М.Ванчиндорж: Английн хатан хааны тэрэгнээс санаа авч бүтээсэн, Монголд ганц байгаа сүйх тэргээрээ хоёр сарын дотор 16 хуриманд явсан

М.Ванчиндорж: Английн хатан хааны тэрэгнээс санаа авч бүтээсэн, Монголд ганц байгаа сүйх тэргээрээ хоёр сарын дотор 16 хуриманд явсан

Цахим орчинд цагаан сүйх тэрэгний бичлэг нэлээд их явсныг та бүхэн харсан байх. Уг сүйх тэргийг М.Ванчиндорж гэх залуу өөрөө өнгө, загварыг нь гарган бүтээсэн байна. Түүний хувьд цэрэгт байхдаа энэ санаагаа бодож олсон бөгөөд 10-аад жилийн дараа ийнхүү мөрөөдлөө бодит болгон, уг сүйх тэргээ Английн хатан хааны сүйх тэрэгнээс санаа авч бүтээжээ.

ВИДЕО:

М.Ванчиндорж эхнэр гурван хүүхдийн хамт амьдардаг. 2016 онд цэрэгт байх үедээ сүйх тэрэг хийх санаагаа бодож олжээ. Улмаар 10-аад жилийн дараа ийнхүү олон жил бодож явсан зүйлээ бодит болгохоор зориглосон байна. Тэрбээр хамгийн түрүүнд өнгө, загвараа Английн хатан хааны сүйх тэрэгнээс санаа авч, гаргаад БНХАУ-д энэ төрлийн техник угсардаг үйлдвэр дээр нь очиж танилцжээ. Ийнхүү тэр гүнжийнх мэт цагаан сүйх тэргээ тэнд бүтээлгэсэн аж. Монголд өнгөрсөн зуны долдугаар сард оруулж ирсэн бөгөөд хоёрхон сарын хугацаанд багагүй олонд танигдаад амжиж.

Сүйх тэрэгний хөдөлгүүрийн хувьд мопедтой ижил. Батарейгээр явна, цэнэглэнэ. Дээд хурд нь 20 км/цаг байх бөгөөд нэг цэнэглэлтээрээ 30 км явдаг.

М.Ванчиндорж цаашид батарейг нь солихоор зорьж буй бөгөөд ингэсэн тохиолдолд хүч нь, явах зай нь илүү их болж, гэр хороололд ч явах боломж бүрдэнэ хэмээн бидэнд ярьсан юм.

Мөн энэхүү сүйх тэргэнд хааз, тормоз, гэрлэн дохио, аваарын дохио, сигнал гэх мэтчилэн машинд юу байдаг тэр бүгд л байх аж.

Түүнчлэн гудамжаар зөрж өнгөрсөн бараг хүн бүр зургийг нь дарж, зургаа нэг авахулахыг хүсдэг гэнэ.

Мөн зам тээврийн хөдөлгөөнд оролцох үед нь түрэгний тэрэг, цагдаагийн машин шиг л хүмүүс зам тавьж өгч, их найрсаг хандаж, “Ямар гоё юм бэ. Ийм гоё зүйлийг бүтээсэнд баярлалаа” гэх мэтээр дандаа сайн сайхан үг хэлдэг нь хамгийн сайхан байдаг гэв.

М.Ванчиндорж хоёр сарын дотор цагаан сүйх тэргээрээ нийт 16 хуриманд явжээ. Мөн болзоо, клипний зураг авалтад их орсон байна. Цаашдаа сүйх тэргээ илүү боловсронгуй болгож, хүч чадлыг нэмж, бүхий л хүнд үйлчлэхийг хүсэж байгаагаа бидэнд ярьсан юм.

Одоогоор ийм цагаан сүйх тэрэг Монголд нэг л бий. Тэр түүний энэхүү гоёмсог сүйх тэрэг. Хүмүүс дотор нь суугаад гоё мэдрэмж авч л байвал түүний хувьд тэр нь жаргал.

Өдөржингөө жолоодоод явсан ч хүмүүст байнга баяр баясал өгч байдаг болохоор үүндээ ч дуртай, хүмүүсийн хэлэх талархлын үгнээс урам авч, цаашдаа энэ сүйх тэргээрээ олон олон хүнд үйлчлэх хүсэл, зорилготой байгаа гэнэ.




Өнөөдөр бич өдөр

3 цагийн өмнө