Улаанбаатар-Дархан чиглэлийн автозам сайд, дарга нарын толгойны өвчин болоод удаж байгаа. Энэ ч утгаараа өнгөрсөн сар /2022.06/-д Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ тус замын ажилтай танилцаж, шуурхай ашиглалтад оруулахыг үүрэгдсэн.
Тэгвэл Улаанбаатар Дархан чиглэлийн зам эхнээсээ асуудалтай явж иржээ. Тухайлбал, тус замын төслийг хэрэгжүүлэх хөрөнгийн эх үүсвэр нь шийдэгдээгүй, захиалагч байгууллага нь тодорхой бус байхад ТЭЗҮ, зураг төсөл зохиох ажлыг гэрээ байгуулахгүйгээр гүйцэтгэж, улмаар эл асуудал нь шүүхийн хаалга татаж байжээ.
Тодотговол, “Эм Си Пи Си Жи Ар” ХХК 2017 онд “Улаанбаатар-Дархан чиглэлийн 204.11 км хатуу хучилттай зам”-ын ТЭЗҮ, зураг төслийг захиалагч нь тодорхойгүй байхад анх өөрийн хөрөнгө болох 3.1 тэрбум төгрөгөөр 822.5 тэрбум төгрөгийн төсөвт өртөг бүхий цемент бетон хучилттай, 4 эгнээ 204 км замын анхны зураг төслийг боловсруулсан байна.
Гэтэл Зам тээврийн хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн даргын тушаалаар Авто замын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга болон холбогдох мэргэжилтнүүд энэхүү зураг төсөлд эксперт хийж, Зам тээврийн хөгжлийн төвийн 2017 оны наймдугаар сарын 08-ны өдрийн 36/2017 дугаартай дүгнэлтээр баталгаажуулжээ. Энэ үед тус яамны сайдаар Д.Ганбат ажиллаж байжээ.
Үүгээр зогсохгүй Зам тээврийн хөгжлийн яамнаас тухайн үед Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газарт хандаж “Улаанбаатар-Дархан чиглэлийн 204 км зам”-ыг өргөтгөн, шинэчлэх төслийн ТЭЗҮ, зураг төслийг “Эм Си Пи Си Жи Ар” ХХК өөрийн хөрөнгөөр гүйцэтгэсэн талаар мэдэгдсэнээр зохиогч байгууллага зураг төслийг оюуны өмчийн бүртгэлд бүртгүүлэн гэрчилгээ авсан байна.
Өөрөөр хэлбэл “Эм Си Пи Си Жи Ар” ХХК Дарханы замын ТЭЗҮ, зураг төслийг ямар нэгэн сонгон шалгаруулалтгүй сайн дураар боловсруулж, эцэст нь ийнхүү “өөрийн” болгож чадсан байна. Угтаа холбогдох төрийн байгууллагууд тухайн арга хэмжээний үр өгөөжийн тооцоо судалгааг хийж, салбар хариуцсан яам авто замын ТЭЗҮ, зураг төслийг боловсруулах эрх бүхий байгууллагыг сонгон шалгаруулах замаар гэрээ байгуулж ажиллуулах учиртай.
Гэтэл зураг төслийн зохиогч “Эм Си Пи Си Жи Ар” ХХК, Зам тээврийн хөгжлийн яамтай гэрээ байгуулахгүйгээр ажил гүйцэтгэсэн хэдий ч ТЭЗҮ, зураг төсөл боловсруулах ажлын санхүүжилтэд зарцуулсан гэх 3.1 тэрбум төгрөгийг тус яамнаас нэхэмжилж, улмаар Захиргааны хэргийн анхан шатны шүүхээс дээрх төлбөрийг тус яамнаас төлүүлэхээр шийдвэрлэж байсан байна.
-3.1 ТЭРБУМААР БОЛОВСРУУЛСАН ЗУРАГ ТӨСӨЛД ДАХИН 898.4 САЯ ТӨГРӨГӨӨР НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛЖЭЭ-
Хачирхалтай нь, “Эм Си Пи Си Жи Ар” ХХК-ийн 3.1 тэрбумаар боловсруулсан зураг төсөлд нэмэлт, өөрчлөлт оруулах шаардлагатай болж, дахин 2018 оны 12 дугаар сарын 04-ний өдөр “Улаанбаатар-Дархан чиглэлийн авто замын шинэчлэлтийн инженерийн зураг төсөлд нэмэлт, өөрчлөлт оруулах зөвлөх үйлчилгээ”-ний 222 дугаартай гэрээг байгуулж, дахин 898.4 сая төгрөгөөр нэмэлт өөрчлөлт оруулсан байх аж.
Ингэхдээ 204.11 км замыг 5 багцад хуваан барилга угсралтын ажлын зургийг шинэчлэн боловсруулж 2019 оны 2 дугаар сарын 14-ний өдрийн 15/2019 дугаартай магадлалын дүгнэлтээр баталгаажуулжээ. Эдгээр 5 багц ажлын төсөвт өртгийг нийт 219.6 тэрбум төгрөгөөр тооцсоныг мэргэжлийн эксперт хянаж 2019 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн 27/2019 дүгнэлтээр тус тус баталгаажуулсан байна.
Өөрөөр хэлбэл анх 2017 онд Дарханы замыг 822.5 тэрбум төгрөгийн төсөвт өртөг бүхий цемент бетон хучилттай, 4 эгнээ 204 км замын анхны зураг төслийг боловсруулж байсан бол нэмэлт өөрчлөлтөөр буюу 2019 онд 5 багц ажлын төсөвт өртгийг нийт 219.6 тэрбум төгрөгөөр тооцсон байх аж.
Ямартай ч эхнээсээ гэрээ байгуулаагүй, зураг төслийг нь боловсруулсан Дарханы замын төсөвт өртөг ийнхүү дөрөв дахин буурчээ.
Сонирхуулахад, Дарханы замын ТЭЗҮ, зураг төслийг гэрээ байгуулахгүйгээр боловсруулж, хууль шүүхийн байгууллагын хаалга татаж мөнгөө гаргуулж авч байсан “Эм Си Пи Си Жи Ар” ХХК-ийн захирал Ж.Батсайханыг Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга 2019 оны 12 дугаар сарын 29-ны өдөр "Гавьяат барилгачин" цолоор шагнаж байсан байна.