИМСЭЭ ӨГЛӨӨ ОРОЙН СЭРҮҮНД ХУРААДАГ-
-Танай гэр бүлийн хувьд ургацаа хураахдаа өдөр өдрөөр хэрэгцээндээ тааруулан авч хэрэглэдэг үү. Хэдэн сарын нөөцөө нэг дор хураадаг уу. Аль нь эрүүл бас зохистой хэрэглээ болдог вэ?
-Миний хувьд өглөөний сэрүүнд эсвэл оройны сэрүү унасан цагаар хэрэглээний жимс, ногоогоо авдаг. Өдрийн халуунд болж өгвөл авдаггүй. Яагаад гэвэл жимс халсан учраас амт нь арай өөр байдаг. Чихэрлэг амт нь байгаа ч гэсэн амталж үзэхэд мэдэгдэм өөр байдаг л даа. Одоо жишээ нь манай Монголд тарвасаас хордлого авлаа гэж яриад байгаа. Тэр бол миний бодлоор хэт халсантай холбоотой байх. Тарвасыг бол хэт халааж болдоггүй. Манай гэр бүл бол нэг авахдаа гурав дөрвийг авч ирээд сэрүүн газар тавих юм уу, эсвэл наранд тавилаа гэхэд дээр нь цаасан хайрцаг тавьдаг. Нарны тусгал өгч огт болдоггүй юм шүү дээ.
-Тэгэхээр дэлгүүрт зарагдаж буй. Хэдэн өдрөөр байдаг жимс хөгцөрч муудаагүй ч тодорхой хэмжээнд хор болох магадлалтай гэсэн үг үү?
-Тэгэлгүй яах вэ. Дэлгүүрийн лангуун дээр тавьсан жимс нэгээс хоёр ч юм уу гурав хоносон байдаг. Хугацааг нь бас заасан байдаг л даа. Гэхдээ одоо жишээ нь манайхаас төмс аваад идэж байгаа хүүхдүүд “таны тарьсан төмсийг авъя гэхээр яг тийм сорт олдохгүй байна” гэдэг. Тэгэхээр амтыг нь тэд нар ялгаж мэдэж байгаа юм. Тэгэхээр амтнаасаа эхлээд л мэдэгддэг гэсэн үг. Нэмж хэлэхэд би хоёр төрлийн төмс тарьдаг байгаа. Нэг нь шөлтэй хоолонд хийдэг. Нөгөөх нь салатанд хийдэг ч гэх юм уу. Хурдан болдог, удаан болдгоороо ялгаатай. Гэтэл энэ нь дэлгүүрт төдийлөн ялгагдахгүй харагдана. Тиймээс хүмүүс ер нь төмс л бол төмс гэж ойлгодог болсон байдаг.
-12 жил өөрсдийн хэрэгцээт ногоогоо тариалж идэхэд буюу эрүүл хүнс хэрэглэхэд танай гэр бүлд хамгийн их нөлөөлсөн тустай зүйл нь юу байв? Хүүхдүүдэд нь хэрхэн нөлөөлсөн бэ?
-Мэдээж олон ашиг тустай. Хамгийн энгийнээс нь гэвэл жимс, ногоо буюу зөв хооллолт таргалалтыг зогсоодог. Бие эрүүлжиж, хэвийн жинтэй байхад тусалдаг. Анх би баг зэрэг жин нэмээд ногоо тариалж өөрийн ногоогоо идэж эхэлснээр турсан. Хүүхдүүдийн маань хувьд элдэв өвчин байхгүй. Ногоо идэж чадахгүй гэх юм байдаггүй. Мөн ямар ч ногооны харшил болон бусад харшилгүй байгаа. Энэ мэт олон сайн тал байдаг.
-МОНГОЛД Ч ГЭСЭН БАЙРАНД АМЬДАРЧ БАЙГАА ХҮМҮҮС ТАГТАН ДЭЭРЭЭ ЖИМС, НОГОО УРГУУЛАХ БОЛОМЖТОЙ-
-Танай гэр бүлийн хувьд тарьж буй жимсээ Монголчууддаа худалдаалахдаа зах зээлийн үнээс хямдаар зардаг гэсэн шүү дээ. Хэдэн төгрөгөөр хямд худалдаалж байгаа вэ? Тарьж байгаа бүх ногоо, жимсээ зарж байгаа юу?
-Бид хүнсний ногоогоо бол найз нөхдөдөө. Идээд үзээрэй гээд зүгээр өгдөг. Харин жимсний хувьд бол биднээс нэлээдгүй хөдөлбөр, цаг зав гаргадаг учраас тодорхой хэмжээнд үнэтэй худалдаалд эхэлсэн байгаа. Жишээ нь хамгийн үнэтэй, буюу ховор сортын ногоон усан үзэм дэлгүүрт 100 грамм нь 220 йен гэдэг. Манайх бол бүр нэг багцыг нь 1500 йенээр зардаг байгаа. Бусад бүх төрлийн усан үзмээ 500-1500 хооронд худалдаалж байна даа.
-Анх тагтан дээрээ тариалж эхэлсэн гэлээ. Таны бодлоор Монголын нөхцөлд ингэж тариалах боломжтой юу?
-Манай Монголд ч гэсэн байранд амьдарч байгаа хүмүүс ч гэсэн ургуулах боломжтой. Гялгар уутанд хийгээд, гялгар уутаа доороос нь цоолж нүх гаргаад, шороогоо хийгээд тэгээд үрээ хийж ургуулдаг байгаа. Мөн үр ээ эхлээд үндэслүүлж болно. Үндэслүүлсэн үр ээ шуудай, шороондоо суулгаад, тагтан дээрээ тавихдаа тагтаныхаа дагуу тор эсвэл утас татаад тарьж болно. Усан үзэм, өргөст хэмх гэхэд жишээ нь хана дагаж ургадаг байгаа. Тийм учраас нөхцөлийн хувьд бол боломжтой. Харин талбайтай хүмүүс талбай дээр тарьж болно. Гэрийнхээ гадаа ч юм уу нэг мод суулгасан байхад жил болгон өөрсдийн эрүүл хүнсээ иднэ гэсэн үг шүү дээ.
-Манай уншигчид таны ярилцлагыг уншаад тариалангийн талаар илүү дэлгэрэнгүй зөвлөгөө авахыг хүсэж байж магадгүй юм. Таны хувьд жимсний мод, хүнсний ногоо тарих гэж байгаа хүмүүст мэдээллээ хуваалцаж, зөвлөгөө өгдөг үү?
-Өгөлгүй яах вэ. Энд бас хүнсний хэрэгцээний ногоогоо тариалдаг ганц нэг залуучууд байдаг юм байна лээ. Миний фейсбүүктээ нийтэлсэн ургацын талаарх постуудыг хараад холбогддог байгаа. Хүмүүс ямар нэгэн зөвлөгөө авъя, усан үзмийн мод авъя, сонирхоод тариад үзье гэх юм бол би тусламж үзүүлж болно. Жишээ нь усан үзмийн модны үрсэлгээ авъя гэхэд, усан үзмийн мод жил болгон салаалж ургадаг болохоор бид нар бол хэрэггүй хэсгийг нь хайчилж авдаг. Хайчилж авахгүй бол нөгөө хэсэг ургаж байгаа гол үндэснийхээ модны үр шим, тэжээлийг авдаг учраас тэрийг нь хайчлаад хаядаг. Тэрийг одоо жишээ нь авъя, үрслүүлээд тарья гэх юм бол өгөх боломжтой байгаа.
-Японд амьдарч буй Монголчуудын дунд ногоо тарихыг хүссэн ч мэдээлэл дутмаг, гадаадын иргэн учир газар олддоггүй гэхчлэн тодорхой мэдээлэлгүй иргэд байгаа шүү дээ. Тэдэнд хандаж, 12 жил тариалан эрхэлж буй хүний хувьд зөвлөгөө мэдээлэл өгөөд ярилцлагаа өндөрлөе.
-Магадгүй ногоо тарих талбайгүй байж болох юм. Зарим байр жижиг талбайтай. Гэсэн ч тэр жижиг талбайгаа ашиглаад өөрийнхөө идье гэсэн ногоогоо тарих боломж байдаг юм шүү. Хэрвээ их хэмжээгээр ч юм уу, том талбайд тарья гэх юм бол дүүрэг дээрээ очоод ийм ногоо тарих гэсэн юм аа. Ийм газар хөлсөлж авч болдог гэсэн гээд асуугаад зөвлөхөд Японд нээлттэй хүлээж авдаг учраас хэн ч гэсэн очоод, газар авч ногоогоо тарих боломжтой байдаг. Мөн надаас зөвлөгөө мэдээлэл авахаар бол миний фейсбүүк бүх хүмүүст үргэлж нээлттэй байгаа шүү гэдгийг хэлмээр байна.
-Цаг зав аа гаргаж бидэнтэй ярилцсан танд баярлалаа.
-Та бүхэнд маш их баярлалаа. Бас Isee mn сайтын үзэгчдэдээ хандаж хэлэхэд “Хүн болгон эрүүл хүнс, эко хүнс гэж их ярьдаг ч хийдэггүй. Ярих биш жоохон ч гэсэн хүн болгон ядаж өөрийн хэрэглээний төмс, луувангаа тариад эхэлбэл ургацдаа урамшаад, юуг ч тариалж чадна шүү. Тиймээс та бүхэн нэг эхлээд үзээрэй гэж уриалъя.