Өнгөрсөн сарын 27-ны өдрийн /2022.04.27/ Засгийн газрын хуралдаанаар Зам тээврийн хөгжлийн яамнаас Улаанбаатар-Дархан чиглэлийн замын ажлын явцын талаар танилцуулж бүтээн байгуулалтын удаашралтай хэсэгт ЗХЖШ-ыг хүч нэмэгдүүлэн ажиллуулах чиглэлийг өгсөн. Мөн Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн зүгээс Дарханы замын ажлын бүтээн байгуулалтыг хариуцаж, ашиглалтад оруулах үүргийг Зам тээврийн хөгжлийн дэд сайд Ж.Бат-Эрдэнэд даалгасан юм.
Энэ дагуу тэрбээр Дарханы зам дээр ажиллаад ирсэн байна. Тиймээс бид тус замын барилгын ажлын явц ямар байгаа талаар түүнээс тодрууллаа.
-Дарханы замын ажлын явцын талаар та бидэнд мэдээлэл өгнө үү. Эцсийн байдлаар хэзээ бүрэн дуусгаж, ашиглалтад өгөх вэ?
-Ирэх намар бүрэн дуусгана гэсэн төлөвлөгөөтэй байна. Улаанбаатар-Дарханы зам дээр оролцоотой бүгдийг оролцуулж ажиллаж байгаа. Одоо 90 км түр зам бий. Энэ замын арчлалт, хамгаалалт, засвар үйлчилгээтэй холбоотой асуудал хурцадмал байгаа. Учир нь түр замаар зорчиж буй иргэд бухимдалтай байна. Тиймээс түр замдаа түр ч болов анхаарал хандуулж
Тээврийн цагдаагийн алба, Зам тээврийн яамны холбогдох ажилтнууд үзлэг шалгалт хийгээд эргүүл, хамгаалалт зохицуулалтыг хийгээд явж байна. Түр замын асуудлыг шийдэхдээ тухайн гүйцэтгэгчид нь даалгаад өнгөрдөг жишиг байсан. Харин Дарханы замын хувьд ганц гүйцэтгэгчид асуудлыг даалгах нь учир дутагдалтай гэж үзэж байна. Учир нь хөдөлгөөний эрчимжилт их байгаа. Тиймээс бид өнөөдөр өглөө Олон улсын байгууллага, санхүүжүүлэгч байгууллага болох Азийн хөгжлийн банк зэрэгтэй цахим уулзалтыг хийсэн. Ялангуяа аюулгүй байдал алдагдах эрсдэлтэй, хүмүүсийн ая тухтай зорчих нөхцөл алдагдаад байгаа, байгаль орчинд учруулж болзошгүй хор хохирлыг тооцох шаардлагатай байгаа учраас дэмжлэг үзүүлээч гэсэн. Ерөнхий зарчмын хувьд ойлголцсон бодож байна. Өнөөдрөөс хүсэлт болон тооцоо судалгаа тэр байгууллагуудад хүргэгдэнэ. Ойрын хугацаанд энэ асуудлаа шийдчихвэл дээр дурдсан бүх хүндрэлийг шийдэж чадна.
Дээрхээс гадна бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх зорилго байна. Энэ хүрээнд бүх гүйцэтгэгч компаниудтай уулзалт хийсэн. Хуваариа тохирсон. 14-30 хоногийн хоцрогдол бий. Өнөөдөр эцсийн байдлаар аж, ахуй нэгжүүд маань “Хоцрогдол арилгах төлөвлөгөө”-өө өгнө. Бид нар 11 сар хүртэлх ерөнхий том төлөвлөгөөгөө боловсруулсан. 7 сарын 1-н гэхэд хоцрогдлоо нөхөж чадах юм бол түүнэс хойш хуучин батлагдсан төлөвлөгөөгөөр ажлаа явуулна.
Зарим хэсгүүдэд ажил гүйцэтгэх гэрээг хийгээгүй байсан. Энэ гэрээг өнөөдрөөс байгуулах шатандаа явж байна. Тиймээс Их хурлаас томилогдсон ажлын хэсэг зэрэг бүх байгууллагууд хамтарч ажиллах чиглэлээ барьж ажиллаж байгаа юм.
-Дарханы замын барилгын ажил гурван жилийн хугацаанд гацсан шалтгаан нь хамгийн бага үнийн санал хэлсэн компаниас авлигал авч тендерт шалгаруулсантай холбоотой. Гэтэл тэр компани нь ажлаа хийгээгүй. Энэ компанид ямар хариуцлага тооцох гэж байгаа юм бэ?
-Ирэх долоо хоногт Зам тээврийн яамнаас Авлигатай тэмцэх газарт хандаж тус компанийг шалгуулах хүсэлтээ өгнө. Тендерийн хуулиараа хамгийн бага үнийн санал хэлснийг нь тодруулсан ч нөгөөдүүл нь түүгээр ажил хийхгүй асуудал гарсан.
-Санхүүжилтийн хувьд асуудал бий юу?
-Хөрөнгө, санхүүжилтийн хувьд ямар ч асуудалгүй. Яахав, ковидын өмнөх бараа материалын үнийн тооцооллоор одоо ажиллахад хүндрэл байна. Бүх бараа материалын үнэ өссөн байна шүү дээ.
-Мэдээлэл өгсөнд баярлалаа.