SOS: Төмс ₮4500, Ургамлын тос ₮8500, Талх ₮1700 болж нэмэгдэн, Инфляц 16,1 хувь болон өсөж, 211 МЯНГАН ИРГЭН ЯДУУ болох нөхцөл бүрджээ

SOS: Төмс ₮4500, Ургамлын тос ₮8500, Талх ₮1700 болж нэмэгдэн, Инфляц 16,1 хувь болон өсөж, 211 МЯНГАН ИРГЭН ЯДУУ болох нөхцөл бүрджээ

Дэлхийн улс орнууд “инфляц бол бидний номер нэг дайсан, нэн тэргүүний том асуудал” гэж тэмцдэг. Гэтэл энэ долоо хоногт Үндэсний статистикийн хороо /ҮСХ/ “манай улсын инфляц 16,1 хувь болж нэмэгдэж, өмнөх үеэс 1,5 хувиар өссөн” талаар мэдэгдлээ.  

Харин үүнд хариу арга хэмжээ авна хэмээн УИХ, Засгийн газар, Монголбанкны удирдлагуудаас нэг нь ч дуугарсангүй долоо хоног өнгөрч байна. Учир нь өнгөрсөн жил 13,4 хувийн инфляцтай байсан ба энэ жилийн эцэст инфляц 15 орчим хувь байна гэсэн таамгийг Монголбанк хийгээд байсан юм. Гэтэл хагас жилийн байдлаар инфляц 16,1 хувь  болж өсжээ.

-ӨРГӨН ХЭРЭГЛЭЭНИЙ БАРААНЫ ҮНЭ 40-200 ДАХИН НЭМЭГДСЭН ЭНЭ ҮЕД ИНФЛЯЦ 16,1 ХУВИАС ӨНДӨР БАЙЖ МАГАДГҮЙ-

Хамгийн ноцтой нь инфляц 16,1 хувиас ч өндөр өссөн байж магадгүй. Учир нь инфляц гэдэг бол барааны үнийн өсөлт бөгөөд өргөн хэрэглээний зарим барааны үнэ 40-200 хувиар өсчихсөн байхад ҮСХ энэ тоог дарж мэдээлсэн байхыг үгүйсгэхгүй. Тодруулбал, инфляцыг тооцохдоо Монгол өрхийн голчилж хэрэглэдэг 373 бүтээгдэхүүний дундаж үнийн өсөлтөөр тооцдог. Гэтэл эдгээр бүтээгдэхүүн дотор 40-200 хувиар өссөн бүтээгдэхүүн ч байгаа юм.

Тухайлбал, Дизелийн түлш 2277 төгрөгөөс 4030 төгрөг, 1 килограмм лууван 1680 төгрөгөөс 4560 төгрөг, 1 килограмм төмс 980 төгрөгөөс 4500 орчим төгрөг, 1 литр ургамлын тос 4400 төгрөгөөс 8500 төгрөг, Атар талх 1200 төгрөгөөс 1700 төгрөг болж тус тус нэмэгдээд байна. Энэ бүхнээс харахад инфляц 16,1 хувь яавч өсөөгүй, үүнээс ч их хувиар өссөн байх магадлалтай.

Гэхдээ инфляцын 16,1 хувийн өсөлт гэдэг бол асар өндөр тоо. Харамсалтай нь, үүнийг эсрэг хууль тогтоож, бодлого гаргах ёстой УИХ, Засгийн газар, Монголбанк ганц үг ган хийхгүй, энэ цаг үед амарч, зугаалж явж магадгүй байна.  

Хамгийн ноцтой нь, “Өрхийн орлого өсөхгүй байгаа үед өрхийн хэрэглээний зардал 15 хувиар өсвөл 211 мянган хүн ядуу болно” гэсэн тооцоог ҮСХ-ноос гарсан байдаг. Товчхондоо, Монголд 200 гаруй мянган иргэн хувцас, хоол, орон байрны зардал зэрэг амьдралынхаа наад захын хэрэглээг хангаж чадахгүй, ядуу болох эрсдэлтэй нүүр тулчихсан явна гэсэн үг. Цаашлаад, ирэх жил инфляц дахин хоёр оронтой тоогоор хэмжигдэж магадгүй гэдгийг Олон улсын валютын сан /ОУВС/-аас анхааруулаад байна.

-ӨРГӨН ХЭРЭГЛЭЭНИЙ БАРААНЫ 200 НЬ ИМПОРТООР ОРЖ ИРДЭГ МАНАЙ УЛСЫН УЛС ТӨРЧИД ЭНЭ ХҮНД ҮЕД ХУВИЙН СҮСЭГ БИШРЭЛЭЭ ХОЙШ ТАВИХ НЬ ЧУХАЛ-

Харин инфляц өсөхөд дотоод, гадаад олон шалтгаан бий. Тухайлбал, коронавирусээс үүдэлтэй дэлхий даяар тээвэр, бүтээгдэхүүний үнэ өссөн. Нөгөө талаар Оросын Украинд өдүүлсэн дайн нь эдийн засагт толгойны өвчин болоод байна.

Наад захын жишээ дурдахад, манай улсын өргөн хэрэглээний сагсан дахь 373 бүтээгдэхүүний 200 нь импортынх гэдэг. Цаашлаад дотоодын бараа бүтээгдэхүүнүүд мөн адил импортын орцтой гэдэг.

Энэ бүхэн нь хил, гаалиас нэн тэргүүнд шалтгаална. Товчхондоо, коронавирус гэж шалтгаалаад л БНХАУ хилээ хаагаад байвал, тэр хирээр нь манай улсад бараа бүтээгдэхүүний үнэ өсөөд байхыг үгүйсгэхгүй. Иймд наад зах нь манай зарим улс төрчид олон улсад төвийг сахисан бодлого барьж, хувийн сүсэг бишрэлээ ч хойш тавих шаардлагатай болоод байна.

Тухайлбал, Өдрийн сонины долдугаар сарын 21 /2022.07.21/-ны дугаарт эдийн засагч Г.Батзориг, “УИХ-ын дарга Г.Занданшатарыг Далай ламд мөргөсний дараа хил хаагдсан, экс Ерөнхийлөгчийг телевизээр Далай ламыг ярингуут Эрээн хаагдсан. Хятадын дотоод асуудал маш эмзэг тусаж байгаа өнцгүүд шүү дээ. Энэ шалтгаанаа ил хэлэхгүйгээр ковидоор шалтаглаад хилийн хориг тавих нь урд хөршийн хувьд асуудал биш. Худалдааны асуудалд шашин гэх мэт шалтгаанаар алдаа гаргамааргүй байгаа юм” хэмээн өгүүлжээ. 

Энэ мэтээр УИХ, Засгийн газрын гишүүд инфляцийг нэмэгдүүлж байгаа дотоод, гадаад хүчин зүйлтэй тэмцэж, эдийн засгийн оновчтой бодлогоо яаралтай гаргахгүй бол, “зээлийг нь төлүүллээ” хэмээн хөөрцөглөөд байгаа Хөгжлийн банкны асуудал чинь “нэг мянга” дахь асуудал болоод байна.