Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг МАН-ын хуучин дарга М.Энхболд, Сү.Батболд нартай хамт Хятадад болсон Чөлөөлөх дайны ялалтын 80 жилийн ойн арга хэмжээнд оролцохтой зэрэгцэн тус намын гишүүд мэдээлэл хийж, "Намын Их хурлыг яаралтай хуралдуул" хэмээн шаардав.
-ЕРӨНХИЙЛӨГЧ М.ЭНХБОЛД, СҮ.БАТБОЛД НАРТАЙ ХЯТАДАД УУЛЗАХДАА БАГА, ИХ ХУРЛЫН ҮР ДҮНГ "ЗУРЧХААД" ИРСЭН ҮҮ-
Хэвлэлийн бага хурал хийсэн МАН-ын гишүүд нь Ерөнхий сайд Г.Занданшатар, ерөнхий нарийн бичгийн дарга Я.Содбаатар нартай ойр ажилладаг гэдгийг мэдээлэлтэй бүх хүн мэднэ. Тэгэхээр тэднийг аль талаас шахаж мэдээлэл хийлгэсэн нь тодорхой байгаа юм. Өнгөрсөн долоо хоногт хийсэн тэдний хэвлэлийн бага хурал нь Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Г.Занданшатар, Я.Содбаатар нар намын Бага, Их хурлаа хуралдуулж, даргын асуудлаа яаралтай нэг талд шийдэхээр хөдөлж эхэлсний жишээ. Харин нөгөө талд МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнэ хурлаа хийхгүй гэдийж байгаа нь Увсын С.Анхбаярын хэлсэн "МАН 300 мянга гаруй гишүүнтэй эрх барьж буй улстөрийн нам. Энэ улстөрийн хүчин хэн нэгэн дарга нь гомдсон болов уу, гомдол нь гарсан болов уу, одоо тайвширсан болов уу гэдгийг хүлээж улстөрийн шийдэлдээ цаг алдмааргүй байгааг намын жирийн гишүүд хэлж байна" гэсэн үгнээс тод харагдаж байгаа юм.
Ямартай ч дээрх шахалтын дагуу ойрын хугацаанд МАН Удирдах зөвлөл, Бага хурлаа зарлах нь.
Улс төрийн хүрээнд эхлээд АН-ыг дүрэм, даргын асуудлаа шийдчих араас нь МАН-айх хөдөлнө гэсэн тохироо ч явсан гэдэг. Харин Ерөнхийлөгч Хятадад ажиллахдаа Сү.Батболд, М.Энхболд нартай уулзсан нь бодитой бөгөөд тэд Бага хурал, Их хурлын үр дүнг тооцчихоод ирсэн гэх мэдээлэл байна. Өөрөөр хэлбэл, Ерөнхийлөгч МАН дахь М.Энхболд, Сү.Батболдын гэх том фракциудыг өөртөө нэгтгэж байгаад Л.Оюун-Эрдэнийн МАН-ын даргаас чөлөөлөх нь.
Эх сурвалжийн мэдээлж буйгаар Л.Оюун-Эрдэнэ наадмын дараа Монголд ирж, Д.Амарбаясгалантай хамт Цэнхэрийн халуун рашаанд 20 гаруй гишүүнтэй уулзалтыг зохион байгуулсан. Энэ уулзалтын дараа үргэлжлүүлэн МАН-ын Бага хурлын гишүүдийг хайрцаглаж ажилласан гэх. Харин түүний эсрэг зохион байгуулалтыг Ерөнхийлөгч сая Хятадад хийгээд ирсэн нь энэ аж.
-НАМЗХ-НЫ ОЙН ХҮЛЭЭН АВАЛТЫН ҮЕЭР ЕРӨНХИЙЛӨГЧ У.ХҮРЭЛСҮХ "Л.ОЮУН-ЭРДЭНЭ БОЛ МОНГОЛЫН ЭРХ АШГИЙН ЭСРЭГ АЖИЛЛАДАГ Х.БАТТУЛГАТАЙ НИЙЛСЭН" ХЭМЭЭН НЭЭЛТТЭЙ ЯРЬЖЭЭ-
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Ерөнхий сайд Г.Занданшатар нар саяхан НАМЗХ-ны ойд зориулж тус холбооны үе, үеийн гишүүдийг Их тэнгэрт хүлээн авсан бөгөөд энэ үеэр "Л.Оюун-Эрдэнэ улс орны эрх ашгийн эсрэг ажилладаг Х.Баттулгатай нийлж ажилласан. Х.Баттулга Монголын, манай намын эзэн болсон байсан учир би Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрыг огцруулахыг дэмжиж ажилласан. Л.Оюун-Эрдэнэд Х.Баттулгын асуудлаар олон удаа сануулсан ч хүлээж аваагүй" гэж нээлттэй хэлжээ.
Тэгэхээр одоо МАН дахь улс төр Г..Занданшатарт МАН-ыг авч өгөх процессоор үргэлжилнэ. Харин Л.Оюун-Эрдэнэ Д.Амарбаясгалангаа намын даргад шахаж байгаа ч Д.Амарбаясгалан ялагдах нь тодорхой тулаанд орж эрсдэлд орохгүй болов уу гэсэн хүлээлт улс төрийн хүрээнд байна. Түүний хувьд эцсийн мөчид тохироод УИХ-ын даргаараа үлдэх нь чухал байгаа. Мөн тэрбээр Г.Занданшатартай уулзан одоо өрсөлдөхгүйгээр унаад өгье, 2027 онд Ерөнхийлөгчид дэмжинэ харин тэр үед намаа би авъя гэсэн агуулгаар ярьжээ. Харин Г.Занданшатарын зүгээс энэ талаар ярихад эрт байна гэж хэлээд хүлээж аваагүй гэх. Ийнхүү МАН битүүхэндээ ширүүн уур амьсгалтай байгаа бөгөөд удахгүй Бага хурал, Их хурлаа хуралдуулах нь.