ОХУ, Украины нөхцөл байдлаас шалтгаалж манай улсад олон улсаас ирэх шахалт өдрөөс өдөрт нэмэгдэж байгаа гэдэг. Тухайлбал, барууны орнуудын зүгээс ОХУ-ын эсрэг явуулж буй олон улсын шахалтад нэгдэхийг шууд бусаар уриалж эхэлсэн байдаг. Тухайлбал, Польш, Японы гадаад хэргийн сайд нар айлчилж НҮБ дээр ОХУ-ын эсрэг санал өгөхийг уриалсан.
Учир нь НҮБ-ын Ерөнхий ассамблейн чуулганд Украины энгийн иргэн, иргэний байгууламжуудыг хамгаалах, дайны галыг даруй зогсоохыг уриалсан тогтоол батлах эсэх асуудлаар санал хураалт явуулахад Монгол Улс “түдгэлзсэн” байр суурийг илэрхийлсэн.
Иймд барууны улс орнууд манай улсыг байр сууриа тодорхой болгож, ОХУ-ын эсрэг НҮБ-ын тогтоолыг “дэмжсэн” санал өгөхийг уриалж байгаа бол, манай хоёр хөрш /Орос, Хятад/ тэргүүтэй зарим орнууд НҮБ дээр “эсэргүүцсэн” байр суурь илэрхийлэхийг анхааруулж байж болзошгүй байгаа юм. Ингэхдээ олон жилийн хөрш гэдгээ байнга сануулж байхыг ч үгүйсгэхгүй.
Харин Монгол улс нь гадаад бодлогын хувьд төвийг сахисан харилцааг эрхэмлэдэг бөгөөд энэ бодлогоо хэрэгжүүлсээр байгаа.
Тэгвэл ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин ирэх долдугаар сар /2022.07/-ын дундуур Монголд ирж магадгүй байгаа аж. Энэ талаар эх сурвалжууд, "түүний айлчлалыг нууцын түвшинд байлгаж байж магадгүй" гэв. Мөн Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг энэ сарын 02 /2022.06.02/ -ны өдөр ОХУ-ын Гадаад хэргийн сайд С.В.Лавровтай утсаар ярихдаа, "хоёр улсын харилцаа, хамтын ажиллагаа иж бүрэн стратегийн түншлэлийн түвшинд хөгжиж байгааг тэмдэглэж, харилцаанд тулгамдаж буй зарим асуудлаар, тухайлбал ойрын үед хэрэгжүүлэх айчлал, арга хэмжээ, худалдаа, эдийн засгийн асуудлуудаар санал солилцсон" талаар мана ГХЯ-наас мэдээлсэн билээ.