Боловсролын ерөнхий газраас өнөөдөр /2025.09.10/ ерөнхий боловсролын сургуулийн сурах бичгийн хүртээмж, багшийн хомсдолын талаар мэдээлэл хийлээ.
Боловсролын ерөнхий газрыг дарга Т.Ням-Очир “2025-2026 оны хичээлийн жилд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар нийт 1.8 сая сурах бичгийг 1-5 дугаар ангийнханд хэвлэж өгнө. Мөн шалгарсан байгууллагууд гэрээнд тусгагдсан хугацаанд хэвлэж, түгээх ажлыг зохион байгуулсан. Хоёрдугаар ангийн сурах бичгийг есдүгээр сарын 1-ний өдрөөс өмнө нийслэл болон аймгуудад хүлээлгэн өгсөн. Харин нэгдүгээр ангийн бэлтгэл хөтөлбөрийг өнгөрсөн долоо хоногт сургуулиудад хүргэж өгөх ажил зохион байгууллаа. Бэлтгэл хөтөлбөрөөс өөр сурах бичгүүдийг энэ долоо хоногт сургуулиудад хүргэх ажлыг зохион байгуулна. Дунд, ахлах ангийнхан сургуулийн номын сан болон түрээслэх журмаар сурах бичгийг ашиглах боломжтой. Өнөөдрийн байдлаар нийгэмд цөөн тооны сурах бичиг хэвлэгдэн гарч хүүхдүүдийн дунд сугалаагаар сурах бичиг тараагдаж байна гэх худал яриа гарчээ. Нэг үгээр, сугалаанд хамрагдаж чадаагүй асрамж халамжид байдаг хүүхэд сурах бичиг худалдан авах нөхцөл байдал үүсэх эрсдэлтэй. Нөгөөтэйгүүр бүтэн өнчин хүүхэд сугалаанаас үлдэж сурах бичгийг худалдан авах нөхцөл байдал үүснэ. Ийм учир сурах бичигт сугалаа байж болохгүй. Сургуулиуд хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд, хөгжлийн бэрхшээлтэй иргэний хүүхэд, бүтэн болон хагас өнчин хүүхэд, гэр оронгүй, амьжиргааны түшингээс доогуур орлоготой өрхийн хүүхдүүдийг бүрэн тодорхойлж сурах бичгийг номын сангаар дамжуулж олгох ажлыг хэрэгжүүлнэ. 2025 онд нийт 54,400 багц сурах бичгийг хэвлэж байна. Үүнээс гадна өнөөдрийн байдлаар 350 мянган багц сурах бичиг сургуулиудад бэлэн байна. Энэ жил хувь сурах бичиг шинэчлэгдээгүй, хуучин хөтөлбөрөөр явагдах болохоор нөхөн хангалтыг хийсэн. 2025 оны зургадугаар сард Боловсролын сайдын тушаалаар 2026-2027 онд бага боловсролын хөтөлбөрийг бүрэн шинэчилнэ. Үүнээс гадна сурах бичгийг мэргэжлийн түгээлтийн компани дунд тендер зарлаж Монгол Улсын 330 сумын 880 сургуулийн номын санч болон няравт хүлээлгэн өгдөг зохицуулалтай явагдаж байсан. Харин энэ жилийн хувьд төсөв санхүүгийн нөхцөл байдлаас хамаарч түгээлтийн тендер цуцлагдсан. Ийм учраас 21 аймгийн боловсролын газар болон нийслэлийн боловсролын хэлтсээр дамжуулан хийсэн. Одоо ч гэсэн зарим ангийн сурах бичиг 2-3 хоногийн хугацаатай араас нь гарсан. Тухайлбал, сургуулиудад Даваа гаригаас эхэлж сурах бичиг хүргэгдэж эхэлсэн. Сургуулиуд боловсролын газраар дамжуулж өөрсдөө ирж сурах бичгээ хүлээн авч байгаа” гэв.