Нийслэлийн Соёл урлагийн газрын даргын албан тушаалыг хашиж байхдаа авлигын гэмт хэрэгт холбогдсон Э.Цэнд-Аюушид холбогдох хэргийг анхан болон давж заалдах шатны шүүх хэлэлцээд, түүнийг гэм буруутайд тооцож, эрүүгийн ял оноосон билээ.
Тодруулбал, Нийслэлийн Соёл урлагийн газрын дарга асан Э.Цэнд-Аюуш нь Нийслэлийн Соёл урлагийн газрын Урлагийн хэлтсийн даргаар ажиллаж байхдаа П.Отгонбаатар, Э.Мөнхбаясгалан нар нь МҮОНРТ-ийн бэлтгэсэн контентыг өөрсдөө хийсэн мэтээр хуурамч бичиг, тайлан гаргаж, нийслэлийн төсөвт 108,9 сая төгрөгийн хохирол учруулсан гэх хэрэгт холбогдсон байдаг.
Улмаар анхан шатны шүүхээс шүүгдэгч Э.Цэнд-Аюушийн нийтийн албанд томилогдох эрхийг 2 жил 6 сарын хугацаагаар хасаж, 6,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 6,000,000 /зургаан сая/ төгрөгөөр торгох ял оноосон юм.
Харин дээрх хэрэгт холбогдсон нэр бүхий хүмүүс анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдсан ч тус шүүхээс анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээсэн байдаг. Гэсэн ч тэд анхан болон давж заалдах шатны шүүхийн шийтгэх тогтоол, магадлалыг эс зөвшөөрч, Улсын дээд шүүхэд хандаад байгаа аж. Тус хэргийг хяналтын шатны шүүх хурлаар хэлэлцэх эсэх нь одоогоор тодорхойгүй байгаа юм. Өөрөөр хэлбэл, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл, урлагийн газрын даргаар томилогдоод буй Э.Цэнд-Аюушийн нийтийн албанд томилогдох эрхийг 2.6 жилийн хугацаагаар хасаж, зургаан сая төгрөгөөр торгох ял оноогоод буй.
-ГУРВАН ӨДРИЙН АРГА ХЭМЖЭЭНИЙ ХООЛ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ЗАРДАЛД 370 САЯ ТӨГРӨГ ЗАРЦУУЛЖЭЭ-
Тэгвэл хоёр шатны шүүхээс ийнхүү ял сонссон Э.Цэнд-Аюуш нь өдгөө ч Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл, урлагийн газрын даргын албан үүргийг гүйцэтгэж байгаа бөгөөд саяхан болсон "Нүүдэлчин" дэлхийн соёлын фестивалийг "мөнгө хаяж" зохион байгуулж, магадгүй төсвийн мөнгийг үр ашиггүй зарцуулсан байж магадгүй байна.
Тухайлбал,
- "Нүүдэлчин" дэлхийн соёлын фестивалийн тохижилтын зардалд 348.1 сая төгрөг
- Хоол, үйлчилгээний зардалд 370 сая төгрөг
- Маркетинг сурталчилгаа контент бүтээх зардалд 234 сая төгрөг
- Тайз нээлт, хаалтын тоглолт тайзны зардалд 223 сая төгрөг
- Угтах хэсгийн дааман хаалгын зардалд 25 сая төгрөг
- НОМАНДС сэтгүүл хэвлэлтийн зардалд 21 сая төгрөг
- Гадаад оролцогсдын байршуулах үйлчилгээний урьдчилгаа 10 сая төгрөг
- Уран бүтээлчдийн асар майхан түрээс 19.8 сая төгрөг
- Тулга түрээсийн зардалд 5 сая төгрөг зэргээр зарцуулсан байна.
Үүгээр зогсохгүй өнгөрсөн долоо хоногт "Соёл, урлагийн ажилтны өдөр"-ийг тэмдэглэн ажлын өдрүүдэд спорт тэмцээн, уралдаан зохион байгуулж, салхинд гарч "найрласан" гэх мэдээлэл ч байна.